sonin.mn

Казахстанд болж буй олныг хамарсан спортын уралдаан тэмцээний үеэр мөрдөж буй дүрэм журмуудыг чангатгана гэж тус улсын Спорт, аялал жуулчлалын сайд Ербол Мырзабосынов мэдэгдлээ. Өнгөрсөн ням гарагт Алматы хотноо болсон хагас марафон гүйлтийн үеэр хоёр тамирчин нас барсантай холбогдуулан тэрбээр энэ мэдэгдлийг хийсэн байна.


“Бүх нийтийн спорт аюулгүй бөгөөд стандартын өндөр шаардлагуудыг хангаж байх ёстой. Спорт, аялал жуулчлалын яамнаас уг асуудлаарх тодорхой саналуудыг зохих байгууллагуудад хүргүүлнэ.


Болсон явдалтай холбогдуулан иж бүрэн шалгалт явуулж, гүйлтэд оролцогчдын эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, тэмцээний зохион байгуулалт, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдал ба аюулгүй байдлын дүрэм журмуудыг сахиж байсан эсэхийг шалгаж байна” гэж сайд Инстаграм хуудсандаа бичжээ. Өнгөрсөн ням гарагт болсон Almaty Half Marathon гүйлтийн тэмцээний үеэр 84 настай Аккоян Рсалиев, 21 настай Нурбол Ахмади нар нас барсан байна. Тэд туршлагатай гүйгчид байсан бөгөөд Рсалиев 2021 оноос хойш гүйлтэд оролцож байсан ажээ.


Эхний километрийг туулж байх үед түүний бие нь гэнэт муудсан бөгөөд эмч нар нэг минутын дараа очиход зүрх нь зогссон байжээ. “Урьдчилсан байдлаар уушгины артерийн судасны бүлэнт бөглөрөл гэсэн дүгнэлт гарсан. Мөн архаг цусны даралт ихсэлттэй байсан” гэж эмч А.Хожаназаров ярилаа.


Тамирчин Н.Ахмади 16 дахь км-т гүйж байхдаа ухаан алдсан байна. Эмч нар түүнийг сэхээн амьдруулах оролдсон боловч түргэн тусламжийн баг ирэхээс өмнө нас баржээ. Урьдчилсан байдлаар уушгины артерийн судасны бүлэнт бөглөрөл, зүрхний хурц дутагдал гэсэн онош тавиад байна. Н.Ахмади өмнө нь Winter Run 2025 гүйлтийн тэмцээнд 10 км-ийн зайд уралдаж байжээ. 



Б.Адъяахүү