sonin.mn
Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуулиас ард түмэн яг юу хүсэн хүлээж байгаа вэ? Ард түмэн шударга ерөнхийлөгчтэй болохыг л хүсэж байгаа. Тэгвэл энэ удаад шударга ерөнхийлөгчтэй болох боломж Монголын ард түмэнд бий юу? Мэдээж, боломж ямагт байдаг. Харин олон нийт энэ боломжоо ашиглах уу үгүй юү гэдэг нь тэдний сонголтын асуудал. Гэрэл гэгээтэй ирээдүйг бүтээх боломж нь иргэн бүрийн өнөөдөр хийх сонголтоос 100 хувь хамаардаг гэдгийг ухаарч чадвал Монголчууд энэ удаад гарцаагүй шударга ерөнхийлөгчтэй болох нь тодорхой. 
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд хуулийнхаа дагуу 4 нам, эвслээс 4 нэр дэвшигч өрсөлдөх эрхтэй. Олон нийт ч өөрсдийн таамгийг дэвшүүлээд эхэлсэн байна. Олон нийтийн дунд намуудаас  У. Хүрэлсүх,  Х.Баттулга,  С.Ганбаатар,  Ц.Оюунгэрэл,  Н.Алтанхуяг нарын нэрийг дэвшүүлэх болов уу гэсэн таамгууд ид өрнөж байна. Мөн ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүний тоонд нам бус ганц хүн яригдаж байгаа нь олон улсын тоймч  Ш.Гантулга байна.
Яг одоогийн байдлаар 2 том намаас нэр дэвших хамгийн магадлал өндөртэй улс төрч нь У. Хүрэлсүх,  Х.Баттулга нар байх шиг. Ямар нэгэн байдлаар Х. Баттулгын нэр дэвших асуудал түдгэлзэхдээ хүрвэл АН Н.Алтанхуяг,  Ц.Оюунгэрэл нарын аль нэгийг дэвшүүлэх байх. ХҮН-аас хэн ч дэвшсэн нэг их ач холбогдолгүй.  Учир нь ХҮН нам энэ удаагийн сонгуульд МАН-ыг дэмжиж орох нь тодорхой байгаа. Харин Та бидний эвсэл хэнийг дэвшүүлэх вэ? гэдэг нь одоохондоо оньсого мэт таамаглахад хэцүү байна. МАХН-ын удирдлагуудын дотоод зөрчил олон нийтийн таамгуудыг мухардуулаад байх шиг. 
Одоо нөхцөл байдлыг илүү бодитоор харахыг хичээцгээе. Дээр дурьдсан хүмүүсээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ гэхэд өөр хоорондоо хүчтэй өрсөлдөгч болж чадахуйц 4 хүн байна. Энэ нь У. Хүрэлсүх, Х.Баттулга, С.Ганбаатар, 
 
Ш. Гантулга нар юм. Илүү тод зураг гарахын тулд хэдэн оновчтой асуулт тавиад үзье. 
 
Асуулт 1. Энэ 4 өрсөлдлөө гэхэд хэн нь ялах вэ? гэсэн асуултад иргэдийн дийлэнх олонх нь У. Хүрэлсүх эсхүл Х.Баттулга нарыг гэх байх. Яагаад гэвэл ард түмэн өөрсдийнхөө сонголтод итгэхээ байсан. Сүүлийн 30 жил сонгууль луйвардах арга техникүүд маш их хөгжсөн. Сонгуулийн үр дүнг хар машин, царцааны нүүдэл, төрийн албаны бүтцийг ашиглаж луйвардах технологиуд шийддэг болсон нь олон нийтийг ийнхүү гутранги дүгнэлт гаргахад хүргэж байна. 
Асуулт 2. Энэ 4 хүний хэнийг нь Монгол улсын ерөнхийлөгч болговол Монгол улсад шударга ёс тогтоох вэ? гэсэн асуултад ард түмэн 100 хувь олон улсын тоймч 
Ш. Гантулгыг гэх болов уу? Энэ дүгнэлт ч үнэнд нийцнэ. Учир нь шударга ёсыг шударга хүн л тогтооно. Нөгөө 3-ыг хэн нь хэн бэ гэдгийг нь олон нийт гадарлаж байгаа байх!! 
Асуулт 3. Тэгвэл олон улсын тоймч Ш. Гантулгын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж бий юү? Хувиар бодвол бараг 0-тэй тэнцэх байх. 
Одоо бүгдээрээ шийдэл хайх нь зөв болов уу? 
 
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийг  У. Хүрэлсүх, Х. Баттулга, Ш. Гантулга нарын тулаан болговол яасан юм бэ?  
У. Хүрэлсүх ч тэр, Х. Баттулга ч тэр, С.Ганбаатар ч тэр энэ 30 жилийн хямралыг бүтээгчид. Энэ системээс хооллож ирсэн бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалагчид харин Ш. Гантулга бол системийн гаднаас орж ирж байгаа цэвэр ард түмний төлөөлөл. 
 
Бид сүүлийн 30 жилийн турш өөрсдөө хулгайч луйварчдыг сонгочихоод тэднээс шударга ёс нэхэж нервээ барж байна. Энэ удаад хулгайч луйварчдын эсрэг дундаасаа шударга ёс тээгчийг дэвшүүлж тултал нь дэмжвэл яасан юм бэ? Шударга ёс зүй түй ч байхгүй нөхдийг гаргачихаад шударга ёс нэхэж өөрсдийгөө депресст оруулж байхын оронд шударга элчээ илгээж ерөнхийлөгч болгочихоод шударга ёсоо нэхвэл яасан юм бэ? 
Бүгдээрээ санаа нэгдэж Та бидний эвслийн квотыг Ш. Гантулгад гуйж авч өгвөл яасан юм бэ? Та бидний эвсэл чинь та бидний эвсэл мөн л юм Та бидний хүсэлтийг хүлээн авах л ёстой доо! 
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд  Ш. Гантулга, С.Ганбаатар гэсэн хослол хүчээ нэгтгэж чадвал 3 дахь хүчнээс анхны ерөнхийлөгч төрөх боломж нь нээлттэй байгаа юм. Харин энэ боломжийг харах бэлгийн мэлмий Та бидний эвсэлд байгаа болов уу? 
 
Яагаад Ш. Гантулга гэж үү? 
 
Өнөөдөр иргэд У. Хүрэлсүх, Х. Баттулга гэж 2 талцан үзэх шиг болж байна. Инээдтэй ч юм даа. 2 хуваагдчихаад шударга ёс зүй түй ч байхгүй хоёр хар хэрээг цагаан болгох гэж улайрч байх шиг. Энэ нь МАН цагаан АН хар. Үгүй шүү, АН цагаан МАН хар гэх дүүжин даажин савлуурыг санагдуулахгүй байна гэж үү? Бид хэзээ болтол гэнэн тэнэг хүүхэд зангаа орхих вэ? 
Бид ганц л зүйл ойлгох ёстой. Хэрээ хэзээ ч цагаарахгүй гэдгийг. Хэрээ цайвал хэрээ биш болно гэдгийг. Хэн нь хэн бэ  гэдгийг та өөртөө 3 зөв асуулт тавихад л мэдэх болно. 
 
Асуулт 1. У. Хүрэлсүх, Х. Баттулга нар хулгайч биш гэдэгт та бүрэн итгэлтэй байж чадах уу? Эсхүл та тэднийг шударга байгаасай гэсэн өөрийн хүслээ үнэн байгаасай гэж өөртөө итгүүлэхийг хүсээд байна уу?
 
Асуулт 2. Тэд хулгайч биш юм бол 1 тэрбум 700 саяын хадгаламж, ЖДҮ, оффшор, 17 чингэлэг спирт, төмөр замын хэрэг гэх яриа хаанаас гарч ирсэн байх уу? Ард түмэн зохиогоод байгаа юм уу? Хэн нэгэн гүтгээд байгаа юм уу? Эсхүл тэнгэрээс унаад ирсэн юм болов уу?
 
Асуулт 3. Та сэтгэлийнхээ дотоод дуу хоолойг гүйцэд сонсдог уу? Таны дотоод дуу хоолой танд хандан “наадуул чинь мэргэжлийн хулгайч нар шүү дээ” гэж ёолон орилохыг сонссон хирнээ гөжүүд зан чинь хөдлөөд улам зөрүүдлээд байна уу? Дотоодын хүн алдаж байсан түүх уг нь байдаггүй юм даа.  
Одоо харин Ш. Гантулга гуай хулгайч уу? Баримт байвал гаргаад ир. Баримт байтугай чих дэлссэн яриа ч хайсан олдохгүй ийм өө сэвгүй хүнтэй хулгайч луйварчдыг харьцуулж болдог юм уу? Харьцуулалт биш шууд эрс тэс ялгарал үүсэхгүй гэж үү? 
Эцэст нь, Та бидний эвслийнхэнд хандан дахин хэлье. С. Ганбаатар биш шүү. Учир нь С. Ганбаатарыг ч ухвал бас л юм гарч ирнэ гэдгийг эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ. Олон улсын тоймч Ш. Гантулгыг, өөрөөр хэлбэл, энэ цаг үед та бидэнд байгаа цорын ганц шударга төрийн зүтгэлтнийг Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвших боломжоор хангаад өгөөч ээ. Үүнийг маш олон монголчууд хүсэж байгаа шүү. 
Энэ хүнийг Монголын ард түмэн дэмжинэ шүү. Та бидний эвслийн удирдлагуудад хандан хэлэхэд та бүхэн хэлэн дээр чинь орж ирсэн шар тосыг битгий түлхчихээрэй дээ. 
 
Сонголт тань мэргэн байх болтугай! 
 
 Ш.Гансүх