sonin.mn

Монгол Улсад генерал хэмээх эрхэм цолыг олгож эхэлсний 81 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ЗХЖШ-ын орлогч дарга, Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе асан бэлтгэлд байгаа хошууч генерал Жамбаагийн Бадамбазартай ярилцлаа.


Бидний урилгыг хүлээн авч манай сонины редакцад хүрэлцэн ирсэнд баярлалаа. Танд генералуудын өдрийн мэндийг хүргэе.


-Баярлалаа. Нэгэн цаг үед ажил хөдөлмөрийн зам мөр нийлж явсан “Соёмбо” сониныхоо редакцад уригдан ирсэндээ баяртай байна. ЗХЖШ-т ажилладаг байхдаа тус сонины нийтлэлийн бодлогод хяналт тавьдаг, хяналтын уншлага хийдэг, ер нь л их ойр ажилладаг байлаа, бид.


Тэгэлгүй яах вэ. Та ер нь Монгол Улсын хэд дэх генерал вэ? Анх энэ цолонд хүрэхэд ямар сэтгэгдэл төрж байв?


-Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2011 оны 5 дугаар сарын 25-нд бригадын генерал цол хүртэж Монгол Улсын 156 дахь генерал болсон. Цухасхан түүх дурдахад, Анх 1980 онд цэргийн сургуульд орох гээд каринтилагдаж байхад дэслэгч Б.Готовдорж (бэлтгэлд байгаа хурандаа) дарга маань биднийг жагсаагаад “Байлдагчийн халаасанд генералын погон байдаг шүү, нөхөд өө!” гээд л тэр үеийнхээ хэллэгээр ярина биз дээ. Тухайн үед юун тэр генерал погон байтугай цэргийн анхан шатны сургалтаа яаж шуухан давдаг юм билээ л гэж бодож явсан. Дээрээс нь би айлын отгон хүүхэд болоод ч тэр үү чөлөөтэй байгаад өсчихсөн хүнд чинь цэргийн алба их л хүнд санагдсан шиг байгаа юм.


Сонсоод л байх нь ээ генерал цолонд хүрнэ гэдэг цэргийн хүний хувьд онцгой хувь тавилан гэж ахмадууд маань ярьдаг байв. Харин хожим би өөрөө тус цолонд хүрэхтэй зэрэгцээд асар том хариуцлага дагалддаг том алба юм аа гэдгийг л их сайн ухаарсан.


Энэ цолыг хүртэх болсон талаар анх Ерөнхийлөгчийн Тамгын газраас над руу залгаж хэлсэн. Тэр үед ижий маань амьд сэрүүн байлаа. Нэн даруйхан ээж рүүгээ утасдаж хэлсэн, шуудхан л бурхандаа залбирч байгаа нь сонсогдсон, дараа нь эхнэртээ энэ мэдээг дуулгасан, дуу нь хадаад л явчихсан, төрсөн эгчдээ хэлсэн, уйлсан. Дараа нь хэдэн сайхан дарга нартаа илтгэж, найз нөхдөдөө уламжилсан. Бүгд л энэ мэдээг удаан хүлээсэн юм шиг их халуун дотноор хүлээж авсан. Тэгэхэд цэргийн албанд өнгөрөөсөн бүхий л сайхан дурсамжууд эргэн бодогдож, баярлаж догдлохын зэрэгцээ дээр дурдсанчлан асар том хариуцлагаас эхлээд их олон зүйл бодогддог юм билээ. Энэ цол бол намайг өсгөж хүмүүжүүлсэн эцэг эх, өдий хүртэл тулах цэг минь байсан гэр бүл, бүх хугацаанд удирдан чиглүүлж, хамран зүтгэж байсан дарга, удирдлага, багш, найз нөхдийн маань буян, хувь хишиг л гэж боддог. Түүнээс биш дангаараа яваад энэ цолыг авсан зүйл огтоос биш шүү дээ.


May be an image of 1 person and text

Генерал гэдэг эрхэм цол магадгүй залуу офицер болгоны мөрөөдөл байдаг болов уу. Тиймдээ ч энэ цолны тэр том нэр хүндийг дааж явна гэдэг амаргүй байх. Энгийн нэг цэргийн алба хаагч гэж өөрийгөө харахаас илүү бусдад өөрөөрөө, үйлдлээрээ, үг хэлээрээ үлгэрлэх ёстой хүмүүс гэж боддог. Та энэ цолны үнэ цэнийг юу гэж хардаг вэ?


-Ер нь дэлхийн аль ч улсад маш хариуцлагатай албан тушаалд томилогдсон хүн л генерал цолонд хүрдэг жишиг бий. Тэр үүрэг хариуцлагыг нь төрөөс үнэлж олгож байгаа хэргэм шүү дээ. Тэгэхээр энэ албыг хашиж, өмнө тавигдсан үүргээ гүйцэтгэхээс гадна бусдадаа үлгэрлэгч, манлайлагч нь байх албан бус үүрэг шууд дагалдаж ирдэг. Би залуухан дэслэгч байхдаа дарга нараасаа үлгэрлэхийг хичээдэг байлаа. Манай салбарын нэг онцлог нь хэн нэгэнд шуудхан заагаад, сургаад явахаас илүү өөрийн биеэр үлгэрлэж харуулдаг.


Дүрэмт хувцсаа ингэж гоё цэвэрхэн, ном журмаар нь өмсдөг юм байна, ажил мэргэжил, ар гэртээ ингэж санаа тавьдаг юм байна гэж харахаас эхэлнэ. Тэр бүхэн нь залуучуудад толь болдог гэсэн үг.


Жишээ нь, миний анхны захирагч Л.Төмөр гэж хурандаа байлаа. Захирагчийн маань тавьж буй шаардлага, зарим үед залуу офицеруудаа хэрхэн дэмжиж байгааг нь хараад хожим ийм л дарга болох юм сан гэдэг бодлоос л бүх зүйл эхэлсэн. Тиймдээ ч би өнгөрсөн хугацаанд бусдад үлгэрлэхийг хичээж ажилласан. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх ёстой гэдгийг ахмад үе маань надад сургасан. Ер нь өндөр албан тушаалд ирэхэд намайг захирч, даргалаад байх хүн цөөрдөг, би эрх мэдэлтэй болно гэдэг нь эргээд өнөөх хариуцлага гэдэг зүйлийг өндөрсгөдөг учраас аль болох л хичээж ажилладаг байсан.


Ер нь та аль нутгийн хүн бэ? Бага насныхаа дурсамжаас хуваалцвал...


-Би 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага, балчир насаа эргээд дурсахад ижий, аав минь биднийг их сайхан өсгөж, хүмүүжүүлжээ гэж бодогддог юм. Аав Төв аймгийн Эрдэнэсант сумын хүн. Харин ээж маань Бүрэнгийнх. Зуны дэлгэр цагаар ижий, аавынхаа нутгаар зусдаг байв. Олон жилийн дараа бодоход эцэг, эх л болсон хойно хүүхдүүдээ өөрийн төрсөн нутаг ус, өтгөс буурлуудтайгаа ойр өсгөж хүмүүжүүлэх шиг зөв зүйл байдаггүйг илүү ойлгож байна даа.


Би Монгол Улсын ууган сургууль гэгддэг нийслэлийн 3 дугаар сургуулийг төгссөн. Тус сургуулийг төгссөндөө бахархаж явдаг юм. Анх 1921 онд бага сургууль нэртэйгээр байгуулагдсан түүхтэй юм билээ.


Цухас дурдахад, манай 3 дугаар сургуулийг төгсөгчдөөс гурван генерал төрсөн. Эхнийх нь ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Г.Дамдинсүрэн гуай, дараа нь шинжлэх ухааны доктор, хошууч генерал Б.Эрдэнэбат, тэгээд би юм билээ. Харин хурандаа цолтон олон бий. Дунд сургуулиа төгсөөд Цэргийн Ерөнхий дээд сургуульд 1980 онд элсэн орж байлаа.


Чухам яагаад цэргийн мэргэжил эзэмших шийдвэр гаргав?


-Сурагч байхад ирээдүйд ажиллаж хөдөлмөрлөх мэргэжлээ сонгоно гэдэг амьдралын хамгийн чухал, том алхам байлаа. Тухайн үед олон ч мэргэжил толгойд бодогддог байв. Биднийг 10 дугаар ангиа төгсдөг жил гаднын цэргийн дээд сургуульд суралцуулах хуваарь ирсэн. Манай ангийн найз Н.Энхбат (бэлтгэлд байгаа хурандаа) бид хоёр ярьж байгаад л ерөөсөө дэгтэй, журамтайгаар нь цэргийн мэргэжил эзэмшье гэж шийдээд шалгаруулалтад нь ортол харамсалтай нь миний оноо хүрэлгүй үлдчихсэн. Тэгээд л ерөөсөө анх бодсоноороо цэргийн мэргэжил эзэмшье гэж шийдээд Цэргийн Ерөнхий дээд сургуульд артиллерийн ашиглалтын инженер мэргэжлээр элсэн суралцсан.


Сургуулиа төгсөөд Монголын Ардын Армийн анхны тодотголтой ангийн нэг 019 дүгээр артиллерийн хороонд салааны захирагчаар томилогдож ажил амьдралынхаа гарааг эхлүүлж билээ.


Ирэх жил нь буюу 1985 онд Батлан хамгаалах яамны шалгалтад миний салаа онц дүгнэгдэж байв. Дараа нь салбарын захирагчаар томилогдож өөрийн хариуцсан алба хаагчдаа дөрвөн жил удирдаж ажиллахдаа нэг жилд нь онц, гурван жилд нь сайнаар дүгнүүлсэн. 1986 онд Армийн тэргүүний залуу офицеруудын анхдугаар зөвлөгөөн гэж зохиогдоход тус үйл ажиллагаан дээр миний бие хугацаанаасаа өмнө ахлах дэслэгч цол хүртэж байлаа. Цолоо тухайн үед Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байсан хурандаа генерал Ж.Ёндон гуайгаас гардаж авсан. Яг тэр үед авхуулсан зураг одоо ч надад бий. Дараагаар нь би дивизионы орлогч, нэгтгэлийн артиллерийн дарга, Цэргийн их сургуулийн Артиллерийн тэнхимд багш, Батлан хамгаалах яаманд ахлах мэргэжилтэн, тасгийн дарга, ЗХЖШ-т мэргэжилтэн, газрын дарга, орлогчоор, мөн нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабт орлогч даргаар ч ажиллаж үзсэн. Хамгийн сүүлд Монгол Улсаас БНТУ-д суух Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташегийн албыг хааж байгаад өнгөрсөн жилийн 10 дугаар сард бэлтгэлдээ гарлаа даа.


Өнөөдөр ярихад даруу биш болох байх л даа. Би гэдэг хүн чинь 10 жилдээ ангийн дарга, пионерт элссэнээс хойш бүлгийн зөвлөлийн дарга, сургуулийнхаа эвлэлийн хорооны гишүүн, дээд сургуульд ороод сонсогчоос тасгийн захирагч, ахлагч цол хүртэл өсөн дэвшсэн. Энэ хугацаанд олон сайхан багшаар эрдэм ном заалгасандаа өөрийгөө их хувьтайд тооцдог юм.


Ялангуяа дээд сургуульд мэргэжил эзэмшихэд артиллерийн чиглэлийн маш чадварлаг, мундаг багш нар байлаа. Ер нь эргээд бодоход энэ албыг амжилттай хаахад үе үеийн дарга, багш нар, найз нөхөд болоод гэр бүлийн минь үнэлж баршгүй хувь нэмэр байсан гэдгийг үргэлж дотроо бодож, тэдэндээ баярлаж явдаг. Тэтгэвэрт гарсныхаа дараа бодоход цэргийн дарга, офицер хүний хувиар дан ганцаараа хийж бүтээсэн зүйл их ховор байдаг юм билээ. Ерөөсөө л хамт олны гар нийлсэн ажиллагаа, хичээл зүтгэлээс бүх зүйл шалтгаалдаг. Харин дарга бол тэднийг зөвөөр удирдан чиглүүлэх үүргийг хүлээдэг.


Тантай нэгэнт л хөөрөлдөж суугаагийнх энхийг сахиулах ажиллагааны талаар ярихгүй өнгөрвөл алдас болох байх. Анх 2003 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцоход та цэргийн багийн орлогчоор үүрэг гүйцэтгэсэн шүү дээ...


-Тийм ээ. Би 1997-1999 онд Батлан хамгаалахын удирдлагын академид суралцаж төгссөн. Тэгээд Зүүнбаян, үргэлжлүүлээд ЗХЖШ-т алба хааж байтал 2001 онд БНТУ-ын Зэвсэгт хүчний академид суралцах боломж гараад 2003 онд төгсөж ирсэн. Тэр жил Монгол Улсын Зэвсэгт хүчнээс дэлхийн халуун цэгт явагдаж буй “Иракийн эрх чөлөө” энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах шийдвэр гарч анхны багийн захирагчаар Б.Баярмагнай генерал (тухайн үед хошууч цолтой байсан), миний бие тус цэргийн багийн орлогчоор томилогдсон нь магадгүй захирагч бид хоёр хоёулаа артиллерчид учраас ажлын ойлголцол арай өндөр байсан, дээрээс нь тэр жил нь би БНТУ буюу НАТО-гийн гишүүн оронд мэргэжил дээшлүүлээд ирсэн нь нөлөөлсөн гэж боддог. Харамсалтай нь тэр үед би орос, турк хэлтэй байснаас биш англи хэлний мэдлэг маруухан байлаа.


Бид бүр 5 дугаар сараас эхлээд л ажиллагааны өмнөх бэлтгэлд гарсан. Тэр үед Г.Рагчаа генерал маань биднийг маш сайхан удирдаж, голдиролд нь оруулж өгсөн, бид ч богино хугацаанд хамт олон болж төлөвшсөн, ажиллагааны газар оронд очоод үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирсэн.


Цэргийн баг болж үүрэг гүйцэтгэнэ гэдэг нэг том хамт олныг бий болгодог. Ер нь үе үеийн цэргийн багууд өөрийн гэсэн онцлогтой, дотно сайхан харилцаатай байдаг. Манай цэргийн баг 8 дугаар сарын 29-ний өдөр Иракийг зорив оо. Гэтэл яг тэр өдөр нь миний төрсөн өдөр байж таарсан юм. Биднийг ирж авах Америкийн онгоц яг хэдний өдөр ирэх нь тодорхойгүй байсан болохоор өглөө гэрээсээ гарахдаа эхнэртээ орой нь ирээд төрсөн өдрөө тэмдэглэнэ ээ гэж хэлчхээд гарсан чинь онгоц маань гэнэтхэн ирчихсэн, бид ч бүр эртнээс аранз, ачаагаа бэлтгэчихсэн байсан учраас тэр даруй л онгоцондоо суугаад нисчихсэн хөгтэй явдал бий. Тэрхүү цэргийн багийн үүрэг гүйцэтгэлт бидний хувьд энхийг сахиулах ажиллагаанд маш том туршлага болсон гэж боддог. Энэ бол тухайн үед цэргийн багт томилогдсон офицер, ахлагч болгоны ач гавьяа юм шүү дээ. Тэр ондоо манай Зэвсэгт хүчний артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэхээр хилийн дээс алхсаныг мөн дурдахгүй өнгөрч болохгүй. Түүнээс хойш Монголын Зэвсэгт хүчин цэргүүдээ дэлхийн халуун цэгүүд рүү тасралтгүй илгээж байна.


Манай цэргүүдийг бусад орны энхийг сахиулагчид хэрхэн хүлээж авч байв?


-Эхний гурван долоо хоног орчим тэнд алба хааж байгаа олон улсын дивизүүд биднийг анх удаа олон улсын ажиллагаанд оролцож байгаа, дээрээс нь социалист системээсээ салаад удаагүй гэдэг байдлаар нэлээд шинжингүй харсан. Удалгүй 9 дүгээр сарын 22-нд манай цэргийн бааз анхны халдлагад өртлөө. Тэр мөчид манай улсын цэргийн баг л мандатад заагдсан дүрэм журмаараа ямар нэгэн алдаа дутагдалгүйгээр үүргээ гүйцэтгэсэн. Харин маргаашаас нь бусад улс орны цэргүүдээс ирэх хандлага тэс өөр болчихсон нь мэдрэгдсэн. Биднийг баазад дөнгөж ирэхэд америк цэргүүд биеэсээ буугаа ер салгадаггүй байлаа. Уг нь бааз дотор буугүй явахыг зөвшөөрдөг ч бидэнд итгээгүй байх л даа. Харин тэр халдлагын араас бааздаа буугүй явдаг болсон. Бидэнд итгэсэн юм байна даа гэж бодогдсон. Түүнээс хойш баазын хамгаалалтын асуудал дээр Польшийн цэргийн удирдлагууд манайд бүрэн итгэл хүлээлгэдэг болсон. Тиймээс монгол цэргийн нэр хүнд олон улсын тавцанд анхнаасаа л өндөр байсан, өнөөдөр ч тэр нь үргэлжилж байгаа.


Цагийн байдал ороо бусгаа тийм газар оронд үүрэг гүйцэтгэхээр очих үеийн анхны сэтгэгдэл ямар байсан бэ?


-Тус ажиллагааны газар орныг ерөнхийд нь төсөөлбөл Монголын байгаль цаг уураас тэс өөр, дээрээс нь байнгын халдлага, түрэмгийлэлтэй ийм л нөхцөл байдалд бид очсон. Гэтэл манай офицер, ахлагч нар тэр орчинд маш түргэн дассан.


Монгол хүн айдсаа тэр болгон ил гаргаад байдаггүй онцлог чанартай. Мэдээж бидэнд айдас байсан. Гэхдээ тавигдсан үүргээ биелүүлэх тал дээр айдсаа даван гарах чадвар маш өндөр юм билээ. Үүнийг монголчуудын олон мянган жилийн дайчин гентэй ч холбож тайлбарлаж болно.


Хамгийн гол нь бид ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулилтаа сайн базаасан учраас ямар нэгэн хүндрэлийг даван туулахад хялбар байсан. Энэ сэтгэл зүйгээ монгол цэргийн алба хаагчид өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ер алдаагүй. Үүнийг яаж сайн мэдээд байна вэ гэхээр, би ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, мөн орлогч дарга байхдаа энхийг дэмжих ажиллагааг хариуцаж ажилладаг байлаа. Манай энхийг сахиулагчид үерт урссан алба хаагчдыг, барьцаанд орсон, халдлагад өртсөн энгийн иргэдийг авран хамгаалсан маш олон тохиолдол бий. Чухамдаа цэргийн алба хаагчдынхаа ар гэрийн санаа сэтгэлийг зовоохгүй гэсэндээ энэ мэдээллүүдийг нууцлах журамтай байдаг.


Тэгвэл цэргүүдээ ажиллагааны газар орон руу үдэх, мөн үүргээ амжилттай гүйцэтгээд ирэхийг нь харж тосох мэдрэмж ямар байдаг вэ?


-Өнгөрсөн хугацаанд хилийн дээс алхсан ихэнх цэргийн багийг миний бие үдсэн. Цэргийн алба хаагчдаа үдэж гаргах үеийн мэдрэмж их түгшүүртэй. Монгол хүн л болсон хойно энэ тэнд бурхан шүтлэгтээ мөргөнө, тэр болгондоо цэргүүдээ л эх орондоо эсэн мэнд ирээсэй гэж залбирдаг. Харамсалтай нь зарим алба хаагчид маань эндэх тохиолдол ч гарсан. Харин би цэргийн багаа ирэхэд нь тосох хамгийн дуртай. Өөрийнхөө хүүхдүүдийг тосож байгаа юм шиг л их баярладаг. Тэр хүнд нөхцөлд гэр бүл, эх орноосоо хол газар үүрэг гүйцэтгэнэ гэдэг ямар их тэсвэр тэвчээр, хатуужил, сэтгэл зүйн олон сорилтыг давдаг билээ. Үүнийг нь бодохоор цэргүүдээрээ бахархахаас өөр аргагүй шүү дээ.


Таныг ХБНГУ Бундестагийн өмнө байгуулсан гавьяаг тань үнэлж тус улсын БХЯ-ны “Алтан загалмай” одонгоор шагнаж байсан талаар мэдээлэл уншиж байсан. Гэхдээ нийтэд төдийлөн ил болоогүй байх.


-Нийтэд өөрийнхөө ажлыг сурталчлах нь байтугай салбарынхаа сонинд хүртэл жижиг ярилцлага өгч үзээгүй хүн дээ, би. (инээв) Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2009 онд Афганистанд үүрэг гүйцэтгэх нөхцөл байдлыг судлах ажлын гурван хэсэг гарч бид ажилласан юм. Улмаар салбарын удирдлагуудаас Герман болон Америкийн цэргийн багтай хамтарч үүрэг гүйцэтгэхээр шийдвэр гаргасан. Улмаар ирэх оноос нь би тус ажиллагааны асуудлаар Германы талтай их ойрхон хамтарч ажиллаж, энэ хугацаанд цэргийн багуудаа ажиллагаанд бэлтгэж оролцуулах, нөхөн төлбөр өгөх, уулын цэргийн сургалтыг зохион байгуулах талаар зөвшилцөлд хүрсэн. Германчуудтай жилд 2-3 удаа уулзалт хийнэ, нөхцөл байдлыг судлахын тулд Афганистаныг ч хэд хэдэн удаа зорьсон. Чухамдаа Монгол, Герман хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хувь нэмэр оруулсан гэж надад тус одонг өгсөн гэж ойлгодог.


May be an image of 2 people and text

Та Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд багагүй хугацааг өнгөрөөсөн. Та бүхэн олон ч ажлын ард гарч чадсан. Тэгвэл тэдгээрээс та аль ажлаа илүү онцлох вэ?


-2019 онд бид анх удаа олон улсын морин цэргийн “Аравт” уралдааныг Монголдоо зохион байгуулсныг онцлох хэрэгтэй. Тухайн үед ЗХЖШ-ын удирдлагууд зөвшилцөөд намайг тус тэмцээнийг зохион байгуулах ажилд томилсон. Бид заавраа анхлан боловсруулаад оролцогч орнуудын дунд хэд хэдэн төлөвлөлтийн хурал хийж, материал техник, морьдын талаар мэдээллийг тодотгож уг уралдааны ард амжилттай гарч байлаа. Оролцогч орнууд ч туйлын сэтгэл өндөр буцсан. Үүнд БХЯ, ЗХЖШ бүхий л хүч чадлаа зориулж ажилласан. Жишээ нь, “Соёмбо” сонин, “Дуулга” студиэс авсан зураг бичлэгээр сэтгүүл, шторк гаргаад олон нийтэд хүргэж байлаа. Энэ ажил маань Москвад хүртэл магтагдсан шүү. Мөн олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” сургуульд гурван ч удаа сургуулийн удирдагчаар үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн Монгол-Оросын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд удирдагчаар, 1997 оноос хойш хийгдээгүй байсан “Өгөөмөр” сургуулийг зохион байгуулсан, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх цэргийн багийг мөн Судан Улсад үүрэг гүйцэтгэх эмч нарын багийг бэлтгэж оролцуулсан гээд яривал олон ажлын ард гарчээ. Дээрээс нь 2018 онд би шүхрийн анхныхаа буултыг 55 насандаа буюу генерал болсон хойноо хийсэн. Тухайн үед энэ талаар хэнд ч хэлэлгүй ганцхан ЗХЖШ-ын даргаас зөвшөөрөл авч тус буултыг хийсэн. Чухамдаа шүхрээр буух миний бүр хүүхэд насны минь мөрөөдөл төдийгүй шүхэрчин дайчдынхаа сургалт бэлтгэл, онцлог юуг нь өөрийн биеэр мэдрэх гол зорилготой байсан.


Цэргийн хүнийг ёс журам, сахилга бат, зарчимч хичээнгүй байдал чимдэг. Үүгээрээ ч олноос ялгагддаг гэж боддог. Тэгвэл таны хувьд ажил албандаа ямар зарчмыг баримталдаг вэ?


-Хувцас өмсөх, биеэ авч явах гээд бидэнд дүрмээр зааж өгсөн харилцаа бий. Үүнд нэг чухал дүрэм байдаг нь, “Цэргийн алба хаагч өөртөө болон нөхөртөө тусална” гэж. Нөхөртөө туслалгүйгээр үүргээ өөрийн биеэр амжилттай гүйцэтгэнэ гэдэг ор хоосноос ялгаагүй. Тиймээс алба хаагчдадаа дүрмийн, албаны шаардлагуудаа тавихын зэрэгцээ тэднийгээ ойлгож, санал санаачилгыг нь сонсох нь их чухал. Сонсдоггүй юм аа гэхэд мэдэрч байх ёстой. Үүний тулд л дарга болон цэрэг гэдэг ойлголт бий шүү дээ. Цэргийн мэргэжил дотроо их олон янз. Энэ болгоныг бүрэн эзэмшсэн хүн гэж хаа ч байхгүй. Дээрээс нь гадаад хэлийг заавал сурах ёстой. Учир нь цэргийн салбарт алба хааж байгаа л бол албан тушаалаас үл харгалзан өөрийн хүссэн мэдээллээ олзворлож чаддаг байх хэрэгтэй.


Цэргийн хүний түшиг тулгуур нь яах аргагүй ар гэр байдаг. Энэ ташрамд гэр бүлийн хүнээ танилцуулбал...


-Энэ албыг хоёргүй сэтгэлээр хаахад гэр бүл асар чухал нөлөөтэй. Ер нь цэрэг хүний ажил хөдөлмөр хүнд шүү дээ. Хээр хөдөө олон хоногоор явна, гэртээ оройтож орно. Би Зэвсэгт хүчиндээ энэ олон жил алба хаахад ар гэр маань байгаагүй бол яах байсан бол оо гэж бодогддог. Миний эхнэрийг Н.Энхтуяа гэдэг. Бид 10 жилийн нэг сургуулийн хоёр. ЗХУ-д хүнсний технологийн мэргэжлээр төгссөн. Одоо тэтгэвэртээ суучихсан. Хүү маань цэргийн мэргэжил эзэмшсэн, одоо БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газар ажилладаг.


Ер нь хожим бодоход энэ мэргэжлийг сонгосон тань хэр зөв шийдвэр байв?


-Зөв байлгүй яах вэ. Өдий зэрэгтээ явж байна гэдэг чинь өөрийн амьдралынхаа үнэ цэн, утга учрыг олоод авчихсан л гэж боддог. Хэдий би өнөөдөр 60 гарчихсан ч цаашид ажиллая, хийж бүтээе гэсэн тэмүүлэл бий. Аав хүнийхээ үүргийг ч биелүүлэх ёстой шүү дээ. Тиймээс эрүүл байх хэрэгтэй болж байна. Цэргийн албанд байсан гэдгээрээ дасгал хөдөлгөөнөөс хөндийрсөнгүй. Сүүлийн найман жил л фитнесээр тасралтгүй хичээллэсэн. Үүнийхээ хүчинд даралт ихсэх өвчин, хууч алга. Энэндээ бүр урамшаад орчихсон. Ер нь идэвхтэй амьдрах арга ухааныг цэргийн албанаас сураад буцдаг гэж ойлгодог.


Та Монгол Улсаас БНТУ-д суух Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташегаар алба хаагаад эх орондоо ирсэн. Атташегийн албаны талаар тайлбарлавал...


-Манай улсын гадаад бодлогын үзэл баримтлал, холбогдох хууль дүрэмд зааснаар улс төр-цэргийн дипломат харилцааг бэхжүүлж итгэлцлийг бий болгоно гэдэг нь Монгол Улсын аюулгүй байдлын чухал асуудал. БНТУ-д манай улсаас 2019 оноос эхэлж атташе суудаг болсон. Энэ хугацаанд хоёр улсын хооронд хамтын ажиллагааны чиглэлээр олон ажил хийгдсэн. 2023 онд буюу намайг атташегаар ажиллаж байхад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд тус улсад албан айлчлал хийж байв. Маш чухал зөвшилцлүүдэд хүрч чадсан. Хоёр орон хамтраад манай улсад цэргийн аж үйлдвэрийн нэг салбар үйлдвэрийг байгуулахаар тохиролцсон. Мөн цэргийн архив, түүх, мэдээллийн чиглэлээр хамтарч ажиллахад гарын үсэг зурсан. Мөн олон улсын сургуулиудад манай Зэвсэгт хүчнийг оролцуулах талаар идэвхтэй яригдаж эхэлсэн. Оюутан сонсогчдыг нэмэгдүүлэх талаар ч яриа хэлцэл хийсэн. Энэ бүх үйл ажиллагаанд батлан хамгаалахын атташегийн алба чухал үүргийг хүлээсэн.


Тус улсад атташегаар ажиллаж байх хугацаанд газар хөдлөлт болж, тоо томшгүй их хохирол учирсан. Тухайн үед эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх Монгол Улсын баг Туркт газардсан. Тэр үед Туркийн Засгийн газар, ард түмэн манай багийг хэрхэн хүлээж авсан бэ?


-Манай улсын алба хаагчдыг маш таатайгаар хүлээн авч, хожим өндөр үнэлэлт өгсөн. Гол нь газар хөдлөлтийн гамшиг болсон даруйд л Турк Улс маш шуурхай ажиллаж, тусламж дэмжлэг нэн шаардлагатай байгааг олон улсад зарласан. Би өөрөө тус улсад ирэх мөрдэстнүүдээ хариуцдаг учраас албан бичиг болоод бусад шаардлагатай албаны хэрэг хөтлөлтийг Элчин сайдаараа дамжуулж Монгол руу ирүүлсэн. Манай Засгийн газар ч маш шуурхай ажиллаж ердөө хоёр дох хоног дээр нь эмнэлгийн яаралтай тусламжийн болон эрэн хайх багаа илгээсэн. Тухайн үед Туркийн талаас манай алба хаагчдын талаар маш өндөр сэтгэгдэлтэй байсан, буцахад нь халуун дотноор үдэж өгсөн. Энэ маань ч эргээд манай хоёр улсын хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлсэн үйл явдал болсныг онцлох хэрэгтэй. Манай улсын баг Туркт газардангуут л би цэргийн үүргэвчээ бариад тэдэн рүүгээ очихоор замд гарсан. 200-гаад км замыг туулахын тулд хоногоор шахуу явж хүрсэн. Ямар ч байсан тэр өдрөө багаа олж очоод маргааш нь эмнэлгийн багаа байрлуулах байр, Онцгойгийн алба хаагчдын байрлах сууц зэргийг зохицуулахаас эхлээд тэднийгээ мэдээллээр хангах, туркийн талтай холбох ажлыг гүйцэтгэсэн.


Баярлалаа. Танд амжилт хүсье.


Ахлах дэслэгч Т.ИДЭР

Эх сурьалж: "Соёмбо" сонин