sonin.mn

МАНИЛА, 2025 оны хоёрдугаар сарын 6 /AP/. Филиппиний Конгрессын доод танхим дэд Ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлахыг лхагва гарагт дэмжжээ. С.Дутерте бол Ерөнхийлөгч асан Родриго Дутертегийн охин юм. 


Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Режиналд Веласкогийн хэлснээр, 306 хууль тогтоогчийн 215 нь дэмжжээ. Одоогоор импичментийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Гэхдээ өнгөрсөн сард импичментийн асуудлаар гурван гомдол гаргасны дараа санал хураалт явуулсан нь энэ юм.


Тодруулбал, С.Дутертег улсын төсвөөс олон сая ам.долларыг зүй бусаар ашигласан, Ерөнхийлөгч Фердинанд Маркосыг хөнөөхөөр завдсан гэх зэрэг гэмт хэрэгт буруутгажээ.


Одоо Филиппиний Конгрессын дээд танхим болох Сенатад санал хураалт явагдана. Дутертег огцруулахын тулд 24 сенатчийн гуравны хоёр нь дэмжсэн санал өгөх ёстой ба хурлын тов одоогоор гараагүй байна.


Харин С.Дутерте өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, өөрийг нь огцруулах гэж буйг улс төрийн өшөө авалт хэмээн тодорхойлжээ. С.Дутерте 2022 оны сонгуульд эцгээ залгамжлан ерөнхийлөгчид өрсөлдөнө гэж олон хүн таамаглаж байсан боловч тэрбээр Ф.Маркосыг дэмжиж, түүнтэй нэг баг болж дэд ерөнхийлөгчид өрсөлдсөн юм. Гэвч удалгүй тэдний харилцаа муудаж, 11 дүгээр сард сөргөлдөөн дээд цэгтээ хүрчээ. Гэхдээ Ф.Маркосын хувьд импичментийг дэмжихгүй байгаа боловч үүнд нөлөөлөх эрх мэдэл өөрт нь байхгүй гэдгийг мэдэгдсэн байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг