
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. P.Diddy, Puff Daddy, Diddy гэсэн тайзны нэрээр алдаршсан Америкийн рэп дуучин Шон Комбсыг бусдын биеийг үнэлүүлсэн, хүн худалдаалсан хэргүүдэд буруутгах үндэслэлгүй гэж шүүх шийдвэрлэж, цагаатгажээ. Нью-Йорк хот дахь Манхэттений тойргийн шүүхийн тангарагтны шүүгчид өдгөө 55 настай дуучин, продюсер Ш.Комбсыг бусдыг бэлгийн мөлжлөгт ашиглах зорилгоор гэмт хэргийн бүлэглэл байгуулж, хүн худалдаалсан хэрэгт буруугүй гэж үзсэн байна.
Гэсэн хэдий ч Комбс харьцангуй хөнгөн зүйл ангиудаар буруутай нь тогтоогдсон байна. Тангарагтны 12 шүүгч түүний найз охин байсан Кассандра Вентура болон өөр нэг хохирогчийг биеэ үнэлэх үйлдэлд уруу татсан нь нотлогдсон гэж үзжээ. Эдгээр зүйл анги тус бүрээр түүнд дээд тал нь 10 жилийн хорих ял оноох юм.
Ингэснээр Шон Комбс гэмт хэргийн бүлэглэл байгуулсан хэргээр бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлэхээс зайлсхийх юм. Тангарагтнуудын шийдвэрийг сонсгосны дараа дуучны өмгөөлөгч Марк Агнифило үйлчлүүлэгчээ батлан даалтад гаргахыг шүүхээс хүссэн байна.
P.Diddy-гийн хэрэг
Шон Комбсыг өнгөрсөн оны есдүгээр сард баривчилсан юм. Нью-Йоркийн прокурорууд түүнийг бусдыг сүрдүүлсэн, хүний наймаа болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгажээ. Гэсэн хэдий ч тэрбээр энэ бүхнийг няцаасаар байгаа юм. Шүүх түүнийг батлан даалтад гаргах хүсэлтээс хэд хэдэн удаа татгалзсан байна.
Тэрбээр шүүхээс гадуур эвлэрэхээс татгалзсаны дараа хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. P.Diddy-г эрэгтэй, эмэгтэй хүмүүст бэлгийн хүчирхийлэл үйлдэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, тэднийг мансууруулах бодистой садар самуун үдэшлэгт татан оролцуулсан, гишүүд нь хүн хулгайлж, галдан шатааж, хээл хахууль авсан, шударга ёсонд саад учруулсан гэмт бүлэглэл үүсгэн байгуулсан хэрэгт буруутгасан юм.
Шүүх хуралдааны явцад рэп дуучны найз охин байсан Кассандра Вентурагаас гадна 33 гэрч мэдүүлэг өгсөн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0