sonin.mn
“Монгол генералын өдөр”-т зориулсан тусгай дугаарынхаа “Зочин”-ы хойморт хошууч генерал Галсансанзайн Махбариадыг урьж ярилцлаа.
 
Тавлаг сайхан хаваржиж байна уу та?    
 
-Сайхан хаваржиж байна аа. Онцгой байдлын байгууллагын харьяа сувилалд 10 хоног амраад чиний өмнөхөн гэртээ орж ирээд байж байлаа. Нэгэнт чамтай уулзахаар тохирсон юм хойно ажлыг чинь үрж, төлөвлөгөөг чинь унагаад яах вэ гэж бодоод өглөөний эмчилгээгээ хийлгэж, цайндаа орчхоод л гараад туучихлаа. Харин ашгүй хотын түгжрэл гайгүйхэн байгаа дээр ороод ирэв шүү.   
 
Таныг амарч сувилуулж байхад нь би харин ажил удчихав уу даа ... 
 
-Зүгээр, зүгээр. Сувиллын хугацаа угаасаа өнөөдрөөр дуусаж байсан юм. За, хоёулаа юу ярих билээ? Эхлээд юутай ч цай цуу уучих, ажлаасаа л яваа байлгүй. Кофе уух уу, цай уух уу? Цөцгий талх л байх шиг байна, үүнээс ид хүү минь. Тэгээд ярилцъя даа хоёулаа. 
 
Хоёулаа таны төрж өссөн нутаг хошуу, бага насны дурсамжаар яриагаа эхэлье ...        
 
-Би XVI жарны Хөх модон нохой жил буюу 1934 оны зуны эхэн сард тэр үеийн Богдхан аймгийн Хутагт уулын хошуу Эргэлийн зоо уул, өдгөөгөөр бол Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Гэр хад, Хадан хошуу гэдэг газар мэндэлсэн юм. Эгчийгээ удаалж, гурван дүү дагуулсан хүн. Өөрөөр хэлбэл айлын хоёр дахь хүүхэд, анхны хүү нь. Намайг төрөх үед төрсний гэрчилгээ, паспорт, үнэмлэх гэж ямар байсан биш, хожим л эцэг эхээсээ асууж тодруулж төрсөн жил, сар, өдрөө мэддэг болсон. Гэхдээ төрсөн жилийг эс тооцвол будилаантай. Сарыг хаврын эхэн, дунд, адаг гэх маягаар тоолдог. Өдрийг зуны эхэн сарын шинэдээр, хуучдаар гэж барагцаалдаг байлаа шүү дээ. Ямартаа ч 1934 оны 6 дугаар сарын 1-нийг ойролцоогоор төрсөн өдрөө болгон тогтоосон юм даг. Миний эцэг Галсансанзай гэж ядуу малчин байсан. Арваадхан хонь, арав хүрэхгүй ямаа, тэмээ, үхэр, адуутай байсан гээд бодохоор малгүйгээс өөрцгүй айл байв. Тийм ч болохоор нутгийн баячуудын малыг адгуулж амьжиргаа залгуулдаг байсан. Аав минь элдэв дээдийн зан авиргүй, ажилч хичээнгүй, хэн ч байлаа гэсэн тусархуу хүн байсан болохоор нутгийнхан хүн хүчний тус дэм хэрэгтэй л болбол Галсансанзай л гэцгээдэг байсан гэнэ лээ. Миний ээж О.Даваа гэж ёстой л нар гийсэн сайхан хүн байлаа. Цөөн ч гэсэн малын ажил барагдах биш, тэр хэдийгээ арчилж тойглохын зэрэгцээ айл амьтанд дэм болж сааль сүү, түлш түлээний ажилд нь тусалдаг тийм л олонтой хүн байсан даа.   
 
 
Айлын анхны хүү гээд нэлээд эрх танхил өсөв үү, том ах гээд хариуцлага үүрч өсөв үү та?  
 
-Яах вэ, айлын анхны хүү учир бусдаасаа арай эрх танхи талдаа өссөн байж магадгүй. Гэхдээ тухайн үеийн малчныд, тэр тусмаа ядуу тарчиг амьдралтай айлд хүүхэд эрхэлнэ гэдэг ховор шүү дээ. Тэгэхээр хариуцлага үүрч өссөн нь үнэнд илүү ойртоно. Намайг төрмөгц нутгийн нэг ламд үзүүлсэн байгаа юм. Тэр лам айлдахдаа, энэ хүү хүнд байх хамгийн сайн чанаруудыг агуулсан их сайн хүү байна, ирээдүйд мундаг хүн болно гэж л дээ. Энэхүү айлдварт нь аав, ээж минь ихэд бэлгэшээж баярлахын зэрэгцээ намайг боломжийнхоо хэрээр эрхлүүлж, хайрлаж өсгөсөн гэдэг.  
 
Таны нэрийн утга учрыг асуумаар санагдлаа. Дээрх ламын айлдсан нэр юм уу?  
 
-Би дөрвөн настай байхдаа үхрийн бөөр идэж байгаад хахаж сүйд болж л дээ. Тэгээд аав ээж маань дээр дурдсан лам багшид бараалхаж, асуутал нэрийг минь өөрчилж Махбариад хэмээх нэрийг хайрласан гэнэ лээ. Уг нь намайг төрмөгц нутгийн бас нэгэн лам Ухна гэдэг нэр хайрласан байсан юм билээ. Ер нь манай нутагт Ухна гэх нэр түгээмэл харин Махбариад гэдэг нэр тийм ч элбэг биш.   
 
Нэр гэснээс таны нэрнээс үүдэлтэй хөгтэй явдал цөөнгүй байдаг нь үлгэр домог мэт яригддаг юм билээ ... 
 
-Ер нь миний нэрнээс үүссэн хөгтэй явдал ч гэмээр, онигоо ч гэмээр юм хэд хэд байдаг юм гэсэн. Зарлага хийж байхад нэгэн хөгтэй явдал болсон нь санаанд орж ирлээ. Аймгаас гарсан төлөөлөгчийн морь эцэж сульдан газар хороохоо больж төлөөлөгч ч морио унах үедээ унаж, хөтлөх үедээ хөтөлж явсаар сумын төвд арай гэж ирээд сумын төвийн иргэдийг яралтай цуглуулах үүрэг өглөө. Би ч ёстой гялс манас гүйсээр тун удалгүй бүх хүнээ цуглуулж амжаад энэ тухайгаа сумын даргадаа илтгэв. Сумын дарга аймгийн төлөөлөгчид хүмүүс бэлэн болсныг хэлэхэд, өнөөх төлөөлөгч “Зарлага мах бариад ирж явна гээгүй бил үү, хэд огтлоод орох юм сан” гэсэн гэдэг. Өлсөж ундаасаж, ядарч ирсэн хүнд мах гэдэг үг их л содон сонсогдсон юм байлгүй. /Инээв/.   
 
Сургууль соёлын мөрийг хэрхэн хөөж, ажилд яаж шамдаж эхэлсэн тухайгаа хуучилбал бишгүй л түүх өгүүлэгдэх байх даа ...   
 
-Би найман нас хүртлээ тэр үеийн хөдөөгийн хүүхдүүдийн адилаар хурга ишигтэй хөөцөлдөж, аав ээжийнхээ гарын үзүүрт тус дэм болж, айл саахалтын хүүхдүүдтэй тоглож өссөн. Тэгээд 1942 онд Айлбаян сум буюу одоогийн Хатанбулаг сумын бага сургуульд орлоо. Тэр үед хүүхдээ сургуульд сургах нэг их дуртай биш, сургууль ч одоотой харьцуулбал тун тарчиг хүнд байсан цаг. Аав ээж минь намайг хань татаж дэргэдээ байлгах санаатай ч нэг их цааргалалгүйгээр сургуульд явуулсан юм. Ингээд л Д.Цэвээндорж гэдэг ачтан багшаар “А” үсэг анхлан заалгасан нь амьдралын их далайд сэлүүр залах эхлэл байсан даа. Аливаа ном сэлт, сурах бичиг, гарын авлага гэдэг юм одоогийнх шиг байгаагүй, ямар сайндаа л нэг харандааг 2-3 хувааж хүүхдүүдэд өгдөг байх вэ, нэг ангид 1-2 ширхэг сурах бичиг байвал их юм. Тийм болохоор багшийн хэлсэн ярьсан бүхнийг бичиж тэмдэглэж авахыг эрмэлзэж, аль болох сайн сурахыг хичээж дөрвөн жил суралцан бага сургууль төгссөн юм даг. 
 
Тэгээд амьдралын олон салаа замаас би аав ээждээ тусалж, малчин болохоор шийдлээ. Манайх өөрийн гэсэн мал цөөнтэй учир олон малтай баячуудын малыг маллаж, нэг ёсондоо зарц маягтай байв. Мэдээж тэр айлдаа мал маллаад зогсохгүй шүү дээ. Хадлан тэжээл бэлтгэх, хашаа хорооны хөрзөн гаргах, түлш түлээ базаахаас өгсүүлээд хөдөөгийн ажил мундах биш, тэр бүрийг нугалалцана. Ёстой л хоёр нарны хооронд борви бохис хийхгүй зүтгэнэ. Энэ нь 12 хон настай хүүхдэд ахадсан хүнд ажил хэдий ч аав ээждээ туслах, амьдрал ахуйдаа дэм болох нэг ёсондоо тав гурван төгрөг олох, өөрийнхөө гэдсийг цайлгах, өвөлд идэшний нэмэр авах гээд амьдралд юу эс хэрэгтэй билээ дээ. Хоёрдугаарт би өөрөө мал маллах сонирхолтой ч байсан. Бас бие бялдар, ажлын гүйцэтгэлээр ах нараас дутахгүй ажиллахын зэрэгцээ аливаад өөриймсөг ханддаг, шантарч цуцдаггүй чанараараа нутаг хошуундаа ч алдаршлаа. Сүүлдээ бүр айлууд намайг булаалдах маягтай болсон. Би “сайн хүү, ажилсаг хүү” гэсэн магтаал сонсох тусам урам зориг орж, улам сайн ажиллах гэж мэрийдэг байлаа. Энэ маань ч миний яс маханд шингэсэн зан чанар байж, өнөөдрийн намайг бүтээсэн гэж боддог юм. 
 
Сумын зарлага байсан тухайгаа та дээр дурдсан шүү дээ. Энэ талаар илүү тодруулж ярихгүй юу? 
 
-Мал маллаж таван жилийг харвасан сум шиг өнгөрүүллээ, эрийн цээнд ч хүрлээ. 1952 он юм даа, манайх Цагаан-Ус хэмээх газар намаржиж байв. Налайсан сайхан ч намар болж байлаа. Ер нь аль ч улирлаас говийн намар  хамгийн сайхан санагддаг юм. Ийн байтал нэг өдөр сумын дарга Лувсандагва гуай манайд ирж ахуй амьдралтай танилцан, нам засгийн бодлого шийдвэрийг ярьж байснаа танай өндөр бор хүүг суманд аваачиж ажил хийлгэж, мэдлэг боловсролтой хүн болговол яасан юм бэ гэж аав ээжээс асуух нь тэр. Тэд маань аль аль нь таг дуугүй. Хэсэг сууснаа аав санаашрангуй байдлаар хүү маань биднийг орхиод явах болж байна уу гэлээ. Арга ч үгүй биз ээ, би чинь тэр айлыг авч явдаг гол хүч нь учраас тэр шүү дээ. Ээж дуугүй л галынхаа хайчийг барьж нэг, тавьж нэг харагдана. Сэтгэл нь хямарч тавгүй байгаа нь илт. Харин сумын дарга надаас юу гэж бодож байгааг минь асуулаа. Би ч нэг их юм бодсонгүй шууд л тэгье гэж хариуллаа. Миний энэхүү шийдвэрийг сонссон аав над руу нэг том харснаа үг ч дуугарсангүй, харин ээж галынхаа дэргэд амандаа бувтнан суугаа харагдана. Сумын дарга шийдвэрээ хэзээний гаргасан бололтой сумын төв орох өдөр хоногийг маань товлож, төвд таних айлгүй бол манайд сууж болно гэж хэллээ. Ингэж би сумын төвд зарлага хийх болов. Тэр үеийн сумын төв жижигхэн ч айл хунараар орж, хэл зар дуулгахад явган надад тийм ч амар байсангүй. Хөдөө баг руу явах ажил гарна, өртөөнөөс морь унана. Тухайн үед өртөөний морь унаад хөдөө хээрээр давхиж, сумын захиргааны өмнөөс зар хүргэж явах нь их том дарга ч юм шиг санагдаж, үеийн малчин залууст томорч явсан тал ч бий. /Инээв/ Ямар ч байсан зарлагын хийж гүйцэтгэх ажлыг хийсэн шиг хийж, аль болох хариуцлагатай байхыг эрхэмлэдэг байв. Тийм ч учраас сумын удирдлагын хүмүүс намайг магтан сайшааж, ер нь сайн ажилтан болохоо харуулж, улмаар бичгийн машины бичээч хийх давхар үүрэг хүлээлээ. Энэ нь миний хувьд малын бэлчээрээс орчин үеийн техниктэй харьцаж байгаа нэг дэвшил болов. Уйгагүй оролдсоор төвөггүйхэн суралцаж сард 60 төгрөгийн цалин ч авдаг болсон. Түүнийхээ талыг эцэг эхдээ явуулж, талаар нь өөрийгөө болгоно, догь эр болсон байгаа биз. Ингээд дараа нь аймгийн төв рүү ахиж, аймгийн Хоршоодын холбоонд машины бичээчээр ажиллалаа. Суманд байхдаа мунгинаж, овоо зүйл сурсны ачаар хэзээний гаршсан бичээч шиг шууд л ажиллаж эхэлж билээ.   
 
 
Анхны цалингийн амт шимт арай л өөр байсан байх даа ...   
 
-Анхныхаа цалингаа аваад учиргүй их баярласан. Арван найман нас хүртэл тийм хэмжээний мөнгө авч үзээгүй байсан тул бараг насан турш хэрэглэсэн ч хангалттай хүрэлцэх юм шиг санагдаж билээ. Ийм их мөнгө авсан хүү нь чөлөөгөөр очиж аав ээждээ мөнгөө үзүүлж, өгөхөд тэд маань миний хүү овоо доо гээд баяр хөөр болж байсан нь миний санаанаас огт гардаггүй юм. Яг үнэндээ аав минь ч нэг дор тийм их мөнгө барьж үзээгүй ч байж магадгүй. 
 
Одоо хоёулаа цэргийн амьдралын тань замнал яаж эхэлсэн тухайд яриагаа хандуулъя. Аймгийн Хоршоодын холбоодын бичээч Армид алба хааж, хожмоо алтан мөрдэст генерал болно гэж төсөөлөөгүй явсан нь гарцаагүй ...  
 
-Яаж төсөөлөх вэ дээ. Аймгийн төвд улсын байгууллагад ажилладаг, костюм өмсчихсөн их догь амьтан болсон байлаа. Гэтэл нэг өдөр ажил дээр сууж байтал цэргийн зарлан дуудах хуудас ирдэг юм байна. Энэ тухайгаа Хоршоодын холбоодын даргад хэллээ. Гэтэл дарга маань нүд нь орой дээрээ гартал цочирдож “За Махбариад аа, чамайг цэрэгт явуулахгүй, энэ байгууллагын ажил зогсоно. Би албан бичиг хийж өгнө, чи түүнийг тэр цэрэг татлагын комиссынхонд аваачиж өг” гэлээ. Цэрэгт явах сонирхолтой надад даргын энэ үг ихэд урамгүй санагдав. Төд удалгүй дарга маань ч хэлсэн ёсоороо бичиг хийж өгөв. Гүйлгээд хартал ажил төрлийн шаардлагаар энэ хүнийг цэргийн албанд явуулах боломжгүй тул энэ удаад чөлөөлж өгнө үү гэсэн утга бүхий бичиг байна. Нэгэнт даргын үүрэг учир нөгөө бичгийг нь аваад цэрэг татлагын газар очив. Хүн олон ч гэж жигтэйхэн, тэр дунд манай сумын залуус ч зөндөө, нэг довны хүүхдүүд ч байна. Тэдэнтэй уулзаж нутаг ус, аав ээж, ар гэрийнхээ тухай асууж жаахан ярилаа. Тэд бүгд л цэрэгт явах бодолтойн зэрэгцээ намайг хамт явахыг  ятгаж байна. Дотогш орж цэрэг татлагын комиссын даргатай уулзав. Комиссын дарга нь аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн дарга хошууч Р.Гүнсэн гэж хүн байв. /Хожим хошууч генерал болсон/. Түүнтэй уулзан цэрэгт явах хүсэлтэйгээ хэлж, даргынхаа бичгийг үзүүлэн учирлатал “Чиний санаа бодлыг ойлголоо, чи эрүүл мэндийн үзлэгээр орж бай, би чамд туслахыг бодъё” гэх нь тэр. Миний санааг хамгийн ихээр зовоосон зүйл бол даргыгаа цэрэгт явуулахгүй гээд байхад нь зөрүүдэлж, цэрэг татлагын комиссын даргаас цэрэгт явахыг гуйсан явдал байв. Үүнийг дарга мэдвэл эвгүй байдалд орох учир тэр шүү дээ. Тэгээд үдээс хойш ажил дээрээ ирээд байж байтал дарга орж ирээд “Цэргийн албанд тэнцсэнд баяр хүргэе, бид сайн хүнээсээ салж байгаадаа жаахан тиймхэн байна. Цэргийн албанд шамдан, албаа нэр төртэй хаагаарай” гэж эцэг бас дарга хүний ёсоор ерөөлийн үг хэлж, цалин тооцоог маань яаралтай бодож олгохыг ня-бод үүрэг болгож билээ. Чухам цэрэг татлагын комиссын дарга манай даргатай ярьсан юм уу бүү мэд. Ингэж л цэрэгт мордож байлаа. Энэ бол 1955 оны намар буюу миний амьдралын түүхэн он жил юм даа. Тухайн үед Р.Гүнсэн, Н.Чүлтэмдорж дарга нар намайг дэмжиж цэрэгт явуулаагүй сэн бол цэргийн өндөр албан тушаал, алдар цол хүртээ ч бил үү, үгүй ч бил үү. Хожим генерал болсон хойноо хошууч генерал Р.Гүнсэн даргатай уулзаж, баярлаж явдгаа хэлж, хууч хөөрч дотночилдог байсан сан. 
 
Тухайн үед таныг цэрэгт явсныг аав ээж тань мэдээгүй хэрэг үү? 
 
-Мэдээгүй ээ. Манай нутгаас цэрэгт татагдаад эрүүл мэндээр тэнцээгүй ганцхан залуу буцсан. Түүнээс л дуулсан байх. Ямар одоотой адил харилцаа холбоо хөгжсөн байсан биш. Үгүй ядаж аав ээждээ захидал бичлээ гэхэд аймаг, сум, баг дамжсаар нэг сар шахмын дараа хүрнэ. Багийн дарга юм уу ухуулагч л айл өрхөөр явахдаа тарааж өгнө, хэрэв явахгүй бол тэр айлын унинд хавчуулаастай хэд ч хонож мэднэ. Үүнийг би суманд ажиллаж байхдаа сайн мэдэх болсон юм. За яах вэ, замдаа үрэгдэлгүй хүрлээ гэхэд хөөрхий муу аав ээж минь уншиж чадахгүй учир захиа дуудах хүний эрэлд гарна. Сургууль тарсан үед бол сургуулийн хүүхдүүдээр дуудуулахад хялбар, үгүй бол дуудах хүн тэр бүр олдохгүй зовлонтой шүү дээ. 
 
Аав ээждээ ч хэл дуулгаж амжилгүй цэрэгт мордчихсон хүүгийн сэтгэл зүрхэнд бас ар гэрээ гэх зовнил байсан л байлгүй ... 
 
-Ерөөсөө л аав ээж, ар гэрээ гэсэн сэтгэлээр цэрэгт мордсон хүн шүү дээ би. Цэргийн алба хаая, боловсрол мэдлэг, ажил төрөлтэй болъё, аав ээж, ар гэрээ өөд татъя гэж зорьж байгаа царай нь энэ. Албаа нэр төртэй хааж, ахиж дэвшиж энэ хүсэл зорилгоо ч биелүүлсэн шүү. Хамгийн гол нь аав ээжийгээ амьд ахуйд нь генерал цол хүртэж, ямар хүн болж төлөвшсөнөө харуулж чадсандаа сэтгэл өег сууна. Миний аав олны дунд эв эеийг хичээж, шулуун шударга, үнэн мөнөөрөө явахыг чухалчлан захидаг байсан, би ч тэр захиасаас нь гажаагүй гэж өөрийгөө тоодог. 
 
Албаа нэр төртэй хааж, ахиж дэвшиж хүсэл зорилгоо биелүүлсэн тэр гэгээн замын эхлэл, өрнөл сонин байна. Энэ тухайд хуучлаач та?  
 
-Зүүнбаянд нефть олборлон цагаан бензин нэрж, Дорноговь аймгийн шатах тослох материалын ихэнх хэрэгцээг хангадаг, нефть чигээр нь гадаадад гаргадаг байсан байх. Энэхүү нефтийн үйлдвэрийг хамгаалах үүрэг гүйцэтгүүлэхээр Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайдын тушаалаар Нефть хамгаалах тусгай ротыг 1953 онд байгуулсан юм билээ. Тэр тусгай ротоос миний цэрэг амьдрал эхэлсэн. Тус ротод хуваарилагдан алба хааж байтал нэг их удалгүй тангарагийн баярын дараахан Ажлын хэсгийн даргаар томилон бага түрүүч цолоор шагнав. Энэ албан тушаалдаа бас л удсангүй Мал командын дарга боллоо. Зүүнбаянгаас зүүн урагш 15 километр орчим газарт байрлаж байсан мал командад очиж 1200 гаруй хонь, 50 шахам үхэр, 60 шахам ямаа хүлээн авсан санагдана. Энд бас хоёр сар орчим л болсон байх. Яагаад гэхээр 12 сард мал нядалгаанд орчихдог юм байна. Угаас малд ойр өссөн надад мал нядлуулах ажил хамгийн хүнд байсан. Хайрлан маллаж байсан малаа нэг дор нядлуулна гэдэг ямар сайн байх вэ дээ. Мал маллахаар явсан цэрэг мал биш мах ачаад ирнэ гэдэг сэтгэл санааны хувьд таатай биш байв. Үүний дараа тасгийн дарга, удалгүй жагсаалын дарга боллоо. Ингээд цэргийн албанд шамдан суралцаж байтал анги маань татан буугдчихав. Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамнаас комисс ирж ангийг татан буулгах ажлыг зохион байгуулав. 1956 оны 6 дугаар сард юм даг. Офицер, ахлагч, нийт бие бүрэлдэхүүнийг Замын-Үүд дэх Хилийн цэргийн болон бусад ангид хуваариллаа. Харин миний хувьд Ардын цэргийн Ерөнхий штабт цэрэг бичээчээр ажиллах болсон юм. Ийнхүү алба хаах хугацаа ойртож, халагдах ч дөхлөө. Нутагтаа очоод юу хийх, амьдрал ахуйгаа яаж төвхнүүлэх тухай бодлууд ч толгойд эргэлдэх боллоо.  
 
Ийн байтал 1958 оны 6 дугаар сард шиг санаж байна. Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны Ардын цэргийн Ерөнхий штабын жагсаал ангийн тасгийн дарга хурандаа Ж.Шархүү дуудуулжээ. Би ч цэрэг ёсоор ирснээ илтгэж уулзлаа. Боловсон хүчний ажилтны асуудаг л асуултуудыг асууж, намайг офицер болгох саналтай байгаагаа хэлж, миний санал бодлыг сонслоо. Би ч зөвшөөрлөө. Ингээд удалгүй Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайдын тушаал гарч би офицер боллоо. Тэр үед Арми маань цомхон байсан хэдий ч шинэ ажил надад төдийлөн зав өгдөггүй байсан сан. Боловсон хүчний хувийн хэрэг, тодорхойлолт, бусад баримт бичгийг цэгцлэх, боловсруулах ажлаа нягт нямбай хийж, дарга нарын итгэлийг даах гэж ихэд хичээн мэрийж ажилладаг байв. Мөн боловсон хүчинтэй холбоотой иргэдийн өргөдөл, санал хүсэлтийг судлан, шийдвэрлүүлэх ажлыг ч гардан гүйцэтгэнэ. Энэ үед Арми 50-иадхан л офицертой байсан санагдана. Хурандаа Ж.Шархүү, М.Дашням, хошууч У.Пунцаг зэрэг туршлагатай мундаг дарга нарын удирдлагад ажиллаж, их ч зүйлд суралцсан. Цаашид ахиж дэвшихэд хамгийн гол нь ерөнхий боловсрол эзэмших нь чухал байв. 
 
Тэгээд яаж шийдэв? 
 
-Аз болоход МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрээр 1958 оны намар Офицеруудын ордны дэргэд цэргийнхэнд зориулсан ерөнхий боловсролын оройн сургууль нээгдэж, түүнд элсэх боломж ч олдож, сургуулиа амжилттай төгсөн цэргийн сургуульд явах мөрөөдөл л үлдлээ. Цэргийн сургууль, академид ямар болзол хангаж, ямар шалгуурыг давсан хүн явдгийг боловсон хүчний ажилтны хувьд мэдэх тул Инженерийн академийн элсэлтийн шалгалтад ордог хичээлүүдийг оройн сургуульд байхдаа илүү давтаж, битүүхэндээ биеэ бэлтгэж байсан юм. Ингээд л даргадаа Инженерийн академид явах хүсэлтэйгээ уламжлан өргөдлөө өгч асуудал шийдэгдсэн хэрэг. Тодруулбал, 1962 оны хавар аравдугаар ангиа амжилттай төгсөж намар нь Москва хот дахь А.В.Куйбышевын нэрэмжит Цэргийн инженерийн сургуульд суралцахаар хөлгийн жолоо залж билээ. 
 
Академи дүүргэж ирээд хаана томилогдов? 
 
-АЦХЭЯ-ны Ардын цэргийн Ерөнхий штабын газрын зургийн тасагт инженерээр томилогдсон. Ажил авсан даруйдаа Зөвлөлтийн хурандаа В.С.Линьков даргатай Газрын зургийн отрядтай хамтран Монгол орны газрын зургийг шинэчлэх ажлаа эхэлж байлаа. Ингээд 1970 оны 10 дугаар сард Ардын Армийн Жанжин штабын Газрын зургийн хэлтсийн даргаар томилогдож хугацаанаасаа өмнө хошууч цол олгогдов. Шинэхэн хошууч, хэлтсийн дарга нэгэнт номыг нь үзсэн болохоор онолын хувьд болоод л байлаа. Харин ажил зохион байгуулахад хүндрэл учирдаг байв. Юуны өмнө шинээр хийж байгаа зургаа хэрхэн хэвлүүлэх, өөрийн армийн хэрэгцээг яаж хангахаа мэдэхгүй байв. Яагаад гэхээр арми өргөтгөсөн зохион байгуулалтад орсон тул хэдэн жилийн дараа ямар байдалтай байх тухай төсөөлөл муутай байсан хэрэг. Нөгөө талаар хөрөнгө мөнгөний асуудал ч яригдсан. Энэ бүхнийг дарга нартайгаа олон дахин сайн ярьж байж нэг мөр болгосон. Ер нь тухайн үед газрын зургийн албыг тэр бүр ойлгохгүй, ойлгосон ч ойшоодоггүй байсан. Тийм болохоор юуны өмнө офицеруудын газрын зургийн мэдлэгийг дээшлүүлэх, газрын зураг дээр ажиллах дадлага эзэмшүүлэхэд ихээхэн анхаарч байлаа. Офицеруудыг бэлтгэх сургуульд цэргийн газрын зургийн хичээл ч ордог болгов. Ийнхүү нэг жил ажиллаж байтал ЗХУ-ын К.Е.Ворошиловын нэрэмжит Жанжин штабын дээд курст явуулах шийдвэр Армийн командлалаас гарч нэг сар суралцсан юм. Ирээд Ардын Армийн Жанжин штабын орлогч дарга бөгөөд Дайчлах, зохион байгуулах, нөхөн хангах хэлтсийн даргаар томилогдож, дэд хурандаа болсон. Улмаар МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрээр 1976 оны 5 дугаар сард Ардын Армийн Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар томилогдож мөн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор хошууч генерал цолоор шагнагдсан юм.
 
Байлдагчийн халаасанд генералын мөрдэс гэдэг дээ. Та ер нь өөрийгөө генерал болно гэж бодож байв уу? 
 
-Цэрэг хүн генерал болохыг мөрөөддөггүй бол цэрэг биш гэсэн үг байдаг. Би ч мөрөөдөж л байсан, нуух юун. Харин офицер байсан 18 жил генералыг мөрөөдөх ч завгүй болоогүй санагдана. Миний цэргийн цол үнэхээр хурдан ахисан. Зарим хүмүүс гайхаж ч байсан. Армийн намын комиссын дарга асан хурандаа Х.Хашбат хүртэл энэ хүний цол дэндэж байна, залуу хүнийг эвдэх нь дээ гэж хүртэл хэлж байсан. Чухам ямар учраас, ямар төөргөөр миний цол хугацаанаасаа өмнө ингэж хурдан ахисныг би мэдэхгүй. Тэр үед ямар хээл хахууль, албан тушаалын наймаа, сүлжээ гэж байсан биш. Би ч дарга нарт тал тохой татаагүй, ер нь хүнийг дээр, доор гэж ялгадаггүй хүн. Үүнийг олон түмэн ч мэднэ. Ерөөс эцэг эхээс заяасан миний төрөлхийн зан бол шударга шулуун, зарчимч, шуурхай, ашиг завшаан хардаггүй чанар юм. Энэ зан чанарууд нөлөөлсөн байх. Түүнээс би бусдаас илүү ухаантай, эрдэм номтойдоо генерал болоогүй. Надад захирагддаг байсан хүмүүс, үр хүүхдүүддээ ч би шулуун шударга, хүнийг ялгалгүй харьцдаг, нэг зангаараа, хүнээрээ байхыг хэлж сургадаг байлаа. Хэн ч бай цол, албан тушаал өөрчлөгдөх бүрийд өөр зан авиртай болоод байвал хүн биш болно биз дээ. Тиймээс ямар ч үед хүн хүнээрээ байх шиг сайхан зүйл байхгүй гэдгийг л чухалчилдаг байлаа. 
Таныг хамгийн олон удаа парад командалсан гэдэг юм билээ. 
 
Энэ тухай яриа дэлгээч та?  
 
-Тэр үед Ардын Армийн Жанжин штабын нэгдүгээр орлогч даргын ажил үүргийн хуваариар ААЖШ-ын захиргаа, аж ахуйн хэлтэс, Улаанбаатар хотын комендат, Хүндэт харуулын рот, Эргүүлийн тусгай рот, БХЯ-ны Авто бааз буюу 089 дүгээр ангийг хариуцдаг байв. Үүн дээр Улаанбаатар хотын цэргийн хүрээний даргын үүрэг, албан тушаалыг хавсарч байлаа. Тиймээс БХЯ-ны сайд армийн генерал Б.Дорж, Ардын Армийн Жанжин штабын дарга, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд хошууч генерал Ч.Пүрэвдорж, Ардын Армийн Улс төрийн газрын дарга дэслэгч генерал Д.Ёндондүйчир нараас Ардын хувьсгалын 55 жилийн ойн баярын Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг гардан хариуцах үүргийг авч байв. Ёслолын жагсаалын бэлтгэл тийм амаргүй. Ялангуяа зэвсэг техниктэй ёслолын жагсаал тун ч ярвигтай. Тэгш ой, том баяраар гэхэд 2500-5000 гаруй дайчид жагсаж, 150-250 техник явдаг байлаа шүү дээ. Их жанжин Сүхбаатарын талбайд ёслолын парадын нэгдсэн бэлтгэлийг анх командалж ЗХЖШ-ын дарга, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайдад илтгэл өгч билээ. Эхний үед тэвдэж байсан ч яг баярын парадыг ямар ч айдасгүйгээр гүйцэтгэж генерал болоод авсан анхны томоохон үүрэг даалгавраа амжилттай биелүүлж, сайд дарга нараас талархал хүлээснээ тод санаж байна. Энд сонирхуулахад, Ардын хувьсгалын 55 жилийн ойн баярыг тохиолдуулан ЗХУ-аас манай БХЯ-нд цэргийн парад хүлээн авагч, парад командлагч нарт зориулж тусгай зориулалтын тоноглолтой цагаан өнгийн “Волга-24” маркийн машин 2 нэгжийг бэлэглэсэн юм. Ёслолын жагсаалын үед энэ 2 машиныг дэслэгч Оюунбазар, Бямбасүрэн нар жолоодож үүргээ чадварлаг гүйцэтгэж байлаа.   
 
Би 1976-1978, 1981-1985 онд Сүхбаатарын талбайд цэргийн ёслолын жагсаалыг 8 удаа командалсан гэдгээрээ бахархдаг юм. Энэ хугацаанд БХЯ-ны сайд армийн генерал Б.Дорж, хурандаа генерал Ж.Авхиа, Ж.Ёндон нарт баярын жагсаал командлан илтгэл өгч байлаа. Миний санаж байгаагаар бэлтгэлийг нь хангуулж, командалсан 8 ёслолын жагсаалаас хамгийн сүрлэг сайхан нь 1985 онд буюу Ардын хувьсгалын 64 жилийн ойн баярын ёслолын жагсаал юм. Би ч нэлээд туршлагатай болсон байлгүй, үүнээс гадна гадаадаас нам, төрийн тэргүүнүүд ирэх бүрийд хүндэт харуул жагсаж төрийн ёслол гүйцэтгэнэ. Энэ бол маш хариуцлагатай ёс дэгтэй ажил байлаа. Эдгээрээс 1976 онд ЗХУ-ын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежневийг хүлээн авах цэргийн ёслолын жагсаал их сайн болсон. Өвлийн улирал байсан болохоор цэрэг, даргагүй даарах, хөгжим царцаж хөлдөх гээд хүндрэл байсан боловч монгол цэргийн тэсвэр хатуужлаа харуулж сайхан болсон гэж сайшаагдсаныг санаж байна.   
 
Таны халуун ам бүлийн тухай яриагаар энэ удаагийнхаа ярилцлагыг жаргаая ...  
 
-Миний хань Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дарьчулуун гэж сайхан хүн байсан. Намайг Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны боловсон хүчний хэлтэст ажиллаж байхад Санхүү, эдийн засгийн техникум төгссөн хоёр хүү, хоёр охин хуваарилагдаж ирлээ. Шинээр ирж байгаа тэдний хувийн хэргийг магадлан бүрдүүлэх нь миний ажил байв. Тэдний дотроос өндөр нуруу, урт үс, улаан хацартай охин нүдэнд тусаад явчихлаа. Тэгээд л алба ажлаа ашиглаад амин хувийн чанартай асуултууд асууж найз залуугүй болохыг нь мэдээд авлаа. Улмаар ажил төрөл ярих маягаар өрөөнд нь хааяа саатна, цаашлаад кинонд урина. Иймэрхүү зальжин аргаар илүү дотносож 1960 онд нэг гэрт орсон. Тэр үед элдэв эд хогшил гэх юмгүй хоёр талаасаа нэг, нэг цагаан ортой нийлэв. Цагаан ор гэдэг чинь тэр бүр олдоод байдаггүй эд байлаа шүү дээ. Ингэж л бид амьдралаа төвхнүүлж таван хүү, нэг охины ээж аав болцгоосон. Хань минь Ардын цэргийн хэрэг эрхлэх яам, Ардын Армийн 012, 107, 032 дугаар ангиудад нягтлан бодогч, санхүүгийн даргаар алба хааж, ахмад цолтой тэтгэвэрт гарсан хүн. Намайг болон хэдэн хүүхдээ өдий зэрэгт хүргэсэн миний хань 2006 онд 66 насандаа тэнгэрт дэвшсэн дээ хөөрхий минь. Миний хувьд ханиас хагацахын зовлонг үзсэн ч хэдэн хүүхдийнхээ хань бараа, нөмөр түшгээр болж л байна. “Өсөхийн жаргал эцэг эх мину, өтлөхийн жаргал үр хүүхэд мину” хэмээх сургаал бий. Миний 6 хүүхэд өмсөж, эдлэхээр дутуугүй, эрүүл чийрэг бойжиж, эрдэм номын мөр хөөж өдий дайтай яваа нь хөгшин бид хоёрын буян, өсөхөд нь эдлүүлсэн жаргал юм болов уу. Харин өнөөдөр би өмсөх эдлэхээр дутахгүй, бие ухаан эрүүл саруул, сэтгэл тэнүүн, ая тухтай амьдарч байгаа нь өтлөхийн жаргалыг эдлүүлж байгаа үр хүүхдүүдийн буян заяа юм даа хэмээн бодож сууна. 
 
Цаг гарган хөөрөлдсөн танд баярлалаа ...  
 
-Намайг зорьж ирсэнд баярлалаа. Танай сонины хамт олонд ажлын их амжилт хүсье. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд тэр тусмаа алтан мөрдэст нийт генералууддаа удахгүй тохиох “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
 
 
Хошууч Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо" сонин