ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 20 /VOA/. Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп АНУ-ын түүхэнд анх удаагаа гадаадын орнуудын удирдагчдыг эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх ёслолд урьж, хүлээн авах гэж байна. Д.Трампын тангараг өргөх ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони зэрэг дэлхийн удирдагчдыг урьсан байна. Ши Жиньпин уг ёслолд Хятад улсын дэд даргыг илгээжээ. Өмнө нь гадаад улсын төрийн тэргүүн нар тангараг өргөх ёслолд оролцохоор АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаагүй юм.
Энэ удаагийн ёслолд оролцох Х.Милей, Парагвайн Ерөнхийлөгч Сантьяго Пенья нар бямба гаргийн орой болсон эрх мэдлийг шилжүүлэх ёслолд тусгай зочдын хувиар оролцсон бөгөөд Д.Трампын Засгийн газрын гол албан тушаалд нэр дэвшсэн хэд хэдэн хүн мөн оролцжээ.
Тэдний дунд Төрийн департаментыг удирдах сенатч Марко Рубио, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон бага Роберт Кеннеди нар байлаа. Ингээд “Америкийн дуу хоолой” агентлаг 60 дахь удаагийн тангараг өргөх ёслолд оролцохоор Вашингтонд ирж буй гадаадын удирдагчдыг тоймлон танилцуулсныг хүргэе.
Хятад
Өнгөрсөн 12 дугаар сард Тангараг өргөх ёслолд уригдсан анхны гадаад улсын төрийн тэргүүн бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин юм. Тэрбээр ёслолд оролцохгүй хэдий ч дэд дарга Хань Жэнийг оролцуулахаар илгээж байгаа ажээ.
Д.Трампын үед АНУ, Хятадын өрсөлдөөн ширүүсэж магадгүй байгаа үед энэ үйл явдал болж байна. Д.Трампын засгийн газрын гишүүдийн зарим нь Хятадын эсрэг хатуу байр суурь баримталдаг бөгөөд тэр дундаа М.Рубио "Хятад бол манай үндэстний хамгийн хүчтэй, аюултай дайсан” гэж хэлж байсан удаатай.
Д.Трамп Хятадын бараанд ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн юм. Гэхдээ хоёр удирдагч баасан гарагт утсаар ярьж, худалдаа, фентанил, “TikTok” зэрэг асуудлыг хэлэлцжээ. Д.Трамп утсаар ярьснаа “маш үр дүнтэй” болсон хэмээн тодорхойлсон байна.
Аргентин
Х.Милей бол 11 дүгээр сарын 5-ны сонгуулийн дараа Д.Трамптай уулзсан анхны гадаадын орны удирдагч байсан юм. Тэрбээр Буэнос-Айресаас Мар-а-Лаго эдлэн газарт очиж түүнтэй уулзсан байна.
Өмнөд Америкийн улсад эдийн засгийн зоримог шинэчлэлийг хэрэгжүүлж буй тэрбээр өөрийгөө “анархо-капиталист” гэж нэрлэсэн бөгөөд бямба гаргийн орой тайзнаа үг хэлэхийн өмнө Д.Трампын ойрын хүмүүсийн нэг Вивек Рамасвами түүнийг тэврэн угтжээ.
В.Рамасвами түүнийг “урам зориг” хэмээн нэрлэсэн байна. Х.Милей төрийн албан хаагчдыг цомхотгож, дэд бүтцийн төслүүдийг царцааж, цалин, тэтгэврийн хэмжээг инфляциас доогуур түвшинд барьсан зэрэг хэд хэдэн хэмнэлтийн арга хэмжээ хэрэгжүүлснийхээ төлөө тэрбумтан Илон Маскаас байнга магтаал сайшаал хүртдэг байна.
И.Маск, В.Рамасвами нар холбооны засгийн газрын зардлыг танах төрийн бус байгууллагыг удирдах юм. Х.Милейгийн хувьд, АНУ-тай сайн харилцаатай байх нь Олон улсын валютын сантай шинэ хэлэлцээр хийхэд тусална гэдэгт найдаж байна.
Итали
Ж.Мелони бол саяхан Мар-а-Лагод очсон өөр нэг удирдагч юм. Түүний энэ долоо хоногийн төлөвлөгөөнд тангараг өргөх ёслолд оролцоно гэж дурджээ.
Ж.Мелони Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдентай сайн харилцаатай байсан боловч Д.Трамптай илүү прагматик харилцаа тогтоох бололтой. Т
Гүрж
Гүржийн Ерөнхийлөгч асан, барууныг баримтлагч Саломе Зурабишвили ёслолын ажиллагаанд АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн Жо Уилсоны зочны хувиар оролцоно. Луйвар явагдсан гэж сөрөг хүчнийхэн мэдэгдэж буй парламентын сонгуулийн дараа тус улсад эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа юм.
Өнгөрсөн сарын эцсээр Михаил Кавелашвили ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа С.Зурабишвили Гүржийн хууль ёсны удирдагч хэвээр байна гэж мэдэгдсэн байна. Шүүмжлэгчид М.Кавелашвилигийн намыг улам бүр авторитар болж, Москва руу хэлбийж байна гэж буруутгаж байгаа юм. Харин М.Кавелашвилигийн эрх баригч нам үүнийг няцаасан байна.
С.Зурабишвили Fox News-т ярилцлага өгөхдөө “Орос үргэлж ноёрхохыг хичээдэг” тул Гүрж бүс нутагтаа “Америкийн хувьд том амжилт эсвэл том асуудал” болж магадгүй гэжээ.
Франц
Өнгөрсөн сард Парист Эх дагинын сүмийг нээх үеэр Д.Трамптай уулзсан Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тангараг өргөх ёслолд оролцохгүй. Харин тус улсын хэт барууны үзэлтнүүд уг ёслолд оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.
Ярилцлагын шоуны хөтлөгчөөс консерватив улстөрч болсон Эрик Земмур болон түүний хамтрагч, Европын парламентын гишүүн Сара Кнафо нар оролцохоо мэдэгджээ. Э.Земмур арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, шашны үзэн ядах үзлийг дэвэргэсэн гэх хэргээр олон удаа ял сонсож байжээ.
Хэт барууны үзэлт улстөрч Марион Марешаль ч мөн ёслолд оролцоно гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр Европын парламентын гишүүн бөгөөд 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж буй Францын консерватив удирдагчийн зээ охин юм.
Өөр хэн хэн оролцох вэ?
Тангараг өргөх ёслолд уригдан оролцохоор төлөвлөж байгаагаа Эквадорын Ерөнхийлөгч Даниел Нобоа, Парагвайн Ерөнхийлөгч Сантьяго Пенья нарын ажлын албанаас мэдэгджээ.
Консерватив эдийн засагчаас улстөрч болсон С.Пенья Д.Трампын мөрийн хөтөлбөрийг магтан сайшааж, АНУ болон Латин Америкийн хоорондын харилцааг гүнзгийрүүлнэ гэж найдаж байгаагаа бямба гаргийн орой илэрхийлсэн байна.
Тайваниас Д.Трампын тангараг өргөх ёслолд хууль тогтоох байгууллагын дарга Хан Куо Юй болон өөр долоон хүнийг Вашингтон руу илгээсэн боловч цаг агаар хүйтэрсний улмаас ёслолыг танхимд зохион байгуулахаар болсон тул төлөөлөгчид ёслолд оролцохгүй гэж Тайванийн Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Тайванийн албан ёсны төв мэдээллийн агентлаг Тайванийн Гадаад хэргийн яамнаас эш татан мэдээлснээр, төлөөлөгчид Тайвань-АНУ-ын харилцааг бэхжүүлэх асуудлаар Америкийн улстөрчид, судалгааны төвийн эрдэмтэдтэй уулзах ажээ. Тэд Д.Трамптай уулзах эсэх нь тодорхойгүй байна.
Д.Трамп хагас дамжуулагчийн зарим үйлдвэрээ АНУ-аас татаж байна гэж Тайванийг шүүмжилж ирсэн боловч түүний эхний бүрэн эрхийн хугацаанд АНУ-Тайванийн харилцаа мэдэгдэхүйц сайжирсан юм.
Баасан гарагт Д.Трамп, Ши Жиньпин нар утсаар ярих үеэр, Хятадын дарга АНУ-ын удирдагчийг Тайваний асуудалд болгоомжтой хандахыг уриалаад, энэ нь Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотойг онцолсон байна. Бээжин тус арлыг Хятадын нутаг дэвсгэр хэмээн үзэж, шаардлагатай бол хүчээр өөртөө нэгтгэнэ гэж мэдэгдсээр иржээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
"Чи бидэнд хэрэггүй,Bye Bey" ЕХ-ны комиссын тэргүүн Урзула фан дер Леуен Дональд Трампад баярын мэндчилгээ дэвшүүлж,хамтран ажиллахад бэлэн байгаа талаар ил захидал явуулжээ. Трамп хариу өгөөгүй бөгөөд тангараг өргөх ёслолын баярт түүнийг уриагүй байна. Энэ нь Брюсселийн хүнд сурталтнуудын "нүүр рүү нулимах" мэт үйлдэл болжээ. Германы AFD намын тэргүүн Алисе Вайдел Италийн Жоржиа Милони, Унгарын В.Орбан нарыг урьжээ. ЕХ-ны хүч суларч,Трампын багийханд тийм ч сонирхолтой бус болжээ. АНУ бие даасан хүчирхэг улс орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байна. Урзула фон дер Леуен удаа дараа иргэдийн үгээ хэлэх эрх чөлөөг хорьж, Элон Маскийн Х-ийг хаах талаар санал тавