sonin.mn

ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын тушаалаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзоригийг “Цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө” медалиар шагнасныг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэрэг, агаарын атташе, хурандаа П.Г.Анисов гардуулан өглөө. Хурандаа П.Г.Анисов “Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг тань үнэлж энэхүү хүндтэй медалиа ирүүлснийг танд гардуулан өгч байгаадаа баяртай байна.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотод зохион байгуулагдсан Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг илгээн оролцуулсанд баярлалаа” гээд хоёр улсын Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тухайлбал, “Олон улсын цэргийн наадам”-ын төрлүүд болох “Аравт-2021”, “Цэргийн авто ралли-2021” уралдааныг энэ жил Монгол Улсын Зэвсэгт хүчин зохион байгуулахтай холбоотойгоор санал солилцож, зарим чиглэлүүдээ тодотгосон юм. Уулзалтад Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Одбаяр байлцсан юм.