sonin.mn
Тарвагатайн нурууны Алаг ямаат орчим янгир ямааны тархах боломжит 799.5 км2 нутгаас 217.51 км2 нутагт 180 гаруй толгой янгирын сүрэг 0.83 бодгаль/км2 нягтшилтайгаар тогтвортой тархан байршиж байна.
Хэдийгээр тоо толгой нэмэгдэж байгаа ч үржлийн эрчим багасах хандлагатайг БОАЖЯ, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн санхүүжилтээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтөн судлаачид тогтоов.
“Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газрын янгир ямааны тусгаарлагдмал жижиг популяцын генетик тогтцын онцлог, орон зайн тархалт, тоо толгойн хөдлөл зүй, улирлын тархац байршил, экологийн онцлогийг хөдөлгөөн мэдрэгч камер, дрон, генетик судалгааны арга зүй ашиглан судалж хамгааллын үр дүнтэй менежментийг төлөвлөн хэрэгжүүлэх үндэслэл, санал зөвлөмжийг боловсруулжээ.
 
 
 
Тус газрын Их Алаг, Бага Алаг болон Отгонтэнгэрийн ДЦГ-ын хооронд холбоос нутгуудыг тооцоолоход янгирын амьдрах орчныг холбосон 99.62 км урт боломжит нүүдлийн замыг тогтоожээ. Хамгийн саад багатай, тохиромжтой нүүдлийн зам нь Тарвагатайн нуруунаас урд зүгт ТХГН-ийн хилийн цэсийн гадна байрших Халзан бүргэдтэй чиглэлд төвлөрч байгаа аж.
 
 
 
Янгир ямааны амьдрах орчны загварчлалаар тухайн бүс нутгийн янгирын популяцын одоогийн тархац, голомт, нийт тархах боломжит, хамгийн бага энерги зарцуулах холбоос нутаг, эдгээрийн хоорондын саад тотгорын загварчлал, зорилтот зүйлийн амьдрах орчинд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөллийг тооцоолж, дүгнэлт санал боловсруулжээ.
Энэхүү тусгаарлагдмал популяцын үндсэн байршил нутаг Их, Бага Алагийн хавцал орчим өвөл, хаврын улиралд хужир, өвс тавьж, биотехникийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн уст цэг орчимд гэрийн мал, зэрлэг амьтдын бэлчээрийн давхцал үүсдэг нь гэрийн малын шимэгч, бусад халдварт өвчин зэрлэг амьтдад халдварлах нөхцөл бүрдүүлжээ. Иймд бэлчээрийн мал сүргийг элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгыг тогтмол чанартай хийж, хяналт тавих шаардлагатайг судлаачид зөвлөсөн байна.