
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй Менежментийн хувьчлал 2008-2011 хооронд бүрэн хийгдэж, дүгнэгдэж дууссан ба Менежментийн хувьчлалыг дуусгавар болгох талаар Улсын дээд шүүхээс эцэслэн гарсан шийдвэрийг Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар хэрэгжүүлэхгүй, харьяа байгууллагын дарга нараар хууль бус шийдвэр гаргуулж байгаа талаар бид төрийн гурван өндөрлөгт нээлттэй ил захидал бичиж, олон түмэнд ил тод мэдээлж ирсэн.
Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар нь Улсын дээд шүүхийн эцэслэн гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, харьяа байгууллагын дарга нараар хууль бус шийдвэр гаргуулж, Монголын энэ цагийн түүхэнд анхных болох уламжлалт эмийн үйлдвэрийг нурааж, газрын хөрстэй тэгшилж, уламжлалт анагаах ухааныг орчин үеийнхтэй хослуулан хөгжүүлж, 34 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгээс өвчтэй хүмүүсийг хүчээр гаргаж, их засвар хийх нэрийдлээр эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож байгаа балмад ажиллагааны талаар УИХ-ын эрхэм 126 гишүүн Танаа хандаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар томилогдоод удаагүй байгаа Х.Бат-Ирээдүй нь УАУЭСКТ-ийн захирлаар хууль бусаар Дэлгэрбаяр гэдэг хүнийг томилсон. Энэ албан тушаалтнууд, Нийслэлийн ЗДТГ-ын даргаар томилогдоод мөн удаагүй байгаа Д.Амгалантай нийлж, цагдаа болон хувийн хамгаалалтын компанитай хүч хавсран эмнэлгийн эмч ажилтнуудыг цагдаагаар айлган яаж балмад авирлаж, ажлаа хийх шаардлага тавьсан эмч нарыг баривчлуулахаар гомдол гарган сүрдүүлж дарамталж, эмч ажилтнуудын болон өвчтөнүүдийн эрхийг зөрчиж байгаа талаар 2025.04.21-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан ил захидалдаа /”Өдрийн сонин”-д нийтлэгдсэн/ бид дэлгэрэнгүй бичсэн.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Х.Бат-Ирээдүй болон түүний хууль зөрчин томилсон Дэлгэрбаяр нар нэг ээлжиндээ 100 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг УАУЭСКТ-ийн эмнэлгийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээр устгуулж байна.
Тодруулбал, тус эмнэлгийн эмч ажилтнуудыг халж, зүй ёсны шаардлага тавьсан эмч нарыг төрийн шийдвэр биелүүлээгүй тул дайчлан баривчилна гэж айлган сүрдүүлээд оронд нь Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээс хүмүүс авчирч ажиллуулж байна гэдэг бужигнаан бий болгосон. Ажиллуулахаар авчирсан гэх хүмүүс нь тус эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийг эмнэлгээс яаралтай гаргах болон эмнэлэгт хэвтэхээр шинжилгээ өгч дараалал хүлээж байсан хүмүүсийг буцаах ажлыг хийлээ. Өнгөрсөн даваа гаригт тус эмнэлэгт 120 өвчтөн эмчлүүлж байлаа. Гэтэл даваа гаригаас дахин шинэ өвчтөн үзэхгүй, авахгүй байх шаардлага тавьж, 2025.04.27-ны өдөр яаралтай гарга гэсэн учраас сүүлчийн 30 өвчтөнийг өчигдөр буюу ням гаригийн 11 цагт гаргалаа. Эмнэлгийн үнэтэй, нарийн тоног төхөөрөмж хариуцаж ажиллаж байгаа эмч нар Дүүргээс ирсэн эмч нарт шууд уг төхөөрөмжийг шууд ажиллуулах эрх байхгүй байгаа талаар тайлбарлах гэхээр Дэлгэрбаяр нар “тэгвэл шууд ажлаасаа халагдах өргөдлөө өг” гэх мэтээр дарамталж байна.
СХД-ээс ирсэн аж ахуйн дарга гэгч Түвшинтөгс гэж хүн нүүлгэлтийн компанийн машинаар эмнэлгийн оношилгоо, лабораторийн тоног төхөөрөмж, компьютер, өвчтөний үйлчилгээний эд хогшлыг сорчлон авч, хог хаягдал шиг хайш яайш ачуулж байна.
Мөн НЭМГ-ын дарга Х.Бат-Ирээдүйн гаргасан шийдвэрээр Элэгний эмнэлэгт засвар хийх нэрээр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийг амралтын өдрөөр /2025.04.26-27/ гаргаж, бүх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын хүмүүс бүртгэж авч, ажиллагаатай үгүйг хянаж, ажиллагаагүйг нь актална гэлээ. Ингэж эмнэлгийг хааж, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хогийн цэг рүү ачуулж, актлах гэж байгаагийн цаана Менежментийн хувьчлалын гэрээний дагуу нэмэлтээр оруулсан хөрөнгө оруулалтыг үгүйсгэх гэсэн бодлого явагдаж байна. Дүүргийн эмнэлэг, Элэгний эмнэлэг хоёр тус тусын чиг үүрэгтэй эрүүл мэндийн байгууллага. УАУЭСКТ нь Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг. Тодруулбал, бүр сар гаруй өмнө ЭМЯ-ны магадлан итгэмжлэлийн шалгалтаар орж, магадлан итгэмжлэлээ сунгуулан ажиллаж байна. Гэтэл НЭМГ-аас дөрөвдүгээр сарын 24-нд шалгалт орууллаа гэнгүүтээ мөн энэ өдөр хийлгэсэн хурал дээрээ тус эмнэлэг шаардлага хангахгүй байна гэж дүгнэлт гаргалаа гэх мэтээр зүй бусаар харлуулахыг оролдож байна. Түүнчлэн заавал шаардлагагүй зүйлд ингэж их мөнгө зарцуулах бүү хэл байгууллага ажилтнуудынхаа дунд спортын тэмцээн зохион байгуулахад ч мөнгө гаргахыг хориглосон Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байгаа. Гэтэл НЭМГ-ын дарга 2022, 2023 онд дотор гаднагүй иж бүрэн их засвар хийсэн эмнэлгийн барилгыг одоо төсвөөс таван тэрбум орчим төгрөг гарган их засвар хийнэ гэж байгаа нь УИХ-аас батлан гаргасан Төрийн хэмнэлтийн хуулийг шууд зөрчиж, хотын дарга нар татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулж байна. Эрх мэдэлтэй хотын дарга Х.Нямбаатар иргэнээ гүтгэж, эмнэлгийн байгууллагын талаар худал мэдээлэл тарааж, НИТХ-ын тэргүүлэгчид УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, эсрэг тогтоол гаргав. Хотын дарга Х.Нямбаатарын доорхи хүмүүсээрээ хийлгэж байгаа ажлыг гардан гүйцэтгэж байгаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Х.Бат-Ирээдүйн ажиллаж байгаа энэ цаг үед Монгол Төрийн бодлогоор Монгол Улсад анхдагч болж байгуулагдсан уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрийг устгаж, газартай тэгшиллээ.
Эмч сувилагчдыг бүгдийг халж, европ уламжлалт эмчилгээг хослуулан элэгний чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн сүүлийг мушгиллаа. Уламжлалт анагаах ухааны элэгний эмнэлгийг Дүүргийн нэгдсэн эмнэлгээр бариулж идүүлэн устгах ажиллагааг эрүүл мэндийн салбарт хийж байгаа нь байж болшгүй зүйл.
Одоо Бат-Ирээдүй дарга Зайсан дахь сувиллыг устгах ажиллагаагаа энэ даваа гаригаас эхлүүлж байна. Х.Нямбаатар, Д.Амгалан, Х.Бат-Ирээдүй нарын хотын эрх мэдэлтэй дарга нар Эмийн үйлдвэрийг ЗДТГ-ын даргын лайв дамжуулалттайгаар нурааж, өвчтэй хүмүүсийг эмнэлгээс хөөж гаргаж, ажлаа хийх шаардлага тавьсан эмч ажилтнуудыг төрийн эсрэг олон нийтийг турхирсан гэж буруутган Зөрчлийн тухай хуулиар 30 хоног баривчлуулахаар айлгаж байгаад Элэгний эмнэлгийг хаасан. Харин Зайсан дахь сувиллыг устгахын тулд шинэ үлгэрүүдээ ярих буй за. Энд баримт эшлэн тайлбар хийе. Нэгдүгээрт, Зайсан дахь сувилал нь Менежментийн хувьчлалын хүрээнд багтаж байгаа нэг хэсэг. Хоёрдугаарт, социализмийн үед ясны сүрьеэгийн эмнэлэг 40-өөд жил ажиллаж байгаад 10 гаруй жил эзэнгүй хаягдан, 1990-ээд онд балгас болон үлдсэн байсныг Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/88 захирамжаар шаардагдах засварын ажлыг гадна дотны эх үүсвэрээс олж хийхийг даалгасан. Энэ дагуу төсөв хөрөнгө, төрөөс хамаарахгүй эх үүсвэрээс хөрөнгө оруулалт олж, иж бүрэн их засвар хийсэн обьект билээ. Хийсэн ажлын гэрээ, оруулсан хөрөнгө оруулалтыг Улсын комисс үнэлэн баталгаажуулж хүлээж авсан баримтууд нь байх ёстой газраа байгаа гэдгийг хэлье. Төр, засгийн бодлогын дагуу уламжлалт анагаах ухааны эмнэлгийг цогц иж бүрдэлтэй зүй ёсоор нь байгуулахыг анх зорьсон боловч хууль ёсны дагуу хийгдэж дүүрсэн энэхүү менежментийн хувьчлалыг хуулийн дагуу “Дуусгавар болгох” гэдэг ганцхан заалттай тогтоолыг хотын дарга гаргахгүй 13 жил хүчээр төсвийн байгууллагын харьяалалд байлгаж, төсвийг нь өгсөн ч юм байхгүй хохироосоор, байгаа энэ хугацаандаа хотын дарга нар, түүний хамаарал бүхий эрх мэдэлтнүүдийн золиос болж, Сувилал-сэтгэлзүйн эмчилгээний өвчтөнүүдийн алхах талбай, амрах сүүдрэвч, эмийн зарим ховор ургамлуудыг тариалан ашиглагдаж байсан 13 га бүхий газарт “Хан-голомт” гэх дуулиан шуугиантай 40-өөд хаус бүхий бүхэл бүтэн хотхон баригдаж, Сувилал нь байшингийнхаа хэмжээгээр хязгаарлагдсан газартай үлдсэн.
Элэгний эмнэлгийг эзэнгүйдүүлж, ажиллах нөхцөл боломжгүй болгож, сувилал, эмийн үйлдвэрийн барилгыг нурааж, газрыг нь авах далд ашиг сонирхол явагдаж байна гэдгийг би өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан захидалдаа дурдаж байснаа энд бас дахин тэмдэглэж хэлье.
Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, Улсын дээд шүүхийн шийдвэрээс давсан зүй бус шийдвэрүүдийг гаргаж, Төрийн хуулийг уландаа гишгиж байгаа хотын дарга нар өөрсдийн гаргасан зүй бус шийдвэрээ биелүүлэхийг эмнэлгийн эмч ажилтнуудаас, тэр ч бүү хэл өвчтэй хүмүүсээс шаардан цагдаа, хувийн хамгаалалтыг ашиглан хууль бус шийдвэрүүдээ хүч түрэн гүйцэтгэж, хувьчлал хийгдсэн байгууллагын хувийн хөрөнгө оруулалтыг лацдан хурааж, эвдэн сүйтгэж, хогийн цэг рүү ачуулж, хууль бус үйлдлүүдээ хүчирхийллийн аргаар өдөр шөнөгүй үргэлжлүүлэн үйлдэж байна. Ийм бусармаг үйл ажиллагааны эсрэг хууль хэрэгжүүлж ажиллахын төлөө өнөөг хүртэл бид тэмцэж, өргөн олон түмэнд үнэнийг хэлж ирлээ. Хотын даргад бидний мэдэхгүй хуулиас давсан эрх мэдэл байдаг уу гэж төрийн тэргүүнээс ч асуулаа. Одоо хууль тогтоох дээд байгууллагад ард иргэдээ төлөөлөн сууж байгаа эрхэм гишүүд та бүхэнд хандаж байна. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүн, Төрийн эрх барих дээд байгууллагад Монголын ард түмнийг төлөөлөн суугаа ард түмний элч төлөөлөгч та бүхэн хотын даргын хууль бус үйлдлийг таслан зогсооход хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү гэж хүсэж байна.
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатар