sonin.mn
УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр МАХН-аас нэр дэвшигчдийн нэг нь л ялалт байгуулсан билээ. Энэ нь Н.Энхбаярын туслах Б.Тулга нартай маргалдаж, намынхаа үйл ажиллагааг чөлөөтэй шүүмжилдэг О.Баасанхүү байв. Сонгуулийн дараа түүнийг МАН-д орно, сайд болно, АН-д элсэнэ гэх мэтээр улс төрийн хүрээнд таамаглаж байсан юм.
 
Үнэхээр ч УИХ-ын анхдугаар чуулган болох өдрийн үүрээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн гэрт эрх баригчдын төлөөлөл хүрэлцэн ирж, намдаа элсэхийг хүссэнийг эх сурвалжууд баталдаг. О.Баасанхүү ч үүнийг баталж, өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа: 
 
"Надад сайдын суудал амласан нам бий. Манайд ирвэл санхүүгийн дэмжлэг үзүүлье гэж байгаа нь ч байна. " гэжээ. Мөн тэрээр "Гүйцэтгэх товчоо бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой, Бага чуулганы бүрэлдэхүүнийг шинэчлэн гаргаж яаралтай  хуралдуулах ёстой, намын бүх удирд­лагууд огцрох ёстой. " хэмээсэн нь улс төрийн хүрээнд ихээхэн дуулиан дэгдээх үйлдлийн эхлэл болж байна.
 
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар О.Баасанхүү Н.Энхбаярыг МАХН-ын даргаас огцрохыг шаардаж буй бөгөөд хэрэв ийм үйлдэл болохгүй бол намаа орхиход ч бэлэн бололтой. 
 
 
Э.Мягмар-Өлзий