sonin.mn

Үндэсний их баяр наадам дөхөж байна. Хүн бүхэн нээлт, хаалтын ажиллагааг биеэр үзэхийг хүсдэг. Гэтэл жил бүрийн нэгэн адил тасалбарын эргэн тойрон дахь асуудал энэ жил ч мөн давтагдлаа.


Албан ёсны мэдээллээр, наадмын нээлт, хаалтын тасалбаруудыг 7-р сарын 2-ны өглөө 07:00 цагаас www.enaadam.mn цахим хуудсаар дамжуулан худалдаалж эхэлсэн. Гэвч худалдаа эхэлснээс хойш ердөө арван минутын дараа буюу 07:10 гэхэд бүх тасалбар "дууссан" байв. Товчхондоо, олон нийт тасалбар авч амжилгүй үлдлээ.


Шударга байдал, хүртээмжтэй үйлчилгээ амлах ёстой төр энэ удаа ч амлалтаасаа хазайв. Энэ явдал хүмүүсийн дунд асуулт, хардалт дагуулж байна. “Шагчид, зуучлагчидтай хуйвалдсан систем биш биз?” хэмээн олон нийт шүүмжилж байна. Тасалбар бүр хэдийн тодорхой хүрээний хүмүүст очсон, жирийн иргэдэд боломж үлдээгүй мэт санагдана.


Харин хувийн хэвшлийн зүгээс эсрэг жишээ үзүүлж байна. Playtime наадам гэхэд жил хагасын өмнөөс тасалбараа зарж эхэлдэг. Үнийн шатлалт ойлгомжтой, зар сурталчилгаа тодорхой, хэрэглэгчийн үйлчилгээ илүү соёлтой. Нэг үгээр хэлбэл, олон мянган хүнийг хамардаг баярыг хувийн компани илүү ухаалаг, ил тод, шударга зохион байгуулж чаддаг болжээ.


Төр бол ард түмний төлөөлөл. Гэтэл төрийн байгууллагууд билетийн худалдаа гэх энгийн зохион байгуулалтыг хүртэл замбараагүй, итгэл төрүүлэхгүй байдлаар хийж байгаад иргэд дургүйцэж байна. Шинэ технологи ашиглан ил тод байдал хангахын оронд хуучин арга барил, үл ойлгогдох систем ашигласнаар асуудлыг улам хүндрүүлж байгаа нь үнэн.


Наадам бол зөвхөн төрийн ёслол биш, ард түмний баяр. Тасалбар гэдэг бол зөвхөн суудал биш, харин ард иргэдэд итгэл төрүүлэх нэг шалгуур. Энэ шалгуурыг төрийн байгууллагууд даалгүй унасаар байна.


Иймд төр өөрөө системээ эргэн харж, дахин ийм замбараагүй байдлыг давтахгүй байхад онцгой анхаарах цаг нь болсон.


Э.Солонго