
ХАНОЙ, 2025 оны дөрөвдүгээр сары 30 /DW/. Вьетнамын дайн дууссаны 50 жилийн ойг тус улсад өнөөдөр өргөн дэлгэр тэмдэглэж байна. Үүний хүрээнд өмнөд нутгийн Сайгон хотод цэргийн сүрт жагсаал болж, Хятад, Лаос, Камбожийн цөөн тооны цэрэг Вьетнамын армийн дараа анх удаа жагссан байна.
Парад асар олон хүний анхаарлыг татсан бөгөөд тэдний ихэнх нь парад үзэхийн тулд шөнөжин хүлээжээ. Цугласан олон улаан туг мандуулж, эх оронч сэдэвтэй дуу дуулж байсны дотор олон залуучууд байжээ. Тусгаар тогтнолын ордны дэргэд болсон парадын үеэр төрийн далбаа бүхий нисдэг тэргүүд, цэргийн онгоцууд нисэж байв. Парадад цэрэг, бэлтгэл цэрэг, ахмад дайчид, нутгийн иргэд зэрэг 13 мянга орчим хүн оролцсон байна.
1954 онд эхэлсэн дайн 1975 оны дөрөвдүгээр сарын 30-нд Хойд Вьетнамын тал АНУ-ын дэмжлэгтэй Өмнөд Вьетнамын нийслэл Сайгоныг булаан авснаар дуусжээ. Тус хотыг дайны дараахан Хойд Вьетнамыг үүсгэн байгуулагч Хо Ши Минийг дурсгалыг хүндэтгэн Хо Ши Мин хот гэж нэрлэсэн байна.
Вьетнамын Коммунист намын дарга, тус улсын дээд удирдагч То Лам парадын өмнө хэлсэн үгэндээ “энэ бол дарангуйллын эсрэг шударга ёсны ялалт байсан” гэж хэлсэн байна. “Вьетнам бол нэг улс, вьетнамчууд бол нэгэн цул ард түмэн. Гол мөрөн ширгэж, уулс нурж сүйдэж болно, үнэн хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэж тэрбээр Хо Ши Миний уриаг эш татан хэлжээ.
АНУ тус улсаас цэргээ гаргаснаас хойш хоёр жилийн дараа Сайгон эзлэгдсэнээр 3 сая вьетнамчууд, 60 мянга орчим америк цэрэг амь үрэгдэж, 20 жилийн турш үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн төгсгөл болсон юм. То Лам хэлсэн үгэндээ ялалт байгуулахад хуучин Зөвлөлт Холбоот Улс, Хятад улсын “асар их дэмжлэг”, Лаос, Камбожийн “эв санааны нэгдэл” нөлөөлснийг үнэлсэн байна. Тэрбээр мөн дэлхийн өнцөг булан бүрийн дэвшилт үзэлт иргэд, тэдний дотор америкчуудын иргэдийн дэмжлэгийг дурджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
60000 америк цэрэг яг яах гэж юуны төлөө байлдаж байгаагаа ч мэдэлгүй амиа алдацгаажээ,,,яг тарган бацааны тугалган цэрэг,,,,бөгспутины бууны махан орос цэргүүд шиг,,,,даян дэлхийд энх тайван,,,миру мир,,, Peace to the world,,,