sonin.mn

ПАРИС, 2024 оны аравдугаар сарын 31 /France24/. Парисын Олимпын наадмын үеэр хэрэглээ нэмэгдсэн нь Францын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, 7-9 дүгээр сард 0.4 хувиар өссөнийг лхагва гарагт танилцуулсан албан ёсны тайлан мэдээлэл харуулжээ.  INSEE статистикийн агентлагийн гаргасан энэ тоон үзүүлэлт нь мөн лхагва гарагт нийтэлсэн еврогийн бүсийн дундаж үзүүлэлттэй нийцсэн байна.


Эхний хоёр улиралд 0.2 хувиар өсөж байсантай харьцуулахад өсөлт хурдассан нь “сайн мэдээ” юм гэж Санхүү, эдийн засгийн сайд Антуан Арман Франс Пресс агентлагт илгээсэн мэдэгдэлдээ дурджээ.


Ирэх саруудад инфляц, зээлийн хүү буурч, засгийн газрын хэрэгжүүлж буй шинэчлэлүүд үр дүнгээ өгөх төлөвтэй байгаа үед энэ өсөлт ажиглагдсан байна. Францын ДНБ-ий тэн хагасаас илүү хувийг бүрдүүлдэг хэрэглээний зардал 0.5 хувиар өссөн нь эдийн засгийн өсөлтийг хурдасгажээ. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний үнэ, зээлийн хүү нэмэгдсэний улмаас өрхийн зардал буураад байв.


“Энэхүү өсөлтийн ихээхэн хэсэг буюу тал орчим хувь нь Парисын Олимп, Паралимпын наадамтай холбоотой амралт зугаалгын үйлчилгээний зардалтай холбоотой” гэж INSEE-гийн мэдэгдэлд дурджээ. Ялангуяа тасалбарын борлуулалт, мультимедиа дамжуулалтын эрхийн борлуулалт голлон нөлөөлсөн байна.


Харин харьцангуй сул өсөлттэй салбаруудад худалдаа багтсан бөгөөд импорт экспортоос хурдацтай буурсны улмаас гуравдугаар улиралд ДНБ-д дөнгөж 0.1 пунктээр өсжээ. Мөн хөрөнгө оруулалт 0.8 хувиар буурсан ба бизнесийн хөрөнгө оруулалт 1.4 хувиар огцом буурсан байна.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг