
ТОКИО, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татварын бодлогыг хамтдаа сөрөн зогсох саналыг Хятадын засгийн газраас Японы эрх баригчдад тавьсан байна. Ийм санал бүхий захидлыг Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянаас Японы Ерөнхий сайд Шигэрү Ишибад илгээсэн тухай Kyodo агентлаг засгийн газар дахь эх сурвалжийг эш татан бичжээ.
Мэдээлэлд дурдсанаар, Хятадын эрх баригчид Д.Трампын протекционист бодлоготой тэмцэхэд нэгдэхийг Японы талд уриалсан бололтой. Харин АНУ-ын хамгийн ойрын холбоотон болохын хувьд Японы тал ийм саналд хариу өгөхдөө болгоомжтой хандах төлөвтэй байна.
Д.Трамп бусад оронтой хийж буй худалдааны алдагдлыг багасгах зорилгоор импортын татварыг өсгөсний дараа Хятад, Япон хоёр харилцаагаа сайжруулах алхмуудыг хийж эхэлжээ. Д.Трамп Хятадаас нийлүүлж буй бараанд 145 хувийн татвар ногдуулсан бөгөөд үүний хариуд Хятадын тал Америкийн бараанаас 125 хувийн татвар авч эхлээд байгаа юм. Харин Японы бараанд 24 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн ба татвар хэрэгжих хугацааг түр хойшлуулж, хоёр улсын Засгийн газар хэлэлцээ хийж эхэлжээ.
Хятад улс чөлөөтэй, нээлттэй худалдааны зарчмыг баримталсаар байгаа гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ АНУ-ын тарифын бодлогоос хохирол амссан бусад улс орны дэмжлэгийг авахыг зорьж байна гэж Kyodo онцолжээ.
Японы эрх баригчид өмнө нь оюуны өмчийн эрхийг зөрчиж, зарим салбарт төрөөс дэмжлэг үзүүлж байна хэмээн Хятадын худалдааны зарим бодлогыг шударга бус хэмээн шүүмжилж байсан юм. Японы эрх баригчид хэдийгээр болгоомжтой байр суурь баримталж байгаа боловч Хятадтай харилцаагаа сайжруулах замаар "Фүкүшима-1" АЦС-ын цацраг идэвхт бодистой усыг далайд асгаж эхэлсний дараа Японы далайн бүтээгдэхүүний импортод тавьсан хоригийг цуцлуулахын тулд яриа хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгээ илэрхийлэхийг эрмэлзэж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Худалдааны дайнд ялагдаж аргаа барсан хятадын коммунист нам вьетнам, малайз, камбож япон зэрэг улс орнуудаас америкийн худалдааны дайныг сөрөн зогсоход хамтраач гээд гуйгаад явж байна. Өрөвдөлтэй хужаа нар ялагдаж хятад дотроо шоргоолж шиг бужигналдаасай.