
БРЮССЕЛЬ, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /AFP/. Гадаадын чинээлэг хөрөнгө оруулагчдад зориулсан “Алтан паспорт”-ын схем нь Европын Холбооны /ЕХ/ хууль тогтоомжийг зөрчиж байна гэж ЕХ-ны дээд шүүх мягмар гарагт шийдвэрлэжээ.
Европын бус иргэд тодорхой төлбөр төлөх эсвэл хөрөнгө оруулалт хийх замаар Мальта, улмаар ЕХ-ны иргэншлийг худалдан авах боломжийг олгодог уг хөтөлбөрийн талаар Европын Комиссоос 2022 онд Мальта улсын эсрэг дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
“Холбооны иргэншлийг арилжааны хэлцлээр олгож болохгүй” гэж ЕХ-ны шүүх мэдэгдээд, Мальта улс ЕХ-ны хуулийг зөрчсөн гэж үзжээ. Мягмар гарагт гаргасан уг шийдвэрийг заавал дагаж мөрдөх ёстой тул Мальта уг схемийг зогсоох ёстой, эс бөгөөс их хэмжээний торгууль төлнө. Мальта улсын Засгийн газрын зүгээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн шүүхийн шийдвэр өмнө нь олгосон “алтан паспортуудад” нөлөөлөхгүй гээд, одоогийн болон өмнөх хууль тогтоомжийн хүрээнд гаргасан шийдвэрүүд хүчинтэй хэвээр байна гэж мэдэгджээ.
Комисс мягмар гаргийн шийдвэрийг сайшаан хүлээн авсан байна. ЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч Маркус Ламмерт сэтгүүлчдэд хэлэхдээ, одоо Мальта улс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үлдлээ гэжээ.
Орос, Хятадын чинээлэг иргэд Мальта улсаас ЕХ-ны иргэншил авахын тулд уг схемийг ашигладаг байжээ. Мөн Кипр, Болгарт ижил төстэй схемүүд байсан боловч хожим зогсоосон байна. 2022 онд Оросын арми Украин руу довтолж, улмаар Европын зүгээс Кремльтэй холбоотой хүмүүсийн эсрэг хатуу арга хэмжээ авсны дараа Мальта улс Орос, Беларусийн иргэдээс “алтан паспорт”-ын хүсэлт хүлээн авахаа түр зогсоожээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
орсын ард түмний хөрөнгийг гадаадт гаргаж ядууруулж байсан явдал таслан зогсоогдлоо олигарх сөнөтүгэй