sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Волгоградын Гумрак нисэх онгоцны буудлын нэрийг "Сталинград" болгон өөрчлөхийг зөвшөөрчээ. 

Энэ талаар Оросын төрийн тэргүүний Волгоград хотод хийсэн айлчлалын дараа Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Уг санаачилгыг Волгоград мужийн амбан захирагч Андрей Бочаров гаргасан бөгөөд тэрбээр Оросын төрийн тэргүүнийг тус хотод айлчлах үеэр энэхүү санаачилгыг уламжилсан байна.

Амбан захирагчийн хэлснээр тэрбээр тус бүс нутгийн иргэд болон бусад бүс нутгийн оршин суугчдаас уг нисэх онгоцны буудлын нэрийг "Сталинград" болгон нэрлэж өгөхийг хүссэн олон хүсэлтийг хүлээн авсныг мэдэгджээ.


Тэрбээр уг нэрийг өөрчлөх санаачлагчдын дунд "цэргийн тусгай ажиллагаанд" оролцсон ахмад дайчид, цэргүүд байгааг дурьдсан байна.  

Хариуд нь Путин "Тэдний үг миний хувьд хууль. Бид үүнийг хийх болно. Би Москвад буцаж ирээд энэ нисэх онгоцны буудлыг Сталинградын нэрэмжит болгох зарлиг бэлтгэж, гарын үсэг зурна" гэж хариулжээ.

Дараа нь Кремлийн хэвлэлийн албанаас Волгоградын нисэх онгоцны Гумрак буудлыг "Сталинград" болгон нэрлэсэн Путины гарын үсэгтэй зарлигийг нийтэлсэн байна.


Эх сурвалж: moscowtimes.ru

Ж.Бат