sonin.mn
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн “Юнити” сектороос гадна Зүүн секторын Бор сууринд мотобуудлагын ротын бүрэлдэхүүнээр үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Цэргийн баг Нэгдсэн Үндэстний Байгууллагын баазын харуул хамгаалалтаас гадна үер усны нөхцөл байдлаас шалтгаалан дүрвэгсдийн хуаран, НҮБ-ын ажилчдын байрлаж буй хэсгийн дундах зэвсэггүй бүсэд явган болон хуягт тээвэрлэгчтэй эргүүлийг явуулж, иргэдийг үерийн усанд унах, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, болзошгүй түрэмгийлэл, халдлага үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг үүргүүдийг гүйцэтгэж байна.
 
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө буюу энэ оны 01 дүгээр сарын 20-ны өдөр уг зэвсэггүй бүсэд үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Б.Баасан-Очироор ахлуулсан бүлэг дотоодын дүрвэгсдийн хуаранд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үедээ орон нутгийн нэгэн жирэмсэн эмэгтэйд туслалцаа үзүүлжээ. Тодруулбал, тэднийг маршрутын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед нэгэн жирэмсэн эмэгтэйн биеийн байдал нь муудсан бөгөөд түүнийг НҮБ-ын баазад байрлах “Хил хязгааргүй эмч нарын эмнэлэг”-т шуурхай хүргэж өгсний үр дүнд уг эмэгтэй цаг алдалгүй эмнэлгийн тусламжийг авсны үр дүнд эсэн мэнд амаржсан байна.
 
Мөн нэгдүгээр сарын 26-ны өдөр ахлах ахлагч М.Сайнбаяраар ахлуулсан эргүүлийн бүлгийг үүрэг гүйцэтгэж байх үед орон нутгийн 3 иргэнд эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлага гарсан бөгөөд энэ үед ухаан алдсан нэг иргэнийг орон нутгийн эмнэлэгт шуурхай тээвэрлэн хүргэж өгсөн байна. Энэхүү үйл явцыг харсан орон нутгийн иргэд Монгол Улсын цэргийн багийн энхийг сахиулагчдад талархлаа илэрхийлжээ.
 
Ийнхүү цэргийн багийн бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд шилжин байрлаад удаагүй байгаа хэдий ч үндсэн үүрэг гүйцэтгэлт жигдэрч, ажиллагааны тогтсон журам, удирдлагын баримт бичгийн хэрэгжилтийг ханган Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын иргэдийн амгалан тайван амьдралын төлөө үүргээ амжилттай гүйцэтгэж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэн ажиллаж байна.
 
Ахлах дэслэгч Л.ТҮМЭНДЭЛГЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин