сонин mn
УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: “Залуучууд талбай дээр гараад ирлээ. Зарим үнэн сэтгэлээсээ, зарим нь ч зохион байгуулалттай байх шиг байна. Тодруулбал нүүрсний хулгайн асуудлыг хөөсрүүлж, саармагжуулах ажил явж байна.
 
Иймээс ХҮН намын зүгээс УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүдтэй хамтран нийтийн сонсгол хийхээр шийдвэрлэсэн. Үүний тулд хуулийн дагуу УИХ-ын нэр бүхий 9 гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна. Шаардлагын агуулга нь нүүрсний хулгайн асуудлыг УИХ дээрээ нээлттэй хэлэлцэе, үгүй бол бүдгэрэх гээд байна.
 
Мөн энэ асуудал бол сүүлийн 10 гаруй жил хийгдсэн нам дамжсан хулгай. Энэ жагсаал үр дүнтэй байх ёстой. Гэтэл энэ жагсаалыг үр дүнгүй болгохын тулд нүүрсчид нь өөрсдөө өөр чиглэл рүү хөтлөх санаархалтай байна. Ингэж болохгүй. Энэ хулгай чинь 4 их наяд юм байна аа, дөчин их наяд юм байна аа, сүүлдээ бүр 440 их наяд юм байна гээд. Бүр сүүлдээ ер нь хулгай байхгүй ч гэж байх шиг. Д.Тогтохсүрэн тэргүүтэй нөхдүүд бол Т.Доржханд гэдэг хүн хөөсрүүлээд байна аа. Бараг тийм юм байхгүй гээд байна. ЗГХЭГ-ийн дарга нь болохоор тийм юм байх боломжгүй ч гэж байх шиг. Ингэж болохгүй. Учир нь энэ бол тов тодорхой эзэнтэй, тов тодорхой дүнтэй юм. Мөн өөр өөр хулгай байгаа юм. Мөн энэ асуудлыг шийдэхэд Засгийн Газрын бяр хүрэхгүй юм байна.
 
11 сардаа багтаагаад офтекийн нууцалсан гэрээнүүдийг ил болгоно гэж Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Ч.Хүрэлбаатар зарласан. Одоо хүртэл байхгүй. Энэ асуудал нууцаас гарахын тулд Тагнуулын Ерөнхий Газраас холбогдох “ногоон гэрэл” нь асах ёстой юм байна.
 
Энэ “ногоон гэрэл”-ийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл л асаах ёстой юм байна. Учир нь энэ нууцын гэрээнүүд ил болж байж л хулгайч нар, хулгайлсан дүн тодорхой болно. Гэтэл энэ хийгдэхгүй байна. Ийм учраас бид байгаа Засгийн Газар биш ҮАБЗ-рүү шилжүүлэх ёстой юм байна.. Иймээс ҮАБЗ өнөөдөр дэмжлэг үзүүлж, гэрээнүүдийг ил болгоочээ. Ингэж байж л асуудал цаашаа явна.
 
Яагаад энэ асуудал үүссэн вэ? гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шахалтаар нүүрстэй холбоотой асуудлуудыг бүгдийг нь улсын нууцад оруулсан. Тухайн үед Ерөнхий Сайд байсан У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон Х.Баттулга нарын хуралдааны үр дүнд улсын нууцад орсон. Эндээс бүх юм эхлэнэ шүү. Гол асуудал нь энэ шүү. Офтек гэрээ гэдэг нь хямдханаар өгсөн гэсэн үг. Бидний тооцоогоор бол ямар ч байсан 2 их наяд төгрөгний хохирол байна.  “ЭрдэнэсТавантолгой” компаний захирал нь болохоор надад хамаагүй. Энэ бол нүүрс ачилтын зөрүү гэсэн байдлаар яваад байна гэсэн байсан. Үгүй ээ. “ЭрдэнэсТавантолгой”-гоос эхлэх ёстой юм.
 
Яагаад “ЭрдэнэсТавантолгой”-гоос санхүүжилт авсан төмөр зам хариуцаж байсан компаний захирал нь АНУ-руу зугтчихсан юм бэ?
 
Надад ирсэн мэдээллээр Солонгост хуучин Ерөнхийлөгч очиж уулзангуут л маргааш нь билет аваад явсан юм байна лээ. Энэ бол бодитой байх гэж байна. Ухнаагийн Хүрэлсүх гэж хүнийг хулгай хийх сэтгэхүйтэй хүн гэж бодохгүй байна. Харин өнөөдөр эр зориг гаргаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд энэ асуудлыг ҮАБЗ дээр яаралтай хэлэлцээд, офтек гэрээнүүдийг ил болгох зөвлөмжийг Засгийн Газарт өгөх шаардлагатай байна.” гэв.
 
М.Чой