sonin.mn

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Микрофоны ард” нэвтрүүлэгт оролцож, цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө. Түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


-Улс төрийн нөхцөл байдал халуухан байна. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдахад та хамтарсан Засгийн газар буруу юм гэж хэлж байсан. Өнөөдөр яг таны хэлдгээр боллоо. Тэгэхээр энэ удаа ч бид С.Баярын Стандарт бус Засгийн газрын үйл ажиллагааг давтчихсан уу? 


-Өнгөрсөн жил Засгийн газар бүрэлдэхээс өмнө Ерөнхий сайд Оюун-Эрдэнэтэй уулзсан. Ерөнхийлөгч, Их хурлын дарга, намын удирдах бүрэлдэхүүнд ил захидал бичиж, түүнийгээ тайлбарлаж бас уулзаж байлаа. Хамтарсан Засгийн газар байж болно. Гэхдээ ямар нөхцөлд хамтардаг вэ гэхээр аль ч нам сонгуульд олонхын суудал авч чадаагүй бол хамтардаг. Тухайлбал, 2004 оны УИХ-ын сонгуульд аль ч нам олонхын суудал авч чадаагүй. Гэхдээ тэр үеийн МАХН хамгийн олон санал авсан учраас Хамтарсан Засгийн газар байгуулъя гэсэн. Цаг үе нь хүссэн ч, хүсээгүй ч хамтын Засгийн газар байгуулахаас өөр аргагүй байдалд орсон. Харин 2008 онд өөрийн тань хэлдгээр С.Баяр нам нь сонгуульд ялсан ч Стандарт бус нэртэй Засгийн газар байгуулсан. 


-Уг нь МАХН 45 суудал авсан шүү дээ?


-Тийм. Түүнээс хойш МАНАН гэдэг нэр томьёо гарч ирсэн. МАН, АН хоёр нийлээд МАНАН байгуулсан. Энэ бол айхтар муухай үзэгдэл юм. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ч МАНАН гэдэг үзэгдэл улс төр, эдийн засгийн хувьд ч хариуцлагагүй, ёс суртахуунгүй үзэгдэл байна. МАНАН-тай тэмцэнэ гэдгээ амлаад тэмцэж байна гээд нэлээн бужигнуулсан. 


Төв талбай дээр жагссан. МАНАН-гийн гол төлөөлөгчид болох зарим хүмүүсийг албан тушаалаас нь буулгаж чадсан. Ингээд хоёр талдаа бие биеийгээ хянаад тэнцвэртэй ажиллая гэж тохирсон. Гэтэл өнгөрсөн 2024 оны сонгуулийн дараа дахиад МАНАН үүсчихсэн.


Би уг нь тэр үед хэлсэн л дээ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд. “Өөрөө битгий буруугаар ойлгоорой. Н.Энхбаяр гэж хүн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний эсрэг юм биш шүү. Харин өөрийг чинь хайрлаад, төрийн ажлаа сайхан хийгээсэй, амжилттай байгаасай. Өөрийн чинь амжилт Монголын амжилт болоосой гэж бодож байна. Харин МАНАН байгуулж байгаа бол би үүнийг буруу гэж үзэж байна. Тэгэхээр байгуулахаас чинь өмнө хэлж байна. Хэлээгүй атлаа дараа нь янз янзын юм яриад байвал бас муухай” гэж хэлсэн. Уг нь тухайн үед миний үгийг их анхааралтай сонсож байсан. Гэхдээ харамсалтай нь Засгийн газраа байгуулахдаа АН, ХҮН намыг уриад хамтралыг сонгосон. Би тэгэхэд нь ч хэлж байсан юм. Муу ёрлож байгаа юм биш. Хамгийн эмзэг Засгийн газрыг өөрөө байгууллаа шүү гэсэн. Тэр үед өөрөө гайхаж байсан л даа. “Яагаад та тэгж бодож байгаа юм” гэж. Яагаад гэвэл сонгогчдын сонголтыг үгүй хийчихсэн юм. Сонгогчид МАН-д итгэж 68 суудал өгсөн. Ингээд дангаараа засагла гэсэн байна. АН-д 42 суудал өгөөд сөрөг хүчин болж, МАН-ыг хяна гэсэн байна. ХҮН нам болон бусад намуудад адилхан сөрөг хүчний үүрэг ногдсон байна. Тэгтэл дангаараа засаглахгүй гээд, нөгөөх нь сөрөг хүчин болохгүй гээд хамтарчихсан. Тэгэхээр хууль ёс, ёс суртахууны хувьд зөв зүйтэй байх ёстой зарчим зөрчигдөж байгаа юм. Ардчилсан орон бол сонгуулийнхаа үр дүнд Засгийн газраа байгуулдаг. Гэтэл сонгуулийн үр дүн хамаагүй.


Бид сонгууль болохоос өмнө буюу Үндсэн хуулийг өөрчилж байхдаа хамтарсан Засгийн газар байгуулъя гэж ярьж байсан гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбарласан байна лээ. 3-4 хүн хоорондоо ярьж байсныг ойлгож байна. Гэхдээ сонгуулийн үр дүн өөр гарчихсан байна шүү дээ.


Ард түмэн шийдвэр гаргачихсан. Тийм учраас дангаараа Засгийн газраа байгуулаад ачаагаа үүрээд явах нь зөв. Нөгөө тал нь сөрөг хүчнээ хийгээд, хянаад аливаа хууль бус зүйл гарвал таслан зогсоохын төлөө идэвхтэй ажиллах нь зөв. Уг нь би ингэж зөвлөсөн. Харамсалтай нь минийхээр болоогүй. Өнгөрсөн хугацаанд ард түмэн хяналтгүй төр засаг төрчихсөн, ахиад МАНАН бий болчихсон. Бид нарын зүрх сэтгэлд шингэсэн айдас хүйдэс ахиад амилчихжээ гэдгийг ойлгонгуутаа бухимдсан. Энэ бол том гол шалтгаан байсан. Тэгээд бухимдалд шалтаг хэрэгтэй байсан. Утаа ч юм уу, цахилгааны үнэ нэмэх ч юм шалтаг болох байсан. Гэхдээ ард түмний бухимдал халих хэмжээнд очоогүй байсан. Гэтэл цүнхний асуудал гараад ирлээ. Энэ нь хамтарсан Засгийн газрыг унагах шалтаг болчихлоо. Гэхдээ шалтаг болохоос шалтгаан биш шүү. Хамгийн гол шалтгаан нь МАНАН. С.Баярын алдааг давтаж байгаа нь маш муу. Анхнаасаа би маш тодорхой хэлсэн. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Засгийн газраа унагачихна гэж айсан юм уу, үгүй бол өөр шалтгаан байсан юм уу. Ямар ч байсан МАНАН-г байгуулчихсан. Харамсалтай нь одоо хамгийн эмзэг, хамгийн хэврэг, ард түмний итгэл итгэлийг авч чадахгүй Засгийн газар болж хувирлаа. 


-Дараагийн Засгийн газар ямар байх вэ. Хамтарсан Засгийн газар байгуулахгүй бол төр засгийн үйл ажиллагаа чинь доголдоно гэж үзээд байгаа. Тэгээд АН-ыг хасаад бусад намуудтай хамтарна гэж ярьж байна шүү дээ. Энэ дээр та санал нэгдэх үү? 


-Олон улсад байдаг жишгийг бүгдээрээ ярья л даа. Монголын онцлог гэж бид ярьсаар байгаад ялсан мөртөө Хамтарсан Засгийн газар байгуулж байна. Хүн төрөлхтний түүхэнд ялсан мөртөө хамтарсан Засгийн газар байгуулсан тохиолдол бол дайнтай цаг үеүдэд байна. Тухайлбал, Израйл. Фашизмын дарангуйллаас салахын тулд ч юм уу, маш ховор нөхцөлд Хамтарсан Засгийн газар байгуулж байсан.


Герман, Шинэ Зеландын жишээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярих дуртай л даа. Германд аль ч нам нь ялаагүй учраас Засгийн газраа хамтарч байгуулсан. Шинэ Зеланд ч адилхан. Хамгийн олон суудал авсан нь бусад намаа уриад Засгийн газраа байгуулчихсан. 


Яг л манай 2004 оны сонгуулийн дараахтай адилхан гэсэн үг. Тийм учраас одоо ялсан нам нь дангаараа Засгийн газар байгуулах зарчмыг барих нь зүйтэй. Мөн Японы жишээ байна. Тэнд Либерал ардчилсан нам ялсан ч гэсэн өөртэйгөө үзэл баримтлал ойролцоо намтай хамтарч Засгийн газар байгуулдаг. Тэгэхээр МАН хамтрах гээд байгаа бол ядаж зүүн төвийн үзэл баримтлалтай намтай хамтрах нь зөв. АН бол баруун төвийн үзэл баримтлалтай гэж өөрсдийгөө сурталчилдаг. ХҮН нам ялгаагүй. Үндэсний эвслийг би баруун чиглэлийн үзэл баримтлалтай юм уу гэж таамагладаг. Гэхдээ Ногоон намын суурин дээр байгуулагдсан юм чинь зүүн тал руугаа ч юм шиг. Мөрийн хөтөлбөрөөр нь судлаад үзэхэд баруун чиглэлийнх үү, зүүн чиглэлийнх үү гэдэг нь тодорхой болох байх. Тэгэхээр МАН-ын гишүүддээ хэлэхэд зүүн чиглэлийн үзэл баримтлалтай намтай хамтраад эвсэл байгуулж болно. Гэхдээ дангаараа олонх болчхоод тэгэх хэрэг байна уу. УИХ-ын 68 гишүүндээ итгэх хэрэгтэй. Тэдэнд хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. 


-Хууль батлахад асуудал үүснэ гэж үзээд байх шиг байна?


-УИХ-ын 68 гишүүнтэй юм чинь 64 хувиар хууль баталж л таараа шүү дээ. Манай гишүүд сахилгагүй, хуралдаа оролцдоггүй. Нөгөө намуудын нөлөөнд автагдана гэж ерөөсөө бодож болохгүй. Өөрсдийнхөө гишүүдэд итгэх хэрэгтэй. Хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. 68-уулаа улс орныг хөгжүүл гэж ард түмнээс өгсөн үүрэг хариуцлагыг нэр төртэй үүрээд гарах хэрэгтэй. Тэгээд дараагийн сонгуулиар нүүр бардам очих ёстой. 


-Хамтарсан Засгийн газар байхгүй бол 14 мега төсөл явах юм уу. Ухаа худгаа бид авч чадах юм уу. Баялгийн сангийн хууль таг зогсчихвол яах вэ?


-Байгалийн баялгийн тухай асуудал дээр хүн болгоны үзэл баримтлал өөр. Үүний цаана их том философи, ертөнцийг үзэх үзэл байгаа. Тухайлбал, зүүн төвийн үзэл баримтлалтай миний хувьд байгалийн баялаг бол дундын өмч гэж боддог. Тэгээд Ерөнхийлөгч байхдаа УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдтэй хамтраад АНУ-ын Аляска мужид очсон. 


АНУ бол байгалийн баялгийг зөвхөн хувийн өмч гэж үздэг юм байна гэж ойлгосон. Үгүй, тийм биш байна. Жишээлбэл, Аляска мужид бол баялаг дундын өмч. Баялгийг ямар нэгэн компани олборлож болно. Онцгой эрхийг өгнө. Гэхдээ сан байгуулна. 


Тэр сан бол Аляска мужийн гурван сая иргэний дундын өмч. Тийм учраас сангийн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулна, арвижуулна. Ингээд жил болгон ногдол ашиг тараана. Сайн ажиллавал зарим жилдээ 1000 гаруй ам.доллар өгдөг. Муу ажиллавал 200-300 ам.доллар иргэн болгондоо шүү дээ. Тийм учраас “Баялагийн сангаас мөнгө тараалаа. Халамжийн боллоо. Ямар муухай юм” гээд байх хэрэггүй. Тэр битгий хэл суурь орлого гэдэг ойлголт Финланд, Канад улсад хэрэгжиж байна. Энэ нь байгалийн баялаг зэрэг дундын орлогоосоо тодорхой хуримтлалыг бий болгож, ядуу зүдүү хүмүүстээ тодорхой мөнгө өгдөг. Тийм учраас би Ерөнхийлөгч байхдаа “Аляскагийн байнгын сан”-г очиж судлаад тухайн үедээ Н.Энхболд, С.Баярцогт гишүүн, Буянгийн Жагаа С.Ламбаа нартай хамт очиж маш чухал юм байна гэдгийг ойлгосон. 


Дундын сантай болж, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулаад яваандаа тэтгэврийн асуудал, хөрөнгө оруулалтын асуудал, нийгмийн хамгааллын асуудлыг шийдэхэд бэлэн байж байх ёстой юм байна. Тэгэхдээ арвижиж байх ёстой юм байна. Сангийн удирдлагыг хувийн компанид өгч болно.


Гэрээ байгуулаад мөнгийг арвижуулах юм бол 10 хувийг нь авах байдлаар ч юм уу. Ингэж байж дундын баялаг гэдэг ойлголтыг бий болгодог байна. Ингэж байж нийгмийн дундаж давхаргыг бий болгодог юм байна. Өнөөдөр Норвегт яаж сайхан нийгэм бий болж, эв найртай байна. Яагаад гэвэл тэнд дундаж давхарга их хүчтэй байна. Дундаж давхарга төлөвшсөн байна. Монголд бол тэгж чадахгүй байна. Монголд хэт баячууд, хэт ядуучууд байна. Тэгэхээр бид дундаж давхаргыг төлөвшүүлж, сайхан нийгмийг бий болгохын тулд байгалийн баялгаа дундын өмч гэж үзэх хэрэгтэй. Тэндээсээ баялгийн сан бий болгоод ард түмнийхээ боловсрол, эрүүл мэндийн зардал, орон сууцын асуудал, татварыг чөлөөлөх асуудалд зарцуулж, дундаж давхаргыг дэмжих хэрэгтэй. Хэт баячуудаас харьцангуй өндөр татвар авдаг. Ядуу хүмүүсээс татвар ерөөсөө авдаггүй. Үгүй бол бэлгэдлийн хэмжээний татвар авдаг, тодорхой зохицуулалт хэрэгтэй. Ингэснээр тодорхой хугацааны дараа хариуцлагатай дундаж давхарга бий болж байна. 

 

-Танаас тогтолцооны тухай асуумаар байна. Монгол Улсад Ерөнхий сайд нар нэг сонин маягаар огцроод байдаг. Тэгээд Засгийн газар нь маш богино настай. Ер нь энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?


-Энэ бол мэдээж хоёр талтай асуудал. Засгийн газар огцрох, шинээр байгуулагдах бол ардчилсан оронд айхтар эмзэглээд гайхаад байх зүйл биш. Италийг харъя л даа. 1945 оноос хойш 2000 он хүртэл энэ улс учиргүй олон Засгийн газар сольсон. Тэгсэн мөртөө Италийн эдийн засаг сайн хөгжсөн. Италийн эдийн засаг өөрөө хөгжихдөө загвараа зөв сонгосон. Маш чанартай нэмүү өртөг шингэсэн бүтээл, бүтээгдэхүүн хийдэг улс орон болно гэж зориод тэрийгээ их амжилттай хийсэн.


Италийн Феррари машин 400 мянган ам.доллар бол Солонгосын Кияа машин 20 мянган ам.доллар байх жишээтэй. Тэгэхлээр Италийн машин Солонгосын машинаас 20 дахин илүү үнэтэй байх нь байна шүү дээ. Энэ бол замаа зөв сонгосонтой холбоотой.


Тэгэхлээр Италид Засгийн газар огцрох нь ард түмэнд чухал зүйл биш. Засгийн газар нь тогтвортой байж хөгждөг. Үгүй бол хөгждөггүй гэдэг энэ асуудал худлаа гэдгийг Итали улс баталчихсан байгаа. Гэхдээ аль болох тогтвортой Засгийн газрын газартай бол сайн гэдгийг ерөнхий байдлаар ойлгох хэрэгтэй. Гэхдээ тэр Засгийн газар муу ажиллаж байгаа ч юм уу, үгүй бол энэ хамтарсан Засгийн газартай адилхан эхнээсээ буруу өрөгдөв үү гэдэг нь чухал байна. Сонгогчид нэг намд дангаараа засаглах, нөгөө намд нь хяналт тавих даалгавар өгчхөөд байхад таны санал хамаагүй гэж байгаа нь хамтарсан Засгийн газрын хамгийн том асуудал.


Хэдийгээр УИХ-д 100 гаруй гишүүн хайрцагласан байгаа ч гэсэн энэ Засгийн газар хамгийн эмзэг Засгийн газар боллоо. Яагаад гэвэл ардчилсан оронд Засгийн газрын гол суурь нь ард түмэн л байдаг. Тэр ард түмний дунд ардын намынхан чинь бас явж байна шүү дээ.


Энэ намынхан сонгуульд ёстой л гутлынхаа улыг эргэтэл явсан. Тэгээд сонгуулийн үр дүн гарчихлаа, хариуцлагаа үүрээд ажиллая гэхлээр “Үгүй ээ, чи хүлээж бай АН-ынхан чиний оронд ажиллана” гэж байгаа. Тэгэхлээр ардын намынхан чинь гайхаж байна шүү дээ. “Яагаад би сонгуульд ажиллаж ялчхаад тэгээд миний оронд ялагдчихсан АН оччихов” гэж. Харин ч их тэвчээртэй юм, бүтэн жил тэвчлээ шүү дээ. Сая бол ерөөсөө ард түмэн биднийг дэмжихгүй юм байна. Бид ч өөрсдөө энэ сонгуулийн утгыг алдууллаа, өөрөө ч гэсэн утгаа алдлаа. Тийм учраас одоо хамтарсан Засгийн газар байгуулахаа больё, дангаараа Засгийн газар байгуулъя гэсэн. Тийм учраас энэ бол нам шийдэж байгаа асуудал биш. Ард түмэн л шийдэж байгаа хэрэг. Нам өөрөө ард түмний тусгал байдаг гэдэг утгаараа намынхаа шийдвэр гаргах эрх бүхий субъектээрээ шийдвэр гаргуулж байна шүү дээ. 


-Ерөнхий сайд Ерөнхийлөгч нар хоорондоо хагаралдаж байсан тохиолдол маш олон. Хамгийн сүүлд Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар хоорондоо хагарч байна шүү дээ. Энэ нь нөгөө тогтолцоотой холбоотой юу. Ер нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох байсан юм биш үү гэдэг асуудлыг ч ярьж байна. Энэ асуудалд та ямар байр суурь илэрхийлэх вэ?


-Би Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг түрүүчийн Засгийн газрыг толгойлж байхад нь “Тогтолцоогоо засахгүй бол болохгүй шүү. Би тэр замыг өөрөө туулсан юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр дандаа муу хүмүүс биш ээ. Хүссэн хүсээгүй энэ тогтолцоо өөрөө энэ хоёр институцыг зөрчилдүүлдэг юм. Тийм учраас муу хүн, сайн хүн гэж хэлэх арга байхгүй. Тогтолцоогоо засахгүй бол Засгийн газар хэврэг байна. Ерөнхийлөгч бас хэцүү байдалд орно. Аль аль нь мөрийнхөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэцүү болно. Тэгээд хүмүүст зөрчил юм шиг харагдана.


Хүмүүс тэр болгон нарийн ширийн юмыг ойлгохгүй учраас энэ хоёр муу хүн гэж бодно. Тийм учраас бүгдээрээ тогтолцоогоо засъя” гэсэн. Тэгээд Үндсэн хуулийн төслийг боловсруулсан. Хоёр танхимтай болох ёстой юм байна. Яагаад гэвэл парламентыг хянадаг механизм аль ч оронд байдаггүй юм байна.


Парламентыг хэн хянадаг вэ гэхлээр хоёр танхимтай парламент нэг нь нэгнийгээ хянадаг юм байна. АНУ, Англид тэгдэг юм байна. Ер нь дэлхийд тийм жишиг тогтчихжээ. Тэгтэл манайхан 126 гээд тоог нь нэмээд оруулаад ирсэн. Тоо нэмлээ гээд энэ Засгийн газрын, энэ парламентын үйл ажиллагаа сайжирч чадахгүй. Харин бие биеийгээ хянах юм бол хууль чанартай гарна. Хууль сайн боловсруулдаг болно, олон дахин буцаж, засаж байж жинхэнэ хууль гарна. Хоёрдугаарт, одоо Ерөнхий сайд, Их Хурлын дарга, АН-ын дарга, ХҮН намын дарга нар хамтарсан Засгийн газар байгуулдаг тийм цаг ирсэн гэж яриад байгаа. Үүнийг өнгөрсөн жил эдийн засгийн форум дээр АНУ-ын Кюэст гэж их алдартай сурвалжлагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гантөмөр дарга Доржханд дарга гурвыг тайзан дээр суулгаж байгаад асуусан шүү дээ. “Танай Засгийн газар ямар зарчмаар байгуулагдаж байгаа юм бэ” гэж. Манай гурав Хамтарсан Засгийн газраа л гэсэн. “Сонгуульд хэн нь ялсан юм” гэсэн. “Ардын нам нь ялсан” гээд “Үгүй ээ, тэгээд Ардын нам ялсан юм бол та яагаад Засгийн газраа дангаараа байгуулаад, АН, ХҮН хоёр нь хяналтаа тавиад ,сөрөг хүчин болж ажиллаагүй юм бэ” гэсэн чинь “Бид том зорилтыг нь биелүүлэхийн тулд ингэж байгаа юм” гэсэн. Тэгээд тэр сурвалжлагч “За би ёстой ойлгохгүй юм байна. Улс төрийн шинжлэх ухаанд онолоороо бол засгийн эрх барьдаг, сөрөг гэсэн хоёр байж л тэнцвэртэй байдал хангагддаг юм аа” гэж. Тэгтэл манайхан “Ерөөсөө дэлхийд байхгүй зүйлийг бид нар хийж байгаа. Бид нар дэлхийн урд талд түрүүлээд явж байгаа” гэж хэлээд байсан. Уг нь бид дэлхийд байхгүй юмыг хийх хэрэггүй. Дэлхийн байгаа хуулийг, онолыг л дагах хэрэгтэй. Тэр утгаараа хоёр танхимтай парламенттай болъё. 


Тэр хоёр танхимаасаа Төрийнхөө тэргүүнийг сонгох бүрэн бололцоотой. Ийм саналыг би хэлсэн. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс, Л.Оюун-Эрдэнэ даргаас, Д.Амарбаясгалан даргаас, АН-ын нөхдүүдээс асуусан л даа. Ерөнхийлөгчийн засаглал гэвэл ард түмэн шууд сонгоно. Тэгвэл Ерөнхийлөгч шууд Засгийн газрын тэргүүн болох ёстой.


Тэгсэн манай нөхдүүд “Аюултай дарангуйлагч төрвөл яах юм бэ” гэж болгоомжилсон. Тэгвэл парламентын засаглалаа бэхжүүлье гэсэн. Онолоороо парламент засаглал ямар байдаг вэ гэхлээр хүчтэй Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь хямралын үед гарч ирж юм зохицуулдаг болохоос биш бусад үед парламентаас сонгогдоод, бэлгэдэл болоод, эв нэгдлийг эрхэмлээд сууж байдаг. Тийм учраас бол парламентын засаглал байгаа бол хоёр танхимтай парламентаа байгуулаад бие биеэ хянаад, Засгийн газар нь гүйцэтгэх засаглалынхаа ажлыг хийгээд, Ерөнхийлөгч нь хоёр танхимтай парламент дундаасаа сонгогдоод бэлгэдлийнхээ үүргээ биелүүлээд явах нь зөв. Үнэхээр гүнзгий хямралтай бол Засгийн газрыг байгуулах ч юм уу, Засгийн газрыг тараах юм уу, сонгууль зарлах ч юм уу үйл ажиллагаа явуулж болно гэдэг маягаар явбал зүгээр гэж санал хэлсэн. Өөрсдийнх нь захиалгаар хийсэн Үндсэн хуулийнхаа төсөлд тэгж танилцуулсан юм. Харамсалтай нь манайхан өөрсдөө Үндсэн хуулийнхаа онолыг сайн уншдаггүй юм уу, өдөр тутмынхаа ажилдаа дарагддаг юм уу, хүмүүс өөрөөр зөвлөдөг юм уу. Үндсэн хуулийн өөрчлөлт онолын биш маягаар явсан. Одоо ингээд стандарт бус Засгийн газар, парламентын гишүүдийн тоог нэмэх гээд явснаараа хана мөргөж унаад байна. 


Би одоо Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг өрөвдөж байна. Би битгий ингэж хана мөргөж унаарай, залуу хүн. Манай ээж Хэнтийн хүн. Тийм учраас Хэнтий нутгийн залуугаа олон жил ажиллаад сайхан Монгол Улсаа хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаасай гэж бодсон юм. Гэсэн ч харамсалтай нь хана мөргөчихлөө л дөө.


Тэгэхлээр би одоо энэ утгаар нь засах юм бол хэн ч байсан зөрчилдөхгүй. Яг л ийм хямралтай үед бол Ерөнхийлөгч ямар нэгэн байдлаар оролцож байгаа нь зөв. Нэгэнтээ гудамжинд жагсаал болчихсон. Хамтарсан Засгийн газар нь өөрөө хуулиа ч зөрччихсөн, ёс суртахууныхаа зарчмыг ч зөрччихсөн, ардчиллаа зөрччихсөн байна шүү дээ. Автократ дэглэм гэдэг чинь сонгууль болдог, тэр хамаагүй гэдэг. Тэгээд бие биеийгээ хянадаггүй дэглэм үүсгэхийг хэлээд сая Олон Улсын байгууллагаас Монгол Улсыг автократ дэглэмтэй гэсэн ангилалд оруулчихлаа шүү дээ. Тэгэхлээр Ерөнхийлөгч санаа зовно шүү дээ. Хамтарсан Засгийн газрыг өнгөрсөн жил байгуулъя гэдэг саналыг нь дэмжээд ямар нэгэн байдлаар саад болоогүй. Хараад байсан чинь ерөөсөө болохгүй юм байна, гадаа гудамжинд жагсаал болж байна. Дээр нь намын гишүүд уулзаж байгаа шүү дээ. Бас жирийн ард иргэд уулзаж байна. Бид сонгуульд саналаа өгчихсөн байдаг. Мөн АН-ын нөхдүүд нь бас эсэргүүцээд байдаг. Тэгэхээр ийм замбараагүй байдлыг ямар нэгэн байдлаар зохицуулж байж хямралыг давуулахын төлөө манлайлал үзүүлж санаачилга гаргахгүй бол болохгүй. Ерөнхийлөгч надад ерөөсөө хамаагүй. Ингээд байж л байг гээд бүүр гүнзгий зөрчил үүсвэл аюултай шүү дээ. Германд жишээлбэл яасан бэ гэхлээр Ерөнхий сайд Шольц өөрөө парламентдаа Засгийн газарт итгэж байна уу үгүй юу гэдэг асуулт оруулаад Засгийн газарт итгэхгүй байна аа гэдэг саналыг парламент нь өгөхлөөр Төрийн тэргүүндээ хандаад “За энэ хямралтай байдал бий болчихлоо. Та Ерөнхийлөгчийн хувьд одоо эрхээ эдэл. Би одоо парламентад итгэхгүй байна. Надад бас Ерөнхий сайдын хувьд итгэхгүй байна” гэсэн. Тэгээд Ерөнхийлөгч ээлжит бус сонгууль зарласан. Яагаад гэвэл хямралт байдлаар гарах ёстой байхгүй юу. Тэгээд Ерөнхийлөгч нь ээлжит бус сонгууль зарлах эрхээ эдлээд хямралт байдлыг зохицуулж байна шүү дээ. Тийм учраас манайх одоо Үндсэн хуулийн тогтолцоогоо засахгүй бол дахиад л нэг Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёр муудалцах, үгүй бол Ерөнхийлөгч энэ хямралт байдлыг зохицуулах гэж оролдохыг хүмүүс буруу ойлгоод муудалцчихлаа гэж бодоод явж байна шүү дээ.


Би Ерөнхийлөгч байхдаа С.Баяр Ерөнхий сайдыг АН-тай хамтарна гэдгийн эсрэг байсан. Тэгээд МАХН-ын Бага хурлын гишүүд Ерөнхий сайд, Намын дарга С.Баярын оруулж байгаа саналыг дэмжихгүй байх гэж бодсон. Харамсалтай нь, намын даргын саналыг дэмждэг соёл гэх юм уу, уламжлал байдаг учраас дэмжчихсэн.


Сүүлд нь бүгдээрээ буруу зүйл байсан гэдгийг ойлгосон. Тэгэхлээр ухаантай хүн гэдэг бусдын алдаан дээр сурвал ухаантай. Өөрийн алдаан дээр сурвал бас яах вэ. Бусдын алдаан дээр, өөрийн алдаан дээр ерөөсөө сурахгүй бол улс төрч биш л байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас одоо бүгдээрээ нэг их эмзэглээд, нэг нэгнийгээ янз янзаар нь дуудаад хэрэггүй. Алдлаа, одоо засъя. Одоо дахиад ийм алдаа гаргахгүй л байя. Бусдын алдааг, С.Баярын алдааг давтахаа больё. Л.Оюун-Эрдэнийн алдааг давтахаа больё. Тэгээд намууд зүүн баруунаараа нэг сайхан ялгараад өг. Тэгээд хамтрах юм бол зүүн намууд нь зүүнтэйгээ, баруун намууд нь баруунтайгаа, аль ч нам нь олонх болж чадаагүй бол баруун зүүнээрээ тодорхой хугацаанд Засгийн газраа байгуулах шаардлага гарах нь байна. Тэгэхлээр 68 хүн олонх болчхоод бид хуулиа тогтоож чадахгүй. Засгийн газар онхолдоод байвал яана гэж айж болохгүй. 


-МАН-ын бага хурлын шийдвэртэй холбоотойгоор АН-аас мэдэгдэл гаргасан байна?


-Би харсан. Эхний хоёр заалт нь бол жаахан гомдоллосон байна. Аргагүй гомдсон байх л даа. Харин гурав дахь заалт нь их ухаалаг заалт байна. Зөв зүйтэй эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлнэ шүү гэж заасан байна лээ. Зөв зүйтэй асуудал байвал үргэлжлүүлэх л хэрэгтэй шүү дээ. Хээл хахууль, хариуцлагагүй тогтолцоо, ямар нэгэн улс төржсөн байдлаар ажиллаж алдаа дутагдал гаргасан бол тэрийгээ засах хэрэгтэй. Тэгээд олонхын суудал авсан нь олонхын суудал авсан шигээ засаглаад, нөгөөдөх нь хяналтаа тавьсан шиг тавиад үргэлжлүүлээд явах хэрэгтэй. 


-МАН-ын зургадугаар бага хурлын шийдвэрийг та ер нь юу гэж харав? 


-Энэ бага хурлын шийдвэр бол ард түмний сонголтыг хүндэтгэсэн зөв шийдвэр байсан. Гэхдээ тэр дунд нэг буруу зүйл байсан нь сонгодог парламентын зарчимд нийцүүлж хамтарсан Засгийн газар байгуулсан гэсэн байна лээ. Үгүй, сонгодог парламентын зарчимд нийцүүлсэн бол олонх суудал авсан нь дангаараа Засгийн газар байгуулна. Тэгэхээр сонгодог парламентын зарчим биш. Тэр бол нөгөө С.Баярын хэлдгээр стандарт бус Засгийн газар. Ерөнхий сайдыгаа, намын даргыгаа гомдоохгүй гэсэн үү. 


Хамтарсан Засгийн газраа больё гэдэг шийдвэр гарах нь гол. Тэгээд АН, ХҮН намыгаа гомдоолгүй аятайхан аргалъя гэж бодсон байх. Тэгэхдээ одоо буруу бичээд хэрэггүй. Стандарт бус Засгийн газар гээд л бичих ёстой байсан. Улаанбаатар хотод гэхэд, Х.Нямбаатар дарга Ерөнхий сайдаас орон нутгийн сонгуулийн өмнө асууж байсан. 


“Ерөнхий сайд ингээд хамтарчихлаа. Тэгэхдээ одоо энэ чинь яах юм бэ. Орон нутгийн сонгууль явах юм уу үгүй юм уу. Бид нар тэгээд өрсөлдөж болж байна уу, үгүй юу” гээд бүр гайхчихсан байсан. Тэгээд сонгууль болсон. Ардын нам ялсан. Гэсэн ч Хамтарсан Засгийн газар байгуулсан учраас хотын ИТХ-д нэг ч суудал аваагүй ХҮН намын хүн Засаг даргын орлогч болчхож байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь сонгодог парламентын засаглал зарчим биш байхгүй юу. Стандарт бус, жаахан хатуухан хэлбэл гаж буруу болчхоод байна. Тэгэхээр улстөрчид маань Үндсэн хуулиа судлаасай. Улс төрийн боловсролоо дээшлүүлээсэй. Бидний туршлагаас сураасай. Бидний алдаанаас сураасай. Оноог цаашаа үргэлжлүүлээсэй. Ард түмэн маань талцалгүй, улс төрийн боловсролоо дээшлүүлээд сонгуульд идэвхтэй оролцоосой. Эргээд засгийн эрх барих намаасаа засгийн эрхээ барьсан шиг барь гэж шаарддаг байгаасай. 


АН-ын дарга Л.Гантөмөр гэхэд “Би Оюун-Эрдэнэд итгэсэн, одоо итгэхгүй” гэж их сонин зүйл яриад байгаа. Тэр чинь юу гэсэн үг юм бэ. Уг нь сонгогчдодоо л итгэх ёстой байхгүй юу. 


Сөрөг хүчнийхээ ажлыг сайн хийгээд дараачийн сонгуульд өөрийгөө бэлдээд парламентад ажиллах маш олон сайхан бололцоонууд байна шүү дээ. Тийм учраас тогтолцоогоо засахаас өөр арга байхгүй. Үүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зохицуулах гэж оролдож байгааг буруу гэж харж болохгүй. Одоо тогтолцоогоо тодорхой болгоод парламентын засаглалаа байгуулсан шиг байгуулаад, нэг нэгнээ хянадаг хоёр танхимтай болгоод байгалийн баялгаа дунд өмч гэсэн философиор удирдаад явах ёстой. 


-Одоогийн Засгийн газрын хувь заяа ойлгомжтой болчихлоо. Дараагийн Ерөнхий сайдыг хэнийг гэж бодож байна. Олон хүний нэр яригдаж байна шүү дээ?


-Би яг шууд тэр гэж хэлж чадахгүй. Ерөнхий сайд бол намын хурал дээрээ “АН-тай хамтран ажиллахгүй бол хамтарсан Засгийн газар байхгүй бол би өргөдлөө өгнө” гээд хэлчихсэн юм билээ. Тийм учраас одоо эргээд би хэлээгүй юм аа гэж хэлэхэд хэцүү.


“Би хэлчихсэн, гэхдээ яадаг юм, ингээд үргэлжлүүлье ээ” гэж хэлэхэд муухай. Тэгэхлээр Ерөнхий сайд хүн ер нь хэлэх үгээ их бодож хэлж байхгүй бол их холын үр дагавартай байдаг юм шүү. 


Тухайлбал, Ж.Баярмаа гишүүнийг Баярцогт дарга аа гэж хэлдэг бол шал дэмий байсан юм. Тэгж доошоо орж, болохгүй. Тэр хэрээр их стресстэй л байна, их ядарч байна, бухимдалтай байна. Тэгэхлээр Ерөнхий сайдад би зөвлөмөөр байгаа юм. Тэгэхдээ чадсангүй. Одоо дараа дараачийн Ерөнхий сайд болох хүмүүст сонсож магадгүй. Одоогийн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд ч ингээд улс төр нь дуусчихгүй, залуу хүн шүү. Дахин хариуцлагатай ажил хийх байлгүй. Тэгвэл ерөөсөө стрессээ дарж сурах хэрэгтэй. Стрессээ дарахгүй, бухимдаад уурлаад, хүмүүсийг янз янзын байдлаар хэлээд тэгээд тэрэндээ сүүлд нь уучлал гуйгаад явахлаар л эргээд өөрийг нь шалтаг олдох л юм бол унах тийм нөхцлөө өөрөө хангаад байгаа байхгүй юу. Одоо ингээд Я.Содбаатар дарга, Г.Занданшатар дарга, Н.Учрал сайд, Б.Жавхлан сайд, Ж.Энхбаяр, Г.Тэмүүлэн нарын нэр гарч байна. Өшөө нэрүүд ч байж магадгүй.


Хэн ч Ерөнхий сайдаар ажиллаж чадна. Мэдлэг боловсрол, туршлага байгаа. Намаараа сайхан шийдээсэй. Ингэхдээ хүн хүнийх нь мөрийн хөтөлбөрийг нь хэлэлцээд санаа бодлыг нь сонсоод, тэгээд тал талаас нь бодож байгаад Ерөнхий сайдаа сонгоосой.


Тэгвэл одоо их зүгээр болов уу гэж ингэж зөвлөх юм. Гэхдээ намын дүрэмд арай өөрөөр заачихсан. Мөн цаг хугацаатай уралдаж байна. Асуудлаа хурдан шийдэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэгж шийдвэл магадгүй илүү урт наслах, ард түмний дунд нэр хүндтэй Засгийн газар, Ерөнхий сайд төрж магадгүй гэж бодож байна. 


-Үндсэн хуулиа өөрчилнө гэхээр нийгэмд их айдас төрөх юм. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ахиж сонгогдох гэж байна гэдэг яриа гарлаа. Та дэмжих үү? 


-Би Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тэгж бодож байгаа гэж бодохгүй байна. Одоо зургаан жил болчихлоо. Яагаад ч юм одоо АН-ын зарим гишүүн тэгж хардаж тэгж хэлээд байна лээ. Х.Тэмүүжин гишүүн жишээлбэл. Тиймэрхүү маягийн аюул байгаа гээд байна. Би тэрэнд ерөөсөө огт итгэхгүй байна. Уг нь Х.Тэмүүжин гишүүн Үндсэн хуулиа яримаар байгаа юм. Уг нь овоо боловсролтой, Үндсэн хуулийн философи, хууль эрх зүйн философийг судалсан хүн. Ерөнхий сайдын суудлыг буулгая гэхээр Монголын парламент аягүй гоё ажиллана гээд өөрийгөө хуураад байгаа юм уу, өөр хүмүүсийг хуураад байгаа юм уу, ярих сэдэв олдохгүй байгаа юм уу тийм юм хөөцөлдөөд байгаа юм. Тэгэхээр би Х.Тэмүүжин гишүүн болон бусад хүмүүст зөвлөмөөр байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг хардаад л. Ерөнхий сайдын сандлыг дээшээ доошоо буулгана гээд л мужааны ажил хөөцөл­дө­хөө болио л гэж хэлмээр байна. 



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин