sonin.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Оксфордын их сургуультай судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцжээ. Уг асуудлаар айлчлалын бүрэлдэхүүнд яваа Улсын Их Хурлын гишүүн, доктор Д.Бум-Очиртой уулзаж, ярилцлаа. 


- Энэ удаагийн албан айлчлалын төлөөлөгчид Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцож байгаа Монгол судлаач эрдэмтэдтэй уулзаж, судалгааны ажилтай нь танилцаж, хамтран ажиллах тухай хэлэлцжээ. Үүний дүн нь юу байх бол? 


- Бид Монгол судлал гэхээр зөвхөн түүх соёл, хэл, утга зохиолын судалгааны асуудал мэтээр ойлгодог. Монголыг судалж байгаа шинжлэх ухааны салбар бүхэн Монгол судлал хэмээн ойлгох хэрэгтэй. Монгол судлалын эрдэмтэд чуулж буй 7 дахь удаагийн энэ хурал 14 жилийн өмнөөс Цөлийн хурал нэртэйгээр жилд 2 удаа зохион байгуулагдаж ирсэн юм. Миний бие эдгээр хурлуудын зохион байгуулалтад оролцож, хэдэнтээ илтгэл хэлэлцүүлж байсан. Харин энэ жилийн хурал олон улсад нэгдүгээрт эрэмбэлэгддэг, нэр хүнд бүхий Оксфордын их сургуулийн Газар зүй, байгаль орчны сургууль дээр зохион байгуулагдаж байгаа нь онцлог юм. Өөрөөр хэлбэл, Монгол судлал улам өргөжиж байгааг илтгэж буй хэрэг. Өнөөдрийн хурлаар монголч эрдэмтэн, судлаачид маань Монголын газар зүйн тухай тэр дундаа газар хөдлөлтийн талаар хэлэлцлээ. Мөн Монголын нэн ховор амьтанд тооцогддог бөхөнг халдварт өвчнөөс хамгаалах, тоо толгойг хэрхэн нэмэгдүүлэх судалгааны талаар ярилцлаа. Ер нь дэлхийн эрдэмтдийн судалсан Монгол судалгааны үр дүнг бид бодлого, үйл ажиллагаандаа тусгах талаар анхаарах хэрэгтэй юм.