sonin.mn

БЕРЛИН, 2024 оны аравдугаар сарын 31 /DW/. Америкийн үндэстэн дамнасан мэдээллийн технологийн “Altair Engineering” компанийг Германы “Siemens” компани 10 тэрбум орчим ам.доллароор худалдан авч байгаагаа мэдэгджээ. 


“Аж үйлдвэрийн салбарын загварчлал, дүн шинжилгээний зах зээлд программ хангамжийн нийлүүлэлтээр тэргүүлэгч Altair Engineering Inc. компанийг худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа.


Altair-ын хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаандаа 113 ам.доллар авна” гэж Siemens-ийн цахим хуудсанд нийтэлсэн хэвлэлийн мэдээнд дурджээ. Ингэснээр тус компани технологийн салбарт тэргүүлэгч байр сууриа бэхжүүлж, аж үйлдвэрлэлийн программ хангамжийн салбарт манлайлна гэж найдаж байна. "Загварчлал, өндөр хүчин чадалтай тооцоолол, мэдээллийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухааны салбар дахь Altair-ын нөөц чадавхыг Siemens Xcelerator-тэй нэгтгэснээр хиймэл оюунд суурилсан төсөл, загварчлалуудын дэлхийн хамгийн бүрэн хэмжээний багц бий болно” гэж Siemens-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Роланд Буш мэдэгджээ. Энэхүү хэлцэл хаагдсанаас хойш хоёр дахь жилээс нэгж хувьцаанд ногдох ашиг нэмэгдэх төлөвтэй байна. 


Хэлэлцээг ердийн нөхцөлөөр явуулж байгаа бөгөөд 2025 оны хоёрдугаар хагаст дуусгахаар төлөвлөжээ.


“Altair Engineering” бол аж үйлдвэрийн салбарын загварчлал, дүн шинжилгээний программ хангамж нийлүүлэгч компани юм. Тус компанийг 1985 онд байгуулсан бөгөөд 2017 онд нээлттэй хувьцаат компани болжээ. Түүний 3500 гаруй ажилтны 1400 орчим нь тооцоолол ба хиймэл оюун ухааны программ хангамж бүтээх чиглэлээр ажилладаг.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг