sonin.mn

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан болон холбогдох албаныхан өчигдөр (2025.04.29) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага болон Үүсмэл орд ашиглагч “Ачит ихт” ХХК , “Эрдмин” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн төлөөллүүдтэй уулзаж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцав. 


Уулзалтаар үүсмэл ордуудад олборлолт, санхүү, хууль зүйн судалгаа, тооцоолол хийж, дүгнэлт гаргасны үндсэн дээр төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хувилбарууд гаргаж, орд ашиглагч хувийн хэвшлийн компаниудтай хэлэлцээр хийх тухай санал солилцов.


ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Үндсэн хуулийн дагуу стратегийн ордоос үүссэн үүсмэл ордоос иргэд хувь эзэмшиж, үр өгөөжийг нь хүртэх ёстой. Баялгийн хуваарилалтаа шударга болгосноор, Монгол хүн эх орныхоо эрдэнэсийн өгөөжийг эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо бодитоор зориулж эхэлнэ. Тиймээс хувийн хэвшлийн компаниудтай хэлэлцээр хийх ажлыг эхлүүлнэ” гэсэн юм. 


Засгийн газрын өнөөдрийн (2025.04.30) хуралдаанаар Үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлав. Ингэснээр стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох шаардлагыг албажуулж байна. Мөн уурхайг түшиглэсэн үүсмэл ордуудыг ашиглахдаа нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, тэнцсэн тохиолдолд гэрээ хийх нөхцөл бүрдэж байна.