sonin.mn

Америкийн түргэн хоолны McDonald's компани Оросын зах зээлд эргэн ирэх бодолтой байгаа тухай мэдээллийг үгүйсгэжээ. Тус компани бусад пүүс компани, хувь хүмүүс сүлжээний барааны тэмдгийг нь ашиглахаас сэргийлэхийн тулд ОХУ-д барааны тэмдгээ бүртгүүлэх өргөдөл гаргажээ.  


Тус компанийн мэдэгдэлд дурьдсанаар "McDonald's компани дэлхий даяар, бүр үйл ажиллагаа явуулдаггүй орнуудад ч барааны тэмдэг эзэмших эрхээ байнга шинэчилдэг" гэж мэдэгджээ.


McDonald's компани "Украины эсрэг Оросын цэргийн түрэмгийллийг буруушааж, Оросын зах зээлийг орхин гарсан" олон улсын анхны компаниудын нэг болсон гэж онцолсон байна.  


"Энэхүү шийдвэр нь манай компанийн үнэт зүйлсийн нотолгоо бөгөөд бид эдгээр үнэт зүйлсдээ үнэнч хэвээр байх болно" гэж тус компани мэдэгджээ.


Өмнө нь 2024 оны арванхоёрдугаар сард McDonald's компани Оросын патентын газарт Макдоналдсын барааны тэмдгийг бүртгүүлэхээр өргөдөл гаргасан бөгөөд Оросын мэдээллийн РИА Новости агентлаг энэ барааны тэмдгийн дор Америкийн компани Орост ундаа, хоол хүнс үйлдвэрлэх, борлуулах, хүргэх, рестораны үйл ажиллагаа явуулахыг хүсч байна гэж мэдэгдэж байв.




Ж.Бат

Эх сурвалж: DW