
Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн төсөл уржигдраас нийгмийн сүлжээнд гарч ирж “задарсан” юм. Тэндээ баахан хэлэлцүүлэг өрнөв.
Ерөнхийдөө, “Нисэх буудал Оросын хараат байдалд орчихлоо” гэцгээв. Энэ дүгнэлт өчигдөр УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр бас яригдав. Эрхэм гишүүд ч яг ийм байр суурь илэрхийлцгээв. “…Яагаад ийм хэлэлцээр болчихов оо. Ард нь яг ямар ашиг сонирхол байна вэ” гэцгээлээ.
Бараг насаараа УИХ-д сууж байгаа гишүүн хүртэл ингэж жүжиглээд сууж байх юм. Уг нь Монгол Улс маань анх 1920-иод онд бензин хэрэглэж эхэлснээсээ хойш нефтийн бүтээгдэхүүний тал дээр Оросоос 99 хувь хараат явж ирсэн шүү дээ. Монголын бензин, дизель түлшний бүх хэрэглээг хэдэн импортлогч компани авчирч дамлан худалдаалдаг. Тэгж л амьдарцгаадаг. Оросоос ирдэг бензин тасрахад малчид малдаа явж чадахаа больдог. Ер нь бол, манай улс нефть хайгаад бензинээ хийхгүй бол “Нисэх” байтугай хараат болчихсон шүү дээ. Тийм л хамааралтай байдаг. Нисэх буудлын бензинийг Булганы нэг гишүүн асаны компани олон жилийн туршид Оросоос дамлан нийлүүлж ирсэн. Саяхнаас төр өөрөө шууд худалдаж авдаг болсон. Товчдоо, манай бензин, тосны хэрэглээ иймэрхүү л зүй тогтолтой. Тиймээс УИХ дээр гишүүд нь ийм тэнэгрэл яриад сууж байх нь зохимжгүй байна. Түүний оронд нефтийн хайгуул хийх эрх зүйн бололцоог бий болгоод өгчих л дөө.
Тэгээд дээрээс нь нефть боловсруулах үйлдвэрүүдийг нөөцийг нь дагуулаад том, жижгээр нь хэд хэдийг бариулах хуулийн төсөл санаачлах хэрэгтэй юм. Угаасаа, УИХ-ын гишүүдийн үүрэг нь, чадах нь тэр.
Монгол Улс өнөөдөр жилд 1-1.2 сая тонн түүхий нефть олборлож, Хятадад экспортолдог. Гэснээ, нефтийн бүтээгдэхүүнээ бараг 100 хувь Оросоос импортоор авдаг. Гэтэл, манай газар нутагт нефтийн хайгуул хийх боломжтой 33 талбай байдаг юм байна. “…Нефтийн хайгуулыг эрчимтэй хийж чадвал дээрх таамгийг батлахын зэрэгцээ илүүг олох найдлага бий” гэдгийг мэргэжлийнхэн хэлээд л байна. Үүнээс гадна, Дорноговийн Алтанширээд баригдаж байгаа нефтийн үйлдвэрийг барихад УИХ чадлынхаа хэрээр бүх боломжийг хангаж өгөх ёстой. Нефтийн үйлдвэрийн дарга нь үнэнээ яриад үнэ хөлс яриад ороод ирэхээр өөдөөс нь хулгай зэлгий ярьж дайрсаар байгаад ажлыг нь гацаачихна. Энэ дэлхийн үнэ өртөг ямар хурдан хөдөлж байгааг хүүхэд ч мэддэг болсон цаг шүү дээ. Бас, АМГТГ гэж нефтийн хайгуул биш, нефть импортлогч компаниудын хэвлэлийн төлөөлөгч шиг болчихсон газар байна. Бензин тасрахаар л бөөн ажил болж импортлогч, иргэд хоёрын дунд гүйдэг. Тэдэнд хууль эрх зүйг нь гаргаад өгчихвөл хайгуулаа өргөтгөөд олсноо түшиглээд үйлдвэрүүдийг бариад унавал манайх бензиний хэрэглээгээ маш богино хугацаанд дотроосоо хангадаг болчихно. Өөрөөр хэлбэл “…Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг шиг өөрсдөө нефть хайж олоод түүгээрээ бензин тосоо хийхээс нааш “…Оросын хараат” гэдэг бодит байдлаас бултах аргагүй юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл9
Монгол улс гээд байгаа. Яг цэцэрлэгийн хүүхэд насанд ч хүрч чадахгүй бна. Бүх юм худлаа худалч хулгайч. Бие дааж нас биеэнд хэзээ хүрэх вэ? Минийхээр бол хэзээ ч нас биеэнд хүрэхгүй!!!!
Япон улсаас зээл авч барьсан, зээлээ дуустал Японы өмч хэвээрээ байх 30 жилийн гэрээтэй нисэх буудлыг Оросууд авна гэж яриад гэрээ хийх гээд байгаа нь өөрөө маш том зөрчил мөн. Оросуудаа бүү давар, Японы хөрөнгөнд халдах эрх Монголд байхгүй.
ХХ зууны эхэнд монголын ноёд Орос , Хятад гэж хоёр хуваагдаж байсан , 100 жил өнгөрч аргагүй ээ ... Оросын байгуулсан МА\х\Н - ын цүнхчин - хулгайчид хятадын бөгсийг илээд нлуурч байх шиг байна ...
Нефтийн үйлдвэрээ л хурдан барих хэрэгтэй !!! Ах нар, энэ үйлдвэрийг босгоход зүйл бүрээр саад тотгор тавиад, харин онгоцны буудлыг бүх элд нь эзэмшиж,манай агаарын харилцааг бүрэ н хянахыг санаархаж бна !!! Сэтгүүлч гуай хоёр нүүр гаргаж, хоёр үзүүртэй зүү шиг юм бичсэн бнаа !!!
Угаасаа 90 оноос хойш онгоцны түлшээ манайх оросоос л авч байгаа шд. Гол нь Анандбазар тэргүүтэй дунд нь зуучилж, ченжүүд шиг ашиг хийдэг хэдэн компани байсан. Тэрийг болиулаад Роснефтьтэй шууд харьцдаг хамтарсан компани байгуулах гэж бна гэж ойлгосон. Шууд харьцахаар онгоцны түлшээ манайх хямд, тогтвортой авдаг болно. Түлш хямдрахаар тийзний үнэ буурна. Шаал дэмий болгоомжлол санагдсаан өчигдөр чуулган харж байхад. Гэнэт одоо оросоос онгоцны түлш авах гэж бгаам шиг гадны хараат боллоо бла бла ч гэх шиг. Манай МИАТ-ын онгоцны тоо жил бүр нэмэгдэж бгаа, тэхээр түлшний хэрэглээ ч өсч бгаа. Тэр нийлүүлэлтээс Анандбазарын компани асар их ашиг олдог монополь байсан шд. Тэр л будаа болно. Хятад угаасаа манайд онгоцны түлш илүүчлэх ямар ч боломжгүй, хэрэглээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж бгаа. Тэгээд ч наашаа тээвэрлэх дэд бүтэц обсо. Чингис хаан буудлаа оросуудад алдлаа яанаа ч гэх шиг кк. Япончуудын 40 жилийн концесс талын талдаа ч ороогүй бхад япончууд хэнд ч энэ буудлыг өгөхгүй бөлгөөө
Орос барууны хоригт ороод иргэний онгоцны сэлбэг хүртэл олдохгүй зовлон болж байгаа. Монголын нисэх буудлыг булааж авбал бойнг болон айрбусын онгоцнуудын сэлбэгийг монголоор дамжуулж олож авах гэсэн арга юм. Оросууд онгоц хийж чадахгүй болсон учраас манайх шиг сул улсыг ашиглах гэж байгаа. Монголчууд бид оросын урхинд унахгүйгээр уран гоё бултах зам хайх хэрэгтэй.
Цагаан байснаа Улаан болж зүсээ хувилгасан гэтэл 68жилийн дараа цуст яргачны удам горбачёв. хар орос болох зарлиг буулгаснаас хойш өгсөж өөдлөөө байсан. царил хоншоортнууд мөдхөн мөхөх нь дээ
оросууд манай монголыг японоос холдуулахын тулд эрх мэдэлнүүдэд авлига өгч ийм зүйл сэдэж байж мэднэ шүү
Монгол улсын эрх ашигт САНААТАЙ САНААНДГҮЙ,ЗОРИЛГОТОЙ,УТАСНЫ ЦААНААС ЖАВЬЖИЛДАГ,БОСГОНООСОО ЦААШ ХАРАХ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮС ИХ БОЛЖ.ЭРДЭС КОМПАНИЙ ЗОРИЛГО НЬ АНАНДБАЗАР БОЛОН БАС БУС ДУНДЫН ШИМЭГЧГҮЙГЭЭР ТҮЛШНИЙ ШУУД НИЙЛҮҮЛЭЛТ,ТҮГЭЭЛТ,ЦЭНЭГЛЭЛТ ХИЙХ.ТУВААН БИШ БАТТУЛГА БСАН БОЛ ГҮЛЭГ БОЛОХ БЛАА ТААНУУС