sonin.mn
Анхдагчдын өлгий хэмээх Булган нутгаас монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ  зодоглон улсын өндөр цолонд хүрсэн Тэшиг сумын харьяат нутаг орондоо “Аварга” хэмээн хүндлэгддэг улсын заан Дугарын Очирын тухай бичиж байна. Д.Очир заан  1912 онд Буриадын Закамен аймгийн Шар-Азаргын “Дархинт” хэмээх нутагт Дугарын отгон хүү болон мэндэлжээ. Төрсөн газар нь ОХУ-ын Буриадын нутаг боловч дуурсах алдрыг хүртсэн эх нутаг нь Булган аймгийн Тэшиг яахын аргагүй мөн билээ. Залуу идэр насандаа Хөвсгөлийн Цагаан-Үүрийн гарам дээр ачаа зөөж, жин тээх хүнд хүчир ажил хийж байсан байна. Түүний барилдаж эхэлсэн түүх нь 1934 онд 24 насандаа эр цэргийн албанд мордсоноос эхэлжээ. Улаанбаатар хотын Дотоод яамны харьяа салбарт бага дарга, офицерийн албан тушаалтайгаар цэргийн үүргээ гүйцэтгэсэн байна. Дотоод яамны харьяа салбарт цэргийн болон бусад наадмаар зургаан удаа түрүүлж “Дорнод”-ын “Босоо цагаан буюу аварга” хэмээгддэг байжээ. Тэрбээр цэргийн албанаас хугацаагаар халагдан эх нутагтаа ирж сумынхаа артельд мужаан, аж ахуйн нярав, тээврийн эрхлэгч гэсэн ажил албыг хашиж байжээ.
 
 
Мөн ажил албаа хаахын зэрэгцээ улсын баяр наадамдаа ч тогтмол сайхан барилддаг байсан бөгөөд улсын заан цолыг 1942 онд Ардын хувьсгалын 21 жилийн ойгоор  хүртсэн байна. Улсын заан цол хүртэхдээ Улаанбаатар хотын цэргийн болон шүүх яамны өмнөөс улсын баяр наадамд зодоглон барилдахдаа тэр үеийн алдарт аварга Чимэд-Очир, Батсуурь, Цэвээнравдан, Түвдэндорж нартай мөр зэрэгцэн барилдаж, зургаа давж заан цол хүртжээ. Тухайн үеийн сайчуулыг даван улсын цол хүртсэнийг үзвэл эгэлгүй нэгэн хүчтэн байсан нь илт ажээ. Архивын баримт сөхвөл 1940-өөд оны сүүлээр улсад зургаа давбал заан цол олгосон баримт элбэг байдаг юм билээ.
 
 
 
Заан цол авсныхаа дараа жил улсын наадамдаа зорин ирж зодоглож 1945 онд тавын даваанд Архангайн Готовын Баасанд өвдөг шороодож байжээ. Харин дараа жил нь буюу 1946 онд дөрөв давж, тавын даваанд Архангай аймгийн Даш начинд өвдөг шороодсон байна. Үүнээс хойш 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор  ахин зургаа давж улсын заан цолоо баталжээ.
 
 
 
Уг барилдаанд  зургаагийн даваанд Баян-Өлгий аймгийн харьяат Нурхадалыг давж, долоод Цэвээнравдан арсланд өвдөг шороодсон байна. Үүнээс гадна Д.Очир заан 1951, 1954 онд аймгийнхаа баяр наадамд шөвгийн дөрөвт үлдэж байжээ. Д.Очир биерхүү жин ихтэй, хөлдөө бяртай бөх байсан бөгөөд түүнийг нь нутаг орныхон өдгөө ч дурсаж байна. Түүний нэгэн жишээг дурдвал аймгийн нэгэн наадамд “Буханхүү” Моломжамц хэмээх бөхтэй таарч удаан барилдсан. Тухайн бөхөө даваад туг тойроход шинэ булигар гутлын ул ханзарч хөл нь гарсан байсныг олон хүн харсан гэдэг. Мөн хүчит зааны үр удам нь нутаг орондоо өнөр отгон амьдарч байна. Түүний ач хүү Б.Оюунбаатар “Манай өвөө 1934 онд нутгийн бүсгүй Цэрмаагийн Бадамтай гэр бүл болж дөрвөн сайхан охинтой болсон. Би том охиных нь хүүхэд, өвөөгийнхөө хамгийн том ач нь юм. Миний багад өвөө маань тууварт их явна. Мөн хурдан морины наймаа хийнэ. Тэр тусмаа жороо адуунд үнэ хайрладаггүй хүн байлаа.
 
Улсын заан Д.Очирын удмын бөх
Булган аймгийн Тэшиг сумын харъяат
аймгийн заан О.Мөнх-Ирээдүй.
 
Тухайн үед улс оронд нэгдэлжих хөдөлгөөн ялснаар өвөө минь нэгдэлд гишүүнээр элсэн малчин, мал тууврын ажилд олон жил зүтгэсэн. Өвөө минь олонтойгоо хамтач нөхөрсөг, элэгсэг харьцаатай, ажилсаг, моринд хорхойтой, арилжаа наймаач хүн байсан. Үүний нэгэн жишээг дурдхад Булган аймгийн дунд сургуультай мах нийлүүлэх гэрээ хийж, Баянхонгор аймгаас 40 тэмээ тууварлан ирж, тус сургуулийн хүүхдийн жилийн махны хэрэгцээг хангаж байсан гэдэг. 40 хязаалан үхрээр жороо морь арилжин авч эдэлгээнд хэрэглэж байсан тэргүүний тууварчин болж байлаа. Би өвөөгөө дагаад тууварт их явдаг байсан болоод тэр үү миний санаанд үлдсэн зүйл бишгүй бий. Өвөө минь их том биетэй хүн байсан. Тууварт явахдаа гурван хүний майханд дүү бид хоёртой унтахад арай гэж багтдаг. Мөн орос эмээл тохдог учир нь монгол эмээл дээрээ багтдаггүй байжээ. Нутгийнхаа хурдан морины хөгжил буюу үржилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Учир нь өвөөгийн Оросоос наймаа арилжаа хийж авчирсан хурдан удмын адууны үр төл нь нутаг орондоо  төдийгүй улсад ч олон удаа түрүүлж айрагдсаар байна. Бөхийнхөө хувьд сайн бөх байсан. 1960 онд аймгийн ахмад бөхчүүдийн барилдаанд урилгаар оролцож 48 насандаа түрүүлж байсан” хэмээн дурслаа. Ховорхон заяасан эгэлгүй хүчтэний удмыг залган аймгийн заан О.Мөнх-Ирээдүй тогтмол сайн барилдаж байгаа билээ. Сайн хүний үр, сүүт гүүний унага гэж энэ буюу.
 
 
А.Доржханд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин