sonin.mn

ТОКИО, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /NHK/. Азийн зарим улс орны хувьд милитаризмын бэлгэ тэмдэг гэж тооцогддог шинто шашны Ясүкүни сүмд хаврын тахилгыг тохиолдуулан Японы парламентын 70 орчим гишүүн өнөө өглөө мөргөл үйлджээ. 


NHK сувгаар мэдээлснээр, тус сүмд очсон гишүүдийн дунд Үндэсний болон харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд Хироюки Тогаши байв.


Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба уг сүмд өчигдөр өргөл барьц илгээжээ. Тус улсын хэвлэлүүдэд мэдээлснээр, тэрбээр улаан туузаар чимэглэсэн масакаки модны хоёр мөчрийг дээр нь “Ерөнхий сайд Шигэрү Ишибагаас” гэж бичсэн модон пайзын хамт илгээсэн байна. Ш.Ишиба өмнөх Ерөнхий сайд нар болох Шинзо Абэ, Ёшихидэ Сүга, Фүмио Кишида нарын жишгийг дагалгүй сүмд биечлэн очихоос татгалзжээ. Японы улстөрчид дөрөв болон 10 дугаар сарын уламжлалт шашны баярын үеэр, мөн наймдугаар сарын 15-нд тохиодог Япон улс Дэлхийн II дайнд бууж өгсөн өдрөөр жилд гурван удаа Ясүкүни сүмд очиж мөргөл үйлддэг.


Ерөнхий сайд асан Шинзо Абэ 2012 оны 12 дугаар сард сонгогдсоныхоо дараа 2013 оны 12 дугаар сард нэг удаа биечлэн очсон нь Хятад, Өмнөд Солонгосын эрх баригчдын ширүүн шүүмжлэлд өртсөнөөс гадна, Японы гол холбоотон болох АНУ-тай харилцаа "хөрөхөд" нөлөөлсөн юм.


Үүнээс хойш Японы Ерөнхий сайд нар уг сүмд биечлэн очихоос татгалзаж, өргөл барьц илгээн хүндэтгэл үзүүлэх болсон юм. Ясүкүни сүмд XIX зууны дунд үеэс хойш дайны талбарт амь үрэгдсэн Японы бүх цэргийн нэрсийн жагсаалтыг хадгалдаг бөгөөд тэдний дунд Дэлхийн II дайны дараа болсон шүүх хурлаар дайны гэмт хэрэгтэнд тооцогдож ял шийтгүүлсэн хүмүүсийн нэрс байдаг. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг