sonin.mn

Цагдаагийн байгууллагаас Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тус сайтын ажилчдын утас, хард зэргийг хураан авсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа С.Тайван нар мэдээлэл хийлээ.


Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Юуны өмнө цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг Ноорог пэйжийн залуусын хэвлэн нийтлэхтэй холбоотой ажилд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.  


Урьдчилсан байдлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалтын ажиллагааг эхлүүлсэн" гэв. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа С.Тайван "Ноорог пэйжийн залуучуудтай холбоотой шалгалтын ажлыг явуулж байна. Ингэхдээ тус пейжийн хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай нь холбогдуулж шалгалтын ажиллагаа явуулаагүй.


Хувь хүний нууцад халдах, нууц задруулах болон цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тодорхой сэжүүр шинж тэмдэг байсан учраас цагдаагийн байгууллагаас прокурорын хяналтан доор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


Өчигдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг прокурорт танилцуулсны үндсэн дээр зохион байгуулсан. Энэ хүрээнд найман иргэнийг дуудан ирүүлж, мэдүүлэг авахыг хүссэн ч долоо нь өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөхийг хүссэн. Улмаар мөрдөн байцаах газар өмгөөлөгчийн хамт мэдүүлэг тайлбар авсан. Ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй" гэлээ.


Ж.Саруул