sonin.mn
Дэлхийд данстай эрдэмтэн зохист хандлагын илэрхийлэл байдаг гэдэг үнэн болов уу. Бидний яриа танилцахаас эхэлсэн ба түүхч эрдэмтэн Ц.Ишдорж тэмдэглэл хөтөлдөг бололтой бидний яриаг хянан, зарим зүйлийг тодруулан бичиж байх шиг санагдсан.
 
 
Ш.Бира хэмээх буурал эрдэмтэн, хүндэт эрхэм маань Тэнгэризмийн хурал зохион байгуулж ирснээ болон энэ мэт судалгааны хандлага чиглэл дөхүү хүмүүс уулзан ярилцаж байх тухайд, түүнчлэн "Тэнгэризмийн үзлийн нийгэмлэг" байгуулах тухайд ч асуудлыг гарган тавьж дэвшүүлж байлаа.
 
 
Өчүүхэн миний бие Орчин үеийн шинжлэх ухааны хөтөч онол буюу Мета-онол, аргазүйн судалгааны үр дүн Монгол гэрийн неопарадигм загвараар төсөөлөгдөн буусан зэргийг үзүүлэн, харуулан өчсөнөөс гадна ер бидний судалгааны хүрэх цэг нэг /Синергетикийн шинжлэх ухааны хувьд/ гэдэг дээр харилцан санал нэгдлээ...
 
 
Николай Рерихийн тухайд хийгээд өөрийн "Монголын тэнгэрийн үзэл" номоо өмнө сануулсан их эрдэмтэн маань нэг талаас аав, хүү Рерих нарыг хүндэтгэн судалгаа шинжилгээний нэгэн хөтөч чиглэл болгон яваа өөрийн хүн чанар, дотоод мөн чанараа санамсаргүй "тайлагнасан" төдийгүй судлаач Насанжаргалын Энхтөр намайг зөн билигчлэн /Intuition/ ойлгосон хэрэг мэт санагдана.
 
 
Академич Ш.Бирагийн Тэнгэризмийн үзлийнх нь тухайд зарим хэвлэл дэх өгүүлэл, Америкийн Элчин сайдын яамнаа сонирхуулсан видео лекц сэлтийг цухас сонирхож явсан дорд судлаач миний бие энд дурдагдсан бүтээлийг гараас нь хүндэтгэлтэйгээр хүлээн авч, уншин халиах завшаан гарч, үг хэлний цэгцэрсэн шинж, сул доль шаар үгүйг анзаарахын чацуу насан турш энэ хөдөлмөрт зүтгэхдээ, гадаадын олон судлаач эрдэмтэдтэй холбогдон, номын цагаан буянаа түгээж ирснийг давхар бахдал болгон үнэхээр том хүн гэдгийг бишрэн хүлээн авснаа ташрамд тэмдэглэхийг хүссэнээ ийн цухас өчсү...
 
 
Залуу цагтаа Шагдарын Бира хэмээх эл эрхэм нэрт эрдэмтэн Юрий Рерихт шавилан, эрдэм ном олсноо ихэд бэлгэшээн явдаг ба сүүлийн жилүүдэд багшийнхаа эцэг Николай Рерихийн тухайд судалгааг анхаарч дэмжиж буй.
 
 
Н.Рерих бол дэлхийн хэмжээний том зураач, эрдэмтэн гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн хүн төдийгүй Альберт Эйнштейн, Луй Аргон, Р.Таагүүр зэрэг суутнуудтай хамтарч ажиллаж байсан, Нийгмийн энх амгалангийн хөдөлгөөнд оролцдог хүн байжээ.
 
 
1930-аад онд Н.Рерихийг Нобелийн шагналд нэр дэвшүүлж байжээ. Түүний санаачилсан "Энх амгалангийн гэрээ" нь дайны үед шинжлэх ухаан, шашин, урлагийн түүхт дурсгалт зүйлүүдийг эвдэж, сүйтгэж болохгүй гэсэн санааг 40 гаруй оронд хүлээн зөвшөөрүүлсэн ач гавьяатайд тооцогддог.
 
 
"Энх амгалангийн тугийг" монголын неолитийн үеийн чулуун дээр сийлсэн гурван онгин тамганаас санаа авч, Н.Рерих гурван цагариг хэлбэртэйгээр шашин, урлаг, соёлыг төлөөлүүлэн санаачилсан. Онгин гэдэг маань дугуй, цагариг гэсэн утгатай үг. Монголчууд эртнээс тэнгэр эцэг, газар эх гэж ярьдаг байсан нь энэ тамганд хүмүүн, тэнгэр, газрыг бэлгэдсэнээр туссан ажээ...
 
 
Дээрх мэдээллийг их гүүш Ш.Бира нэгэн ярилцлагадаа өгүүлсэн ба цаашид дурсахдаа: "...Бас нэг сонин юм бий. Хүмүүн, тэнгэр, газар гэж амьд ертөнцийн гурван их хүч байна шүү дээ. Үүнийг бас манай бөө мөргөлд сониноор дүрсэлсэн байдаг.
 
Үүнд:
 
"Хүмүүн тэнгэр газар гуравны Хүч сүлд буян хишгийг Хүрэн ирүүлж бидэн дор Хүслээр өгөн соёрх оо" /олонтаа ишилдэг-Ш.Б/ гэсэн гээд энэхүү бөөгийн галын дуудлагын гол мөн чанарыг "хүмүүн, тэнгэр, газар гурвын амин холбоо буюу шинжлэх ухааны томьёолол... " гэж үзсэн нь нэн сонирхолтой.
 
 
Монголын тэнгэрийн үзэл нь /Heavenism/ Чингисийн Эзэнт улсын үед илүү дэлгэрч хөгжсөн / зөвхөн илд зэвсгийн хар хүчинд дулдуйдсангүй-117 тал/ гээд баримтыг "Мөнх Тэнгэрийн хүчин-дор, хаганы суу заль ивээл-дур..." гэх зэргээр Монголын их хаадын албан ёсны баримт бичгүүдийн эхэнд тусгагдсаныг тэмдэглэжээ.
 
 
Гэхдээ эл эрдэмтэн /Ш.Бира/ энд авч үзэж буй үзлийн түүхэн өрнөлийн явцыг хэд хэдэн өгүүлэлдээ авч үзсэн ба энд Монголчуудын эл тэнгэрийн үзлийг Бөө мөргөлтэй холбон цаг хугацааг урагшлуулан үзсэн нэгэн тодорхой жишээг бид дээр дурьдсан билээ.
 
 
Түүнчлэн тухайн үеийн тэнгэризм бол, эдүгээгийн дэлхийчлэл /ялгаа буй гэсэн/ гэж үзжээ. Тухайлбал: "..Одоогийн дэлхийчлэл нь Монголын тэнгэрчлэлээс эрс ялгаатай, үндсэндээ тайван замаар явагдаж байгаа билээ.
 
 
Гэхдээ тэр нь хэтэрхий их материаллаг, прагматик шинжтэй, эд хөрөнгийн ашиг сонирхлыг урьдал болгоод оюуны болон зан суртахууны үнэт зүйлсийг төдий л үл анхааран орхигдуулж байгааг хэлэх хэрэгтэй.
 
 
Эдүгээгийн дэлхийчлэлийн үйл явц хүчтэй болох тусам дэлхийн өөр өөр соёл иргэншил, шашны өвөрмөц шинж байдал, түүхэн уламжлалаа хадгалах эрмэлзлэл, тэр ч бүү хэл эсэргүүцэл, тэмцэл ч ихсэх хандлага илт ажиглагдаж байна... " гээд "...Одоогийн дэлхийчлэлийн үзэл илүү их ул суурьтай, илүү их хүмүүнлэг бөгөөд боловсронгуй философийг шаардаж байгаа нь илт байна.
 
 
Дэлхий дээрх олон соёл, шашин, хэв заншил, уламжлалын ялгааг үл харгалзан хүн төрөлхтөн нийт даяараа хүлээн авч чадахуйц тийм нийтлэг бөгөөд түгээмэл дэлхийчлэлийн үзэл онолыг гаргана гэдэг тийм ч хялбархан зүйл биш болох нь тодорхой..." /"Монголын тэнгэрийн үзэл ба эдүгээгийн дэлхийчлэлийн үзэл", "Өнөөдөр" сонин, 2002 оны XI сарын 07; Уг номын 20-25 тал/ зэргээр өгүүлсэн нь судлаач бидний "Хүний нийгмийн орчин үеийн оновчтой төсөө загвар" /Үзэл баримтлал/, Гурван шулууны огтлолцол буюу гурамсан зангилааны зарчим / Аргачлал/, "Монгол гэрийн гэрийн аналоги төсөө бүтээх арга буюу орчин үеийн бичиг зохиолын онолын байгууламж" /Суурь код/ болон Философи-танин мэдэхүйн хөтөч онолын тайлал /Мета-Шинжлэхүйн түлхүүр тайлал/ хэмээх Неопарадигм хандлагыг зөн билигчлэн өгүүлсэн шинж байна.
 
 
Ташрамд тэмдэглэхэд, Мета-онолын үр дүн гэдэг нь Судлагч багш, оюутан суралцагч болон судлагдахууны хувьд интеграл өгүүлэмжийн амьд харилцаан дунд буюу аргазүйн асуудалд шууд холбоотойн дээр макро, микро бүхий л хүрээнд цогц байдлаар хэрэгжих онолын цэгцрэлийн оюун санаан дахь феномен болж бууж ирэхийг хэлдэг байна.
 
 
Энэ утгаар нь "Оюун санааны гурван мэлмийт онол" /"Мета-Тhеогу is a Theory of Three Eyes of Spirit" from Wikipe-dia/ хэмээн голлох тодорхойлолтыг бид монгол хэлнээ оноон орчуулаад байна...
 
 
"Монголын тэнгэрийн үзэл" хэмээх уг бүтээлд: "...Хятадын үзэл баримтлал ёсоор бол "Тэнгэрийн доорх бүхэн нь" зөвхөн Хятад орныг бүхэлд нь хэлдэг байсан аваас Монголын ойлголтоор бол тэр нь нийт дэлхий ертөнцийг бүхэлд нь хамруулдаг байжээ...
 
 
Хубилай хаан өөрийн эзэмшлийн Хятадын эдийн засаг, техник, цэргийн асар их нөөц бололцоог ашиглан Бирм, Чампа, Индионезийн Ява, Япон алсын олон улс орны эсрэг өргөн аян дайныг зохион явуулж байсан нь үнэхээр монголчуудын хүсэл үйл ажиллагаа нь урьд өмнө нь байсан Хятадын ямар ч их хүчирхэг улс гүрний санаа бодолд нь ороогүй зүйл байсан ажээ" /мөн тэнд, 131 тал/ гэх буюу:
 
"Ийнхүү Монголын тэнгэрчлэх үзэл эцсийн бүлэгт жинхэнэ даяар ертөнцийн үзэл /Universalism/ -ийн тодорхой нэг илрэл нь байсан бөгөөд тэрхүү даяар ертөнцийн үзэл бол монголчуудын улс төрийн сэтгэлгээний ер бусын их ололт байсан гэж үзүүштэй.
 
 
Монголын тэнгэрчлэх бодлого улмаар Хятад хүмүүсийн газар зүйн орон зайн ойлголтыг үлэмж тэлж цаашдын бодлого үйл ажиллагаанд нь ч ихээхэн тус болсныг Хятадын хожуу-үеийн түүх харуулав.
 
 
Зөвхөн нэг баримт дурьдахад, дэлхийн анхны газрын зургууд Азид зохиогдон гарах болсон... " /мөн тэнд, 131 тал/ зэргээр үзсэн нь бидний Мета-онол, аргазүй хийгээд эхэнд дурдсан шинэхэн сэтгүүлд судалгааны үр дүнгийн хувьд ахисан шатанд гаргасан Позитив гэр онолын шинжлэх ухааны бодлогын газрын зураг гэхээр тайлал зураглалтай / Science Picture IV/ орон зай, цаг хугацааны зэрэг солбилцлоор давхцах байдал /онтологи хийгээд эпистемологийн прагматик гаргалгаа/ ажиглагдаж байна.
 
 
Бидний зүгээс энд басхүү нэмэн тэмдэглэхэд, эрх мэдлийн өрсөлдөөн нь оюун санааны хүч төвлөрөлд итгэсэн байдлаас үүдэлтэй болов уу. Учир нь аль ч Бөө мөргөл, Шашин, Ертөнцийг үзэх үзэл гэдэг "Диваажин ба Там" хэмээх ойлголтын гол илэрхийлэл болох Сүнстэй холбогдох мэт.
 
 
Өнгөрсөн зууны наяад онд сүнсний өндгөн хэлбэрийн бодит оюунлаг /масс бүхий/ хийгээд гэрлэн квантлаг шинжийг тодорхой тогтоосон гэдэг.  Дэлхий дээрх бүхий л юмс төдийгүй үзэгдлүүд ийм сүнсэн чанартай гэсэн үг.
 
 
Дээр өгүүлсэн там, диваажингийн ойлголт энд яаж холбогдох вэ? гэхлээр, энэ ертөнцөд зөвт сүнсэн төлөвт амьдарвал агаар мандлаас дээш гаран одож, диваажин буюу версаль торсион орон хүртэл суух ба харин сөрөг сүнсэн төлөв нь ингэж чадалгүй энэхүү зовлонт ертөнцөд /там/ тэнүүчлэн үлддэг гэнэ...
 
 
Энд олон талт үзлээр нэгэн онцгой феномен бол дээрээс ирэх өгөгдөхүүнт ариун сүнсний оноолт байж болзошгүй. Тэгэхлээр Монгол хаад тухайн үедээ ийм нэгэн Эрин цагийн мэдрэмж хийгээд оюуны төлөвт хандлагаар дээр ишилсэн тоот бичиг, зарлиг лугаа хандсан байх гэж бодогдсоныг нуух юун...
 
 
Энэ тухайд уг бүтээлд: "...Гүюг хааны бодлогыг мөн Мөнх хаан хэсэг үргэлжлүүлэн Тэнгэрийн үзлээ Христийн ертөнц дахины үзлийн эсрэг сөргөөн тавьж байсан нь /"сөргөөн бус байхаа" харин Христийн номлолоос суралцаж илүү өргөн хурээтэй хөгжүүлсэн байж магадгүй-Н.Э/ мөнхүү хаанаас Христийн шашныг идэвхтэй хамгаалан тэмцэгч байсан Францын хаан Луйд явуулж байсан захидлаас нь тодорхой байна.
 
 
Захидлын эхэнд: "Мөнх тэнгэрийн зарлиг. Тэнгэрт гагц Мөнхийн Бурхан, газарт гагц эзэн Чингис хан, Тэнгэрийн хөвгүүн..." хэмээн дурьдаад "Хэрвээ биднийг дагахыг хүсвээс элч нараа илгээж зохилдох, дайтах эсэхээ мэдэгдэгтүн! Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй газраас наран шингэхүй хүртэл бүх улс орон амаржин зохилдох цагт биднийг чухам юу хийхийг мэдтүгэй.
 
 
Хэрвээ Та нар Мөнх Тэнгэрийн зарлигт үл итгэн бидний улс орныг алс хол, уулс даваа өндөр, тэнгис далай өргөн их хэмээн сэтгэж бидний эсрэг цэргүүдээ довтолговоос юу хийхээ бид мэдтүгэй. Бэрх бөгөөс хялбар, хол бөгөөс ойр болгодог гагц Мөнх Тэнгэр мэдтүгэй..." /мөн тэнд 35-46; The Mongol Mission... p.202-204/ хэмээжээ.
 
 
Түүх бичлэгийн ухааны их эрдэмтэн Ш.Бира энд дурдсан бүтээл дэх нэгэн өгүүлэлдээ: "...Одоогийн улс төр судлалын ухаанд "Харизма" нь тухайн хувь хүний тэргүүлэх зан чанарыг илэрхийлдэг ба "харизма" үгүй хүн гарамгай удирдагч болж чаддаггүй хэмээн үздэг билээ.
 
 
Үүнтэй төстэй үзэл санааг монголын "суу зали" ч илэрхийлдэг болохыг тэмдэглүүштэй. Ташрамд тэмдэглэхэд, грек, латин гаралтай "харизма" /charisma/ гэдэг нэр томъёо угтаа "Бурханы хишиг", "Бурханы таалал" /"gift of god", "favor of god"/ хэмээсэн утгатай болох нь манай Тэнгэрийн хувь заяа буюу "Тэнгэрээс заяат" /"Монголын нууц товчоо" хэмээх бичгийн дурсгалаас ишлэсэн нь буй/ хэмээсэнтэй утга тун төстэй ухагдахуун мөн хэмээн үзүүштэй.
 
 
Гагц ялгаа нь Европынхон Бурханаа "God" /"Deus” хэмээн нэрлэж тэр нь тэнгэрт оршдог хэмээн үздэг бол монголууд "Тэнгэрийг" өөрийг нь бурханаа гэж үзэж Тэнгэрээс өөр эрхэм дээд Бурханыг мэддэггүй байжээ. Гэхдээ аль алины нь шүтлэгт Тэнгэр ач холбогдолтой байсан нь тодорхой.
 
 
Энэ учраас ч Христийн шашинтан тухайн үедээ Монголын "Тэнгэрийг" "Deus" /"God"/ хэмээн орчуулан ойлгож байсан нь ойлгомжтой. Ерөөс Монголын Тэнгэр /Tnggri/ бол нэгэн шүтээнт аливаа шашны дээд Эзэн буюу Бурхантай адилтган ойлгоход ихээхэн хялбархан хийсвэр ерөнхий ухагдахуун мөн байсан хэмээн хэлж болно.
 
 
Иймээс Тэнгэрийг тухайн үедээ хятадууд "Тян", христийнхэн "Deus" /"God”, лалынхан "Аллах", оросууд "Бог" хэмээн тус бүртээ ойлгож ... байсан" /уг номын 116 тал/ хэмээжээ. Түүнчлэн Түрэгүүдээс ялгаатай нь эртний монголчууд тэнгэр гэдэг үгээр гагц газар дээрх хийн мандал буюу огторгуйг /германаар Him-mel/ нэрлэж байсангүй, хийн мандал буюу огторгуйг тэд "Хөх" хэмээн ялган нэрлэж байсныг Н.Поппе нарын судлаачдаас ишлэн авч үзснийг басхүү дурьдалтай.
 
 
Бидний үзлээр /Н.Э/ англи хэлэнд "Talent" /авьяас/, "Genies" /суу билиг/, Gift for God /өгөгдөхүүнт/ гэсэн хүний оюун санааны хөгжлийг илэрхийлэх гурван өөр шатлалын "бүл үгс" байна. Зарим нэрт сэтгэгчдийн дүгнэснээр, "Монгол гэрийн аналоги төсөө бүтээх онол, тайлал" нь "Шинэ эринд шинжлэх ухааны замыг гэрэлтүүлэгч бурхан тэнгэрийн өгөгдөхүүн” /"Үнэн, зам, амь = түлхүүр”/ гэсэн нь бий.
 
 
Тэрчлэн "... Бэрх бөгөөс хялбар, хол бөгөөс ойр болгодог гагц Мөнх Тэнгэр мэдтүгэй..." /мөн тэнд; The Mongol Mission... p. 202-204/ хэмээсэн нь Универсал сэтгэхүйн хөгжил аль эрт цагт Өвөг дээдэст маань оршин байсныг үгүйсгэшгүй.
 
 
Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, хандлагыг эрдэмтэн судлаачид Эртний үе, Дундад эртний үе, Сэргэн мандалтын үе, Соён гэгээрүүлэх үе гэх зэргээр тодорхой үе шатанд төдийгүй ийнхүү Бөө мөргөлийн үе, Буддын шашны үе болон энд тухайлан Тэнгэризмийн үе зэргээр олон талаас нь судалж ирсний дотор уул ус, байгаль дэлхийгээ шүтэх практикийн тал давамгайлсан үйлдэл, ийм өвөрмөц нөхцөл байдал нь Монголчууд бидний Нүүдлийн соёл, иргэншлийн аж төрөх ёс, зан заншилтай холбоотой гэдэгтэй санал нэг байна.
 
 
Тэнгэризмийн үзэл хийгээд түүний тухайд түүхчилсэн нөр их хөдөлмөрийн талбар, Универсал ерөнхий хандлага зэрэг нь судлагдахууны хувьд эдүгээ цагт нэн тулгамдсан хийгээд Ертөнцийн оршин тогтнохуйн зүй тогтлын хувьд нэгэн сэдэвт тодруулга бүхий ач холбогдолтой.
 
 
Судлаач, доктор Н. Энхтөр