
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Төрийн департаментын бүтцийг эрс өөрчлөх тухай зарлигийн төслийг боловсруулж байна гэж “The New York Times” сонинд бичжээ.
“Энэ алхмын зорилго бол үйл ажиллагааны хэрэгжилтийг оновчтой болгохын зэрэгцээ үр ашиггүй зарцуулалт, залилан мэхлэлт, эрх мэдлийг урвуулан ашиглах явдлыг таслан зогсоох явдал юм” гэж баримт бичигт дурдсаныг эш татан тус сонинд мэдээлсэн байна.
Төслөөс үзэхэд, бүс нутгууд дахь товчоодыг татан буулгаж, оронд нь Евроазийн, Ойрх Дорнодын, Латин Америкийн болон Энэтхэг-Номхон далайн гэсэн дөрвөн "корпус"-ыг байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна, ардчилал, хүний эрх, дүрвэгсэд, цагаачлалын асуудал эрхэлдэг товчоодыг, мөн олон улсын байгууллагатай хийж буй хамтын ажиллагааг хариуцсан товчоог хаахаар тусгасан байна.
Хамгийн том өөрчлөлтүүдийн нэг бол Африкийн асуудал хариуцсан товчоог татан буулгаж, оронд нь “терроризмтой тэмцэх ажиллагаа”, “байгалийн чухал нөөцийг стратегийн зорилгоор олборлох, тэдгээрийг худалдах” зэрэг асуудлуудыг хариуцсан цомхон бүтэцтэй нэгжийг байгуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнуудад дахь "хоёрдугаар зэрэглэлийн ач холбогдолтой" элчин сайдын яамд, консулын газруудыг 10 дугаар сарын 1-нээс өмнө хаахаар тусгасан байна. Дипломатчдыг Африк руу "тусгай даалгаврыг хэрэгжүүлэхээр" илгээнэ гэж баримт бичигт дурджээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио NYT-ийн нийтлэлийг “худал мэдээлэл” хэмээн нийгмийн сүлжээнд бичсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0