Үндэсний бөх бол монгол угсаатны соёл, зан заншил уламжлалыг цогц байдлаар агуулж буй соёлын биет бус өв билээ. Тийм ч учраас монголчууд эрэгтэй хүүхэд төрвөл бөх болно хэмээн бэлгэшээдэг. Багадаа барилдаж өсөөгүй хүүхэд ховор. Хүүхэд, залуучууд малын бэлчээр, сургууль дээр ч, заал танхимд хаана л бол хаана барилдаж өсдөг. Тэд бие бялдраа хөгжүүлж бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж уйгагүй хөдөлмөрлөж, уран мэхийг уралдуулан барилдаж амжилтад хүрч алдар цол хүртдэг. Тэгвэл тэдний дунд эрдэм номд шамдан өндөр боловсрол эзэмшсэн нь цөөнгүй. Тэдний нэг болох Г.Гантулгыг энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа урилаа.
Аавынхаа эрдэм мэдлэг, ээжийнхээ бөхийн удмыг өвлөж төржээ
Аймгийн харцага Г.Гантулга СЭЗИС-ийг эдийн засагч мэргэжлээр улаан дипломтой төгсөж, сургуулийнхаа хойморт хүндэт самбарт өнөөг хүртэл заларч буй. Түүнтэй ярилцаж суухдаа “Төрмөл авьяастай нэгэн юм” гэсэн бодол төрж байлаа.
Г.Гантулга 1992 онд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд Галбадрахын отгон хүү болон мэндэлжээ. Түүний аав хүний их эмч мэргэжилтэй ч бөх, моринд дуртай нэгэн байж. Тиймээс удам залгах хүүгээ сайн бөх болно гэдэгт итгэдэг байв.
Учир нь Г.Гантулгын ээжийн том ах нь Монгол Улсын начин, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Эрхэмбаяр. Тэгэхээр Г.Гантулга бөхийн удамтай, эрдэм номтой хүмүүний үргэлжлэл ажээ. Харин тэрээр дээрх бүх эрдэм оюун, авьяас чадварыг өвлөн төржээ. Энэ тухайгаа “Би бөх болох мөрөөдөлтэй хүүхэд байсан. Ухаан орох цагаас л аав минь намайг С.Эрхэмбаяр ах шигээ бөх болно. Миний хүү бяртай, уран барилдаантай шүү гэдэг байсан. Би ч гэсэн С.Эрхэмбаяр ахыгаа харж, үлгэрлэж ийм л хүн болох юм сан гэж мөрөөддөг байлаа.
Аавын минь хэлсэн үг надад “Надаас илүү бяртай, намайг дийлэх хүн байхгүй юм шиг сэтгэгдэл үлдээсэн юм" хэмээн ярьж суухдаа аавын минь хэлсэн үг ерөөл болж, ахын минь амжилт намайг үндэсний бөхийн спорт руу хөтөлсөн дөө гэж байлаа.
Өнөөгийн нийгэмд бөх барилддаг хүүхдүүдийг хичээлдээ тааруу байсан мэт ойлгох нь элбэг. Тэгвэл энэ “Хэвшмэл ойлголт”-ыг Г.Гантулга эвдэж чадсан юм. Тэрээр сургуульд орсон цагаасаа төгсөх хүртлээ онц сурлагатан, ангийн дарга цаашлаад аймгийн хэмжээний шилдэг сурагч, орсон олимпиад бүрдээ байр эзэлдэг, манлайлагч сурагч байсан юм. Энэ нь түүний бага ангийн багш н.Алимаатай холбоотой. Энэ талаараа “Бага боловсролын суурь сайн тавигдах нь цаашид амжилттай суралцах гол түлхүүр болдог гэж боддог. Манай бага ангийн багш н.Алимаа суурийг минь маш сайн тавьж өгсөн. Харин дунд ангийн математикийн багш н.Батхүү гэдэг хүн байсан. Мөн л маш сайн багш. Харин ахлах ангид орох үед шинэ төгссөн багш хичээл орохоор болоход нь сургуулийн захиргаанд өргөдөл гаргаж багшаа солиулж байсан.
