sonin.mn
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн хурлаар салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
 
Төлөвлөгөөнд, жолооч бэлтгэх тогтолцоог сайжруулж, үр дүнд хүргэх, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, орон нутгийн замд 64 пост байгаагаас 13 нь камерийн хяналттай байгааг энэ онд 12 цэгээр нэмж камержуулна.
 
Камержуулах нь дан ганц торгох шийтгэх биш жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй, ослоос урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй. Цаашид бүх постоо иж бүрэн камержуулах шаардлагатай байгааг ЗТХЯ мэдээлэв. Түүнчлэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодсон бол хууль эрхзүйн орчныг сайжруулах, ерөнхий боловсролын хичээлийн сургалтын агуулга дахь замын хөдөлгөөний мэдлэгийг боловсронгуй болгож, зөв, цэгцтэй мэдээлэл олгох, зам, тээврийн ослын талаарх тоон үзүүлэлт, төрөлжсөн мэдээллийн нэгдсэн сантай болох ажлыг тусгасан байна.
 
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хэлэхдээ, “Сүүлийн таван жилд зам, тээврийн 25 мянга орчим осол бүртгэгдэж, 284 хүүхэд нас барсан харамсалтай статистик бий. Зам, тээврийн ослыг бууруулахын тулд эрхзүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангуулж, хүүхдүүдэд бага наснаас нь замын хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцох мэдлэгийг олгох хэрэгтэй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг нь унших, тоо бодохтой адил ач холбогдолтой. Иймд хүүхдэд цэцэрлэгээс нь эхлэн мэдлэг олгох чухал. Сургалтын хөтөлбөрийн агуулгадаа ойлгомжтой, цэгцтэй оруулж, үр дүн гаргах нь хэрэгтэй” гэжээ.