sonin.mn

Беларусийн эрх баригчид Японы иргэн Масатоши Наканишид тагнуул хийсэн хэргээр долоон жилийн хорих ял оноожээ. Беларусийн прокурорын газрын мэдээлснээр, Наканиши зургаан жилийн хугацаанд Беларусь, Украины хилийн бүсийн 9000 гаруй гэрэл зургийг авч, Япон руу илгээсэн аж.


Эх сурвалжийн мэдээлснээр Наканиши Беларусийн зүүн өмнөд нутгийн үндэсний их сургуулийн нэгэн боловсролын байгууллагад япон хэлний багшаар ажиллаж байжээ. Түүнийг өнгөрсөн оны долдугаар сард баривчилсан байна. 


Беларусийн эрх баригчид уг хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Наканишигийн цуглуулсан материал үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгджээ. Эргэн сануулахад, Беларусийн аюулгүй байдлын албаныхан өнгөрсөн оны долдугаар сард Японы иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилсан бөгөөд орон нутгийн мэдээллийн хэрэгслээр уг этгээд тус улсын хил орчмын бүс нутаг, цэргийн байгууламжуудыг ажиглаж байсан гэж мэдээлжээ.



Ж.Бат

Эх сурвалж: Asia.nikkei