Ингэхдээ “Бид төгсөх ангийн сурагчид учраас н.Бадамгарав багшаар хичээл заалгах хүсэлтэй байна” гэсэн. Үүний үр дүнд математикийн олимпиадаас хүрэл, IQ-ийн олимпиадаас хүрэл медаль хүртэж байсан” гэсэн юм.
Гэхдээ зөвхөн хичээлдээ сайн байгаад зогсохгүй спортдоо сайн хүүхэд байсныг түүний амжилтуудаас харж болно. 2008-2010 оны хооронд Жүдо, Үндэсний бөх, Чөлөөт бөх, Самба, Сагсан бөмбөг, бөөрөнцөг шидэлтийн төрөлд алтан медаль, Гар бөмбөгөөр мөнгөн медаль нэг зэрэг хүртэж байсан юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо гуравдугаар байрт жагсаж, хүссэн сургуульдаа элсжээ
Хичээсний үр дүнд буюу нэгдүгээр курстээ 12 хичээл үзэх ёстойгоос 11 дээр нь онц дүнтэй төгссөн. Мөн эдийн засгийн улсын олимпиадад орж мөнгөн медаль хүртжээ.
Г.Гантулгыг оюутны ангийнхан нь “Заанаа” гэж дууддаг. Учир нь 2009 онд буюу наймдугаар ангиа төссөн зунаа Төгрөг сумын баяр наадамд Үндэсний бөхийн насанд хүрэгчдийн барилдаанд анх удаа барилдахдаа түрүүлж, аймгийн заан цол хүртжээ.
Харин СЭЗИС-д бөх барилддаг хүн орох нь өдрийн од шиг ховор учир ангийнхан нь түүнийг ийнхүү дууддаг байж. Энэ тухайгаа “Тэр жил би өөрийгөө түрүүлнэ гэж төсөөлөөгүй. Гэхдээ бэлтгэл сайн хангагдаж, түрүүлэн сумын заан цол хүртсэн. Улмаар 2009 оноос А.Сүхбат аваргын “Олимп” дэвжээнд элсэн орж, нэг жил бэлтгэл хийсэн. Ингээд бөхийн спортоороо хичээллэе гэж шийдэж сургуулиа орхисон. Гэтэл жилийн дараа аавын минь бие өвдөж, намайг дуудсан. Энэ үед би багшдаа “Аавын минь бие муу байгаа учраас хөдөө явах хэрэгтэй боллоо. Биеийг нь тэнхрүүлээд эргээд ирье”. Гэтэл А.Сүхбат багш маань “Бөх хүн тэсвэр хатуужилтай байх ёстой. Өвчин зовлон ар гэрийг мартах хэрэгтэй. Хэрэв чамайг явбал эргүүлж авахгүй” гэсэн юм. Гэтэл дэвжээний ах нар маань намайг “явах ёстой” гээд би явж байсан. 2010 оны хавар гэртээ очиход аав, ээж хоёр минь намайг маш их санасан байсан. Ингээд аав минь намайг “Миний хүү бөх бол бүх насны спорт биш. Тиймээс боловсрол эзэмших нь зүйтэй. Эзэмшсэн мэргэжлийг чинь хэн ч булааж чадахгүй. Хичээлдээ сайн юм чинь 2-3 сар давтлага авч сургуульдаа сур гэсэн. Ингээд би зуны амралтаараа давтлага авч, улсын шалгалтаа өгч арваннэгдүгээр ангиа онц төгсөж байсан. Гэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө аав, ээж хоёрт би тамирын сургуульд орохгүй. Багш, цагдаа, эмч болохгүй. Сургуульд орвол СЭЗИС-д орно. Чадахгүй бол бөх болно гэж хэлсэн. Удалгүй элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн.
Математикийн хичээлээрээ аймгийн хэмжээнд гуравдугаарт жагссан байсан. Хуваарь сонгох гээд очиход миний орохыг хүсэж буй МУИС болон СЭЗИС-ийн бүх хуваарь түүнд нээлттэй байсан. Ингээд би өөрийн хүссэн сургууль болох СЭЗИС-д Эдийн засагч мэргэжлээр элсэн орсон” гэсэн юм.
Гэвч түүнийг бүртгэл хийлгэхээр очиход нь бөх барилддаг хүүхэд ийм хэцүү мэргэжлээр суралцаж чадахгүй гээд ангиа солихыг санал болгосон байна. Энэ тухайгаа Г.Гантулга “Сургуульдаа бүртгүүлэхээр эгчтэйгээ хамт СЭЗИС-ийн сургууль дээр очлоо. Гавьяат багш Ишцэдэн биднийг угтсан юм. Намайг хараад “За 10 жилээ төгсөөд хаагуур явж байгаад одоо орж ирж байгаа нөхөр вэ” гэв. Тэгэхээр нь “Төгсөөд шууд ирж байна” гээд хэлсэн. Гэтэл чи бөх барилддаг байж СЭЗИС-ийн хамгийн хүнд ангийг сонгодог нь яаж байгаа юм бэ. Ангиа одоо солиулсан нь дээр юм биш үү гэсэн. Тэгэхээр нь би “Багшаа би энэ ангид сурна. Сурах сурахдаа онц сурна” гэж хэлсэн. Гэтэл надад итгэхгүй “Хэдэн сарын дараа ангиа солиулъя гээд уйлан дуугараад орж ирэв дээ” гэсэн. Ингээд л эдийн засагч гэдэг мэргэжлээр 21 аймаг есөн дүүргээс хамгийн өндөр оноог авч орж ирсэн хүүхдүүдтэй суралцах дөрвөн жилийн минь аялал эхэлсэн дээ” гэж байлаа. Спорт хүнийг сахилга баттай болгодог. Г.Гантулгад энэ зан чанар бий. Тиймээс ч өөрийг нь сурч чадахгүй гэсэн багшид өөрийгөө харуулахын тулд маш их хичээж, Үндэсний бөхийн спортоо орхисон байна. Гэхдээ төрмөл авьяастай хүн гэдэг өөр. Намраас хавар хүртэл чармайж сурчихаад зун нь аймагтаа очиж бөхийн барилдаануудад алгасахгүй орно. Ингэхдээ үргэлж түрүүлнэ. Г.Гантулга үеийнхээ бөхчүүдэд өвдөг шороодож үзээгүй гэдэг. Үүний жишээ бол 2012 онд Говь-Алтай аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн начин болж байсан юм. СЭЗИС-ийн хамгийн хэцүү ангид элсэн орсон түүнд шантрах үе байсан ч уйгагүй хичээл зүтгэл нь амжилт дагуулж, урам зориг өгчээ.
Тэрээр“СЭЗИС-ийн хичээл үнэхээр хүнд байсан ч маш их хичээсэн. Заримдаа бөхөө барилдаад явж байхгүй яав даа гэж бодох үе байсан. Хичээсний үр дүнд буюу нэгдүгээр курстээ 12 хичээл үзэх ёстойгоос 11 дээр нь онц дүнтэй төгссөн.
Мөн эдийн засгийн улсын олимпиадад орж мөнгөн медаль хүртсэн. Энэ нь надад урам өгсөн. Улмаар хичээлдээ илүү их шамдан гуравдугаар курст Номын сангийн шилдэг оюутан болж байлаа. Учир нь манай эдийн засгийн мэргэжлийн бүх ном англи хэл дээр байдаг. Энэ нь илүү их хичээл чармайлт шаарддаг байсан. Жишээлбэл, СЭЗИС-ийн бусад мэргэжлүүд шалгалт өгч төгсдөг бол манай мэргэжил заавал диплом бичиж төгсдөг. Миний хувьд 2014 онд Засгийн газрын гадаад өр нэлээд их байсан учир үүнтэй холбоотойгоор дипломын сэдвээ “Монгол Улсын гадаад өр, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөө үзүүлэх вэ” сэдвээр бичсэн. Ингэхдээ шөнөдөө 2-3 цаг унтаж гурван сар суусны эцэст онц дүнтэй хамгаалж байсан” гэсэн юм. Сонирхуулахад Г.Гантулга дипломоо ганцаараа онц дүнтэй хамгаалж байжээ. Харин сургуулиа онц төгссөнийхөө дараа н.Ишцэдэн багш дээрээ очиж “Багшаа би онц төгссөн шүү” гээд хэлж байсан аж.
Монголын хамгийн өндөр цалинтай дөрвөн байгууллагад ажиллах санал ирж байжээ
Г.Гантулгыг төгссөн жил монголын шилдэг дөрвөн байгууллагаас ажиллах санал иржээ. Энэ тухайгаа “Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч маань Банкуудын холбоо, Худалдаа хөгжлийн банк, Аудитын компани, Банк санхүүгийн хувийн компанид ажиллах уу гэсэн. Харин би энэ үед багшдаа “Сургуулиа амжилттай сурч төгссөн ч надад дуусгаагүй ажил байгаа. Бага насны мөрөөдлөө биелүүлж Үндэсний бөхөөрөө барилдана уучлаарай багшаа” гэж хэлсэн. Дээрх ажлуудын цалин нь маш өндөр байсан. Гэсэн ч өөрийн зүрх сэтгэлээ дагасан. Би нэг эхлүүлсэн ажлаа дуусгаж байж санаа амардаг зантай. Тэгвэл их сургуулиа онц дүнтэй төгссөн юм чинь одоо эхлүүлээд үлдээсэн Үндэсний бөхөөрөө харамсахгүй болтлоо барилдъя гэж сэтгэл шулуудсан даа” гэсэн юм.
2015 оноос эхлэн хүсэл мөрөөдлийнхөө дуудлагыг дагаж 20 гаруйхан настай аймгийн заан цолтой залуу аварга, арслангуудыг хаяж, аймаг цэргийн цолтой бөхчүүд дундаа шөвгөрч эхэлсэн нь энэ тэр билээ.
Тамирчин хүнд тулгардаг хамгийн том бэрхшээл бол бэртэл байдаг. Г.Гантулгад ч энэ бэрхшээл тулгарч 2016 онд хөлөндөө бэртэл авч жил гаран завсарлаж, 2017 онд Говь-Алтай аймгийн наадамд тав давж аймгийн Харцага цол авч байжээ. 2018 онд баруун гарын бугуйгаа үений эсрэг эргүүлж бэртгэлтэй хоёр жил гаран явж 2019 онд Хүрээ цам даншиг наадамд зургаа давж Даншгийн өсөх идэр начин цол хүртэж байсан гэдэг. Ингээд цар тахлын үе таарч 2020-2022 он хүртэл бэлтгэл завсардаж 2023 оноос илүү тууштай хичээллэж байгаа юм.
Энэ тухайгаа “Чадахаасаа чадахгүй болтлоо хичээнэ. Харамсахгүй болтлоо барилдана гэж боддог. Харин үүнээс цааш мэргэжлээрээ ажиллах бодолтой байгаа” гэсэн юм.
Бөх, эдийн засаг гэсэн хоёр эсрэг туйлт ертөнцийг хослуулагч Г.Гантулгатаа амжилт хүсье. Бөх гэдэг бол монголчуудын ондоошил, омогшил, бахархал. Харин бидний соёлын биет бус өвийг тээгч эрдэм мэдлэгтэй олон залуусыг төлөөлүүлэн энэ удаагийн дугаартаа онцлохыг хүслээ.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл4
Ийм бөх байдаг юмуу
Ийм эдийн засагч бол монголд хэрэгтэй дээ , уг нь ... Даанч ХУЛГАЙЧДААР дүүрчихсэн зай олдохгүй байх аа ...
амжилт хүсьеэ
боловсролтой бөхчүүд бдаг ш дээ, аймаг цэргийн цолтой. Гадаадад төгссөн