СӨҮЛ, 2024 оны аравдугаар сарын 31 /Yonhap/. Умард Солонгосын цэргүүдийг Орост байршуулсан явдлыг Өмнөд Солонгос, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар зэмлэн буруушааснаас хойш хэдхэн цагийн дараа Умардын тал Япон тэнгис рүү тив алгасагч баллистик пуужин байх магадлалтай пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгджээ.
Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос /JCS/ мэдээлснээр, Умардын Пёньяны бүсээс өглөөний 7:10 цагийн үед пуужин харвасныг илрүүлсэн байна.
Умард Солонгосын баллистик пуужин нь босоо траекторын дагуу харвасан тив алгасагч баллистик пуужин бололтой байна гэж JCS-ноос сэтгүүлчдэд илгээсэн мэдэгдэлд дурджээ. “Манай арми Умард Солонгосын баллистик пуужингийн талаарх мэдээллийг АНУ, Японы талуудтай хурдан шуурхай солилцож байгаа бөгөөд байлдааны бүрэн бэлэн байдалд байна” гэж тус хороо мэдэгдсэн байна.
Лхагва гарагт Пентагонд болсон холбоотон орнуудын хэлэлцээний үеэр Өмнөд Солонгос, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар Умард Солонгосын та Орост цэргээ байршуулсныг “нэгэн дуугаар” эрс зэмлэн буруушааснаас хэдхэн цагийн дараа пуужинг харважээ.
Умард Солонгос хамгийн сүүлд есдүгээр сарын 18-нд ойрын тусгалтай баллистик пуужин харвасан бол өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-нд тив алгасагч баллистик пуужинг харваж байв.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
шаталтаар нь малууд тодорхойл