sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 6 /VOA/. АНУ-ын засгийн газрын эзэмшлийн хөлөг онгоцууд Панамын сувгаар ямар ч төлбөр төлөхгүйгээр дамжин өнгөрөхөөр болсон тухай Төрийн департамент мэдэгдэв.


"Засгийн газрын хөлөг онгоцуудыг Панамын сувгаар дамжин өнгөрөхөд хураамж авахгүй байхыг Панамын засгийн газар зөвшөөрсөн" гэж Төрийн департамент олон нийтийн X сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ дурдаад ингэснээр АНУ-ын засгийн газар жил бүр олон сая доллар хэмнэнэ гэдгийг онцолжээ.


Харин Панамын сувгийн захиргаа энэ мэдэгдэлд одоогоор тайлбар өгөөгүй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Төв Америкийн орнуудад айлчлах үеэрээ Панамын Ерөнхийлөгч Хосе Раул Мулинотой ням гарагт уулзсан юм. 


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "суваг ашигласны төлбөрийг хэт өндөр тогтоосон" гэж Панамыг буруутгаад “хэрвээ энэхүү өгөөмөр бэлгийн ёс суртахууны болон хууль эрх зүйн зарчмуудыг хүндэтгэхгүй бол бид Панамын сувгийг бүрэн бүтнээр нь ямар ч болзолгүйгээр буцаан өгөхийг шаардах болно” гэж өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. 


Панамын сувгийг АНУ-ын мэдэлд буцааж авна гэсэн Трампын сүрдүүлэгт Панамын Ерөнхийлөгч Хосе Рауль Мулино хариу өгч, мэдэгдэл хийсэн юм. Панамын суваг 1914 онд албан ёсоор ашиглалтад орсон бөгөөд барилгын ажлыг голчлон Америкийн тал гүйцэтгэжээ. АНУ хэсэг хугацаанд хамтран ашигласныхаа дараа сувгийг 1999 онд  Панам улсад шилжүүлэн өгсөн байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг