Дэлхийн бөмбөрцөг дээр Монголд элэгтэй, Монголыг судлахад чамгүй цаг заваа зориулдаг, сонирхон судалдаг маш олон хүн бий. Сонирхогч, аялагч зэргээр түвшнээр ялгавал өөр.
Тэгвэл Монголыг “Монгол” гэж тодотгосон бүхнийг шүүрэн авч судалдаг мэргэжлийнхэн ч цөөнгүй байдаг юм байна. Энэ хүрээллийнхний тоо жил ирэх тусам нэмэгдэж, төрөл жанр нь хүрээллээ тэлж байгаа аж. Үүнийг Ерөнхийлөгчийн ивээл дор таван жил тутам зохион байгуулдаг эрдэмтдийн цуглаанаас харж болно. 430 гэдэг бол чамлахааргүй их тоо. Учир нь ээлжит удаагаа нээлтээ хийсэн Олон улсын монголч эрдэмтдийн их хуралд 29 орны 430 гаруй эрдэмтэн оролцож, салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүлж байгаа нь чухам үүнийг л илтгэнэ.
1959 онд Олон улсын Монгол хэл бичгийн эрдэмтний Анхдугаар их хурал болсноос хойш өдгөө таван жил тутмын хугацаанд 11 дэх удаагаа Монголыг танин мэдэх, судлан шүүмжлэх, хэлэлцэн тунгаах арга хэмжээ болж байгаа юм. Орон орноос ирсэн монголч эрдэмтэд энэ жил “Монгол хэл бичиг судлал, “Монголын түүх судлал”, “Монголын соёл утга зохиол судлал”, “Монголын нийгэм эдийн засгийн судлал”, “Монголын гадаад харилцаа судлал” гэсэн таван салбарт хуваагдан өөрсдийн судалсан бүтээлээ хэлэлцүүлэх юм. Өөрөөр хэлбэл гурав хоногт монгол судлалын шинэ соргог мэдээ мэдээллээ харилцан солилцох юм.
“Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдэвт монголч эрдэмтдийн XI чуулган өчигдөр Төрийн ордонд нээлтээ хийх үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэдэл-зуны олимпийн их наадам Бразил Улсад амжилттай үргэлжилж байгаа энэ цаг үед Олон улсын монголч эрдэмтний их хурал-монгол судлаачдын олимп Улаанбаатар хотноо ийнхүү эхэлж байна. Бид даяаршлын эрин цаг үед үндэсний ижилслээ хадгалахын сацуу хүн төрөлхтний ололт амжилт, хувьсал шинэчлэлтэй хөл нийлүүлэн урагшлахыг эрмэлзэж яваа “зорилготой” улс юм.
Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх, “Монгол хэлний их тайлбар толь” төсөл, “Монгол бахархлын өдөр”-тэй болсон гээд хийсэн ажил чамгүй байна, хийх ажил ч их бий. Монгол төрийн хараа монгол судлалаас алхам ч холдоогүйг эндээс харж болно. Судалгааны уламжлалт талбар ч тэлж, монгол судлалын хүрээ өргөжиж байна. Иймд төрөөс монгол судлалын талаар баримтлах бодлого тогтвортой байх хэрэгтэй.
Монгол судлаачид залуу халаагаа бэлдэхэд улам их анхаарч ажиллах шаардлагатай байна. Судалгааны авьяастай, хичээл зүтгэлтэй залуусыг эрдэмд хөтлөх хэрэгтэй. Эрдмийн хүрээнд нутгархах үзэл, багш шавийн уламжлалаар талцах хэрэггүй юм. Үүнийг манай Монголын монгол судлаачид онцгой анхаарвал зохино” гэдгийг онцоллоо.
Мөн энэ үеэр эрдэмтэд анхны чуулганаас хойш хагас зууны түүхийг бичилцсэн, монгол судлалын хүрээг тэлж, олон улсад хөгжүүлэхийн төлөө эрдэм билгүүн, оюун ухаанаа дайчлан зүтгэсэн Академич Б.Ринчен, Академич Ц.Дамдинсүрэн, Академич Ш.Лувсанвандан, А.Лувсандэндэв, Б.Ширэндэв, Ш.Бира, Ч.Баудэн, Г.Абемацу, Ш.Озава, П.Алто, Г.Санжеев, Рагу Вира зэрэг алдар цуутай олон эрдэмтнээр бахархаж байгаагаа хэлж байв.
Чуулганд “Монгол судлал ба тогтвортой хөгжил” илтгэл хэлэлцүүлсэн Г.Чулуунбаатар, Д.Төмөртогоо нар “Даян дэлхийн өнцөг булан бүрт сургалт судалгааны ажил эрчимтэй хийгдэж олон нийтийн хүртээл болсоор байна. Дэлхий дахинаа нэр хүнд нь өсч, шилмэл баялагт суурилсан монгол судлал хүн төрөлхтний оюун санааны суурь болж байна. Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогыг хангахад ахиц гарсан нь энэ удаагийн хурлаар хэлэлцэх ерөнхий асуудал байх болно.Гадаад дахь монгол судлалыг дэмжих үйл ажиллагаа баяжиж байна” гэдгийг хэллээ.
Монгол судлалыг хэрхэн судалж буй талаар Унгар улсын эрдэмтэн судлаачийн байр суурийг сонирхоход “Би их сургуулийн тэнхимийн эрхлэгч. Оюутан байхдаа 1980-аад оны эхээр МУИС-д дадлага хийж байсан. Түүнээс хойш монгол судлалаар идэвхтэй ажиллаж байна. Монгол, Унгарын ард түмнийг нэг цустай гэж үздэг ч түүхэн үнэний талаар маргаантай зүйлүүд бий. Унгар мал аж ахуй, бөө мөргөл, нүүдлийн соёлтой гээд Монгол Улстай төстэй.
Гэхдээ ямар замаар хэрхэн холбогдсоныг шинжлэх ухааны үүднээс судлаагүй. Монгол бол онцгой сонин улс. Бүр XIX зууны хоёрдугаар хагаст Унгарын эрдэмтэн Монгол Улсад ирж амьдралын онцлог, нутгийн аялгууг судалсан байдаг. Түүнээс хойш олон хүн сонирхож эхэлсэн. Би оюутан байхаасаа монголчуудын аман соёл, нутгийн аялгууг судалсан. Сүүлд бөө мөргөл их судалж байна. Даяаршлын онцлогоор монголчуудын аман соёл, нутгийн аялгуу бүдгэрч байна. Ер нь бүх улсад л ийм аюул тулгарч байна” гэсэн юм.
Орос улсаас Монголч эрдэмтдийн их хуралд илтгэл хэлэлцүүлж байгаа Мари Петровна “Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины факультетын монгол судлалын тэнхимийн багш. Монгол хэл уран зохиолын түүх заадаг. Монголч эрдэмтдийн хуралд зургаа дахь удаагаа оролцож байна. Орчин үеийн уран зохиолын сэдвээр илтгэл бэлтгэсэн. Орчин үеийн Монголын уран зохиол реализм, модернизм, постмодернизм чиглэлээр хөгжиж байна. Монголын уран зохиол өөр хэлээр маш бага орчуулагддаг. Ялангуяа орос хэлээр. Би Монголын Г.Мэнд-Ооёо, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Дарамын Батбаяр, н.Түмэнбаяр нарын зохиол бүтээлийг сонирхон судалдаг” гэсэн юм.
Мөн энэ өдөр дэлхийн монголч эрдэмтдэд зориулан дэглэсэн “Түүхэн гэрэл зураг”-ийн үзэсгэлэнг зочдод сонирхууллаа. Үзэсгэлэнд 1959 оноос хойшхи монголч эрдэмтдийн хурлын түүхэн зургийн сангаас толилуулав. Өөрөөр хэлбэл тухайн он жилүүдэд Монголд ирж байсан дэлхийн нэр хүндтэй монголч эрдэмтдийн хөрөг, Монголын дүр зураг, хамтын ажиллагааг илтгэсэн 80 гаруй түүхэн зургийг дэлгэжээ.
Үүнээс гадна зарим орны эрдэмтдийн хэлсэнчлэн “Монголын нууц товчоо”-г нэг хүн бичсэн үү, эхнийхийг нь бичиж үлдээгээд Өгөдэй хааны үеэс өөр хүн үргэлжлүүлэн түүхэнд үлдээсэн үү зэрэг олон сонирхолтой асуултыг тавьж байлаа.
Гавъяат багш Ш.Чоймаа эрдэмтдийн чуулганы талаар “Миний хувьд долоо дахь удаагаа оролцож байна. Монголч эрдэмтдийн их хурал гэдэг Монголын олон талын онцлог зүйлийг дэлхийд үнэн зөвөөр бодитоор нь таниулах явдал байдаг. Тэд хамгийн гол нь монгол сурвалжаар судалсан хүмүүс байдаг. Монгол хэл шинжлэлийн судлал нарийсч байна. Монголын хэдэн зууны түүхэн сурвалжаа чөлөөтэй судлах боломж нээгдсэн. Хэл, соёл талаас нь Монголын нууц товчоо судлалын тусгай хуралдаан байгаа. Монгол үгийн бүтэц, гарал дүрмэндээ байгаа, монгол хэл бичгийн үе бүрийн утгыг судлах юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
ih saihan bas sonirholtoi bna