sonin.mn

Улаанбаатарын өвөл өвчний бас үхлийн улирал болоод удаж байгаа. Халдварт өвчний улмаас жилд 4400 хүн нас барж байгаа бол өнгөрсөн долоон жилийн хугацаанд 779 иргэн угаартаж нас барсан гэх судалгаа бий. Хамгийн сүүлд нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БГД-ийн 22 дугаар хороонд нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барж, хугацаат цэргийн алба хааж байсан Э.Одбаяр гэр бүлээсээ ганцаараа үлдсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар Э.Одбаяр чөлөөгөөр гарч ирэх үеэрээ олон нийтэд мэдээлэл өгсөн юм.


Тэрээр “Цэргээс чөлөө өгөөд нэгдүгээр сарын 26-нд гэртээ ирсэн. Юм бодолгүй гэртээ ороход ах дүү нар маань “Миний дүү тайван байгаарай. Ээж гурван дүү, Сарнай, Сүхээ ах нь угаартаад бурхан болчихлоо. Ирэх долоо хоногт оршуулгыг нь хийнэ” гэж хэлсэн.


Манай гэрт байсан ах маань ээжээс минь 4-5 насны ах. Мөн түүний бага охин нь манайд байсан. Ар гэрт минь ийм хүнд зүйл тохиолдсонд би үнэхээр их харамсаж яахаа мэдэхгүй мэдээлэл хийж байна. Ээж, хөөрхөн дүү нар минь юугаа ч мэдэхгүй байж байгаад нас барчихлаа. Цаашдаа миний амьдрал ямар байх нь бүрхэг байна. Надад өмгөөлөгч байхгүй. Хаана хандахаа мэдэхгүй байна. “Тавантолгой түлш” ХХК-иас хүмүүс ирж угаарын хий мэдрэгчийг огт шалгаагүй. Үүдэнд нь гарын үсэг зуруулаад явсан байна лээ. Хамгийн сүүлд ээжтэйгээ арванхоёрдугаар сарын 18-нд утсаар ярьсан. Ээж минь 1983 онд төрсөн. Жирийн нэг компанид үйлчлэгч хийдэг байсан. Дүү нар минь 6, 9, 15, 17 настай. Биднийг хүний дайтай хүн болгож өсгөсөн. Том дүү маань коллежоо төгсөж байсан. Сургуулиас нь багш нь ирээд “Танай дүү хамгийн түрүүнд хичээлдээ ирдэг, сурлага сайтай, сайн охин байсан шүү” гэсэн. Бага дүү маань нэгдүгээр ангид сурч байсан. Би дүүдээ үсэглэлийн баяраар нь очно гэж амласан.


Шүүх шинжилгээний хариу сарын дараа гарна гэсэн. Намайг цэргээс ирээд мэдэгдэл хийж болохгүй, хуулийн хариуцлага хүлээлгэнэ шүү гэж хэлсэн. Одоо ингэж ярилаа гээд шалгана гэвэл би шалгуулаад явна. Бусад айлуудад ийм аймшигтай хар толбо битгий учраасай гэж бодож байна” гэсэн юм.


Тиймээс “Зууны мэдээ” сонины Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээр шахмал түлшний барьцалдуулагчийн талаар хөндөж байна. Уг нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэсэн байдаг. Нэгдүгээрт амьд явах эрхтэй, Хоёрдугаарт эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсэн байдаг. Гэвч Улаанбаатарын иргэдийн амьд явах эрхэд нь халдсан нэгэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан байдаг. Тухайлбал, 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болж түүхий нүүрсийг хэрэглээнээс халсан. Гэвч тус түлш нь агаарын бохирдлыг бууруулах “үүргээ” бүрэн биелүүлж чадахгүй байгаагийн дээр иргэдийн амь насанд заналхийлэх болсон. Тэгвэл амь насаа алдсан тохиолдолд мэдээлэл задруулбал Зөрчлийн хуулиар торгоно гэж сүрдүүлсэн талаар хүмүүс ярих болсон.


Энэ тухай Иргэн Ц.Амарзаяа утааны сонсголын үеэр “Би ар гэрийнхээ хоёр гишүүнийг энэ угаарын хийнд алдсан. Тийм болохоор энэ үхэж байгаа хүмүүсийн тоо хэд хүрэхээр энэ бодлого, шийдвэрээ өөрчлөх гэж байгаа юм бэ гэж асуух гэж ирсэн. Одоо энэ үхэж байгаа хүмүүс яг нормын дагуу үхэж байгаа гэж ойлгож болох уу.


Энэ яг нормоо биелүүлж байгаа юу. Иймэрхүү асуултыг асуух нь зөв эсэхээ мэдэхгүй байгаа ч өөр газраас асуугаад хариулт, шийдвэр олж авч чадаагүй учраас эндээс ирж асууя, хариултыг нь авъя гэж бодож ирсэн. Манай дүүг нас барахад таван жилийн өмнө, манай ээж амьдрах тавхан хувийн магадлалтай амьд үлдсэн. Таван жил хэвтэрт байж байгаад сая нас барсан тэр хүнийг өвчний улмаас гэж бүртгэсэн. Энэ яг зөв үү. Угаарын хийн хордлогоор ухаангүй таван жил байгаад нас барахыг өвчний улмаас гэж бүртгэж байгаа нь яг зөв шийдвэр үү. Энэ сайжруулсан шахмал түлш яг зөв шийдвэр үү, яг зөв шийдэл үү. Тухайн үед намайг энэ тухай ярих юм бол Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна гэж сүрдүүлж байсан. Энэ асуудалд хариулт өгөөчээ” гээд “Утааны сонсгол”-ын үеэр асууж байсан юм.


Стандартаа шинэчлэн батлахдаа хортой нэгдлүүдээ нэмжээ


Сайжруулсан шахмал түлш хоёр л үндсэн орцтой. Түлшний үндсэн түүхий эд нь мидлинг буюу нийт орцын 95 хувь нь нүүрс. Үлдсэн таван хувь нь барьцалдуулагч. Барьцалдуулагч нь түлшинд агуулагдах хүхрийн ислийг (SO2) багасгах, түлшийг нягтаршуулж бат бэх болгох үндсэн хоёр үүрэгтэй байх ёстой.


Хэрэв түлшийг чанаргүй барьцалдуулагчаар барьцалдуулбал зөөх, тээвэрлэх явцад хагарч, бутарч, үйрнэ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдэд үйрсэн нүүрс очно гэсэн үг. Ийм түлш асалт удаан, уугьсаар их хэмжээний утааг агаарт дэгдээдэг. Гэхдээ барьцалдуулагч шинэ сэдэв биш.


Улаанбаатар хотод 2019 оны намраас сайжруулсан шахмал түлш ашиглаж байна. Энэ үеэс л шахмал түлшийг барьцалдуулсаар ирсэн. Гэхдээ тухайн үед бүх барьцалдуулагчийг БНХАУ-аас худалдан авдаг байсан. Харин 2022 оноос тодорхой хувийг дотоодын үйлдвэрүүдээс нийлүүлж эхэлжээ. Тэгвэл энд л гол асуудал үүссэн байдаг. 2022 оны аравдугаар сарын 17-ны өдрийн C/45 тоот Стандарт хэмжил зүйн газрын даргын тушаалаар “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага MNS5679:2019 үндэсний стандартыг хүчингүй болгож MNS5679:2022 үндэсний стандартыг шинэчлэн баталжээ. Үүнээс үүдэж 2024 онд үнслэгийн хэмжээ болон түүхий эд болох мидлингийн дэгдэмхий хэмжээ нэмэгдэж бодит илчлэгийн хэмжээ буурчээ.


Барьцалдуулагчийн стандарт байхгүй


2019 оноос сайжруулсан шахмал түлшний техникийн болон экологийн чанарын шинжилгээ хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байгаа 2019-2022 онуудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх шалгалтыг хийж байсан бол 2023 оноос Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт тус хяналтын чиг үүрэг шилжсэн. Сайжруулсан шахмал түлшний чанарын байдлыг Монгол Улсын “Сайжруулсан шахмал түлш. Техникийн ерөнхий шаардлага” MNS 5679:2022, мидлингийн чанарын байдлыг “Баяжуулсан нүүрс.


Техникийн чанарын шаардлага” MNS 6226:2011 стандарттай харьцуулж дүгнэлт гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, барьцалдуулагчийн чанарын байдлыг харьцуулах Монгол Улсын стандарт байдаггүй. Мөн барьцалдуулагчид агуулагдах доломит гэдэг бодис нь аюултай химийн нэгдэл ажээ.


Энэ талаар Химийн технологич Д.Галсанбуян “Би өөрөө хими, барилгын материалын технологич, мэргэжилтэй.Түлшинд нэмэлтээр холбогч гэж нэрлээд байгаа барьцалдуулагч нь нэмэлт хүхрийг бууруулах зорилгоор доломит гэдэг бодис хэрэглэж байгаа. Энэ бодис нь хавдар үүсгэгч нэгдүгээр зэргийн бодис гэж олон улсын байгууллагууд үздэг. Бид РМ2.5, РМ2.10 гэдэг чинь дотроо тоосонцор хатуу бодис байгаа. Нөгөөдөх нь хий байгаа хийн дотроо угаарын хий гээд байгаа юм. Угаарын хий бол ямар нэгэн хатуу бодис байхгүй үнэргүй, харагдахгүй учраас их хортой. Багануурын нүүрсийг түлж байхад угаарын хий нь мэдэгддэг учраас хүмүүс сэрэмжлээд байдаг байсан. Шахмал түлш дээр бол утаа мэдэгдэхгүй учраас хүмүүс угаартах аюулд ороод байна. Доломет гэдэг аюултай. Тодруулбал, PM 2.5, PM 10.2-т байгаа агаарт дэгдэж байгаа энэ жижиг ширхгүүд чинь доломет өөрөө цахиурын маш нарийхан, сахлын хутга шиг иртэй тийм жижиг ширхэгүүд хүний уушгийг гэмтээдэг аюултай бодис аж. Бүр жишээгээр хэлбэр, газар тариалангийн салбарт пестицидийг хүний эрүүл мэндэд хортой гээд хориглодог. Гэтэл үүнийг долометоор хийж байгаа” гэсэн юм.


Угаарын хийд хордох шалгаан нь шахмал түлш өөрөө юм. Энэ тухай Шинжлэх ухааны доктор Ж.Нарангэрэл “Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийн шинжилгээг 2019-2024 оны хооронд ШУА-ийн хими, химийн хүрээлэнд маш олон удаа хийсэн байдаг. Энэ үр дүнгээр эдгээр барьцалдуулагчдад хүрээлэн буй орчинд онц хортой бодисууд илрээгүй.


Харин барьцалдуулагч шаталтын явцад агаарт аливаа хорт бодис ялгаруулахгүй, түлшний бат бэхийг хангах хүхрийн давхар ислийг үнсэнд хувиргах /1:03:35/ гол үүрэгтэй байдаг. “Тавантолгой түлш” ХХК-ийн баримталж байгаа барьцалдуулагчийн стандарт нь болохоор хэтэрхий ерөнхий, ялангуяа эрдэс бүрэлдэхүүний найрлагыг тодорхой зааж өгөөгүй байгаа тул ямар нэгэн шинжилгээний үр дүнгээр бид нар энэ барьцалдуулагч сайн байна, муу байна гэж хэлэх ямар ч боломжгүй болоод байгаа юм. Түлшний шинж чанартай холбоотой гэж үзэж байна. Ер нь угаар үүсэх бас нэг шалтгаан бол хатуу түлш өөрөө юм. Энд ямар шалтгаан байна гэхээр нүүрсний найрлага, чийгийн агуулга, үнсний агуулга угаар үүсэхэд бас их нөлөө үзүүлэх хүчин зүйл болоод байгаа юм” гэсэн юм. Харин барьцалдуулагийнхаа тухай “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр хэлэхдээ “Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа барьцалдуулагч хоёр төрөл байгаа.


Импортоор авч байгаа барьцалдуулагч цардуул суурьтай. Яагаад дотоодоосоо цардуул суурьтайг авч болдоггүй вэ гэхээр шинжилгээнд өгөөд ерөнхийдөө эрдэнэ шиш, төмс, улаан буудайн цардуул зэрэг байдаг.


Шинжилгээнд өгөхөөр стандарт хангадаггүй. Дотоодын барьцалдуулагч гээд байгаа нь долоон метр суурьтай цилозын агуулга агуулсан хоёр барьцалдуулагч хэрэглэж байгаа. Ер нь энэ цаашдаа барьцалдуулагчийн асуудлыг үндсэн түүхий эд яригдаж байгаа цаг үед бас ахиж шинэчилж эрдэмтдийн судалгаан дээр үндэслэсэн сайн шийдлийг олох ёстой гэж үзэж байгаа. Шахмал түлшийг түлж болно. Гэхдээ ямар эрсдэл үүсэж болох вэ гэдгийг ЖАЙКА аль хэдийнэ 2017 онд судалжээ. Энэ судалгаанд гол эрсдэл нь хүхэрлэг хий буюу хүхрийн давхар исэл үүсэх магадлалтай гэж дурдсан байна. Энэ ч үнэн байв. Өмнө нь буюу түүхий нүүрс түлдэг байх үед буюу Багануур, Налайх, Алаг толгойн нүүрсийг хэрэглэдэг байхад хүхрийн агууламж 0.4-0.5 хувьтай байж. Гэтэл 2019 оноос буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш агаарын бусад үзүүлэлт сайжирсан ч, хүхрийн давхар исэл SO2 огцом нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрсний хэрэглээг халснаар утаа буурсан ч, агаар дахь хүхрийн давхар исэл ихэссэн.

 

“Тавантолгой түлш”-ийн лаборатори нь итгэмжлэлгүй


Тавантолгой түлш компани үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ болон түүний түүхий эд, орц, найрлагад техникийн болон элементийн шинжилгээ хийх өөрийн лабораторитой 2023 оны хоёрдугаар сарын 13-нд болж байв. Өмнө нь Ашигт малтмал газрын тосны газар, Геологийн төв лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэн, Гео аналитикийн лаборатори, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын лаборатори зэрэг хөндлөнгийн лабораториудад долоо хоногт 2-3 удаа шинжилгээ хийлгэдэг байсан бол өөрийн лабораторитой болсноор өөрсдөө өдөр тутам шинжилгээ, технологийн туршилт хийх болжээ.


Шинээр байгуулсан лабораторид нүүрсний техникийн (дэгдэмхий, хүхэр, үнслэг, чийглэг, илчлэг, бат бөх чанар) ба элементийн (нүүрстөрөгч, устөрөгч, азот, хүхэр) шинжилгээ, барьцалдуулагч материалын наалдамхай чанар, хагас коксжуулалтын коксын, давирхай, хийн гарцыг тодорхойлох Фишерийн реторт, баяжуулалтын шинжилгээ, зуухны туршилт шинжилгээ зэрэг шинжилгээ хийдэг байна.


Цаашид уг лабораторийг MNS 17025:2018 стандартын ерөнхий шаардлага хангасан, химийн шинжилгээ, туршилтын итгэмжлэгдсэн лаборатори болох зорилго тавин ажиллаж байна гэв. Тэгвэл энэхүү лаборатори нь итгэмжлэл аваагүй байна. Итгэмжлэл гэдэг нь олон улсын стандартад нийцсэн лаборатори гэсэн баталгаа юм. Гэвч энэхүү лаборатори нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл итгэмжлэлгүй үйл ажиллагаа явуулж иржээ. Энэ талаар Үндэсний итгэмжлэлийн төвийн бодлого хэрэгжилтийн ахлах мэргэжилтэн н.Мөнхбат “Итгэмжлэлийг сайн дурын үндсэн дээр олгодог. Гэхдээ “Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол заавал итгэмжлэгдсэн байх ёстой гэж заасан байдаг.


Энэ нь үйл ажиллагаанд нь хөндлөнгийн хяналт дор үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. “Таван толгой түлш” ХХК-ийн хувьд заавал итгэмжлэгдсэн лабораторитой байхыг шаардахгүй. Харин гаргаж буй бүтээгдэхүүндээ шинжилгээ хийлгэдэг лабораторитой бол энэ байгууллага нь заавал итгэмжлэгдсэн байх шаардлагатай.


Тухайн компани өөрсдөө яагаад итгэмжлэл хийлгэхгүй байгаа нь тусдаа асуудал. Харин бүтээгдэхүүнээ итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж байгаа эсэх нь ч чухал. Мэдээж итгэмжлэлтэй бол сайн, итгэмжлэлгүй бол муу гэсэн ойлголт байхгүй. Итгэмжлэгдэнэ гэдэг нь бусад улс оронтой харилцан хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Хэрэв Тавантолгой түлш ХХК зөвхөн өөрийн лабораторийн шинжилгээний хариуг үндэслэж байвал энэ нь хууль зөрчиж байна гэсэн үг” хэмээн албаныхан тайлбарлаж байв. Тэгвэл нүүрсийг зөвхөн бөөрөнхий хэлбэрт оруулахын тулд хортой бодис ашиглах нь зөв үү. Нүүрсийг хэлбэрт оруулж буй бодис нь иргэдийн амь насанд хүрч байгаа бол нүүрсээ задгайгаар нь савлаж зарах нь илүү дээр биз ээ. Ер нь стандартгүй, хөндлөнгийн хяналт шалгалтгүй “Сайжруулсан шахмал түлш” гэх түлшийг хэчнээн хүн амь үрэгдсэний дараа хэрэглээнээс хасах юм бол!!!



Б.БАЯРЖАВХЛАН, Ч.БЯМБАХАЖИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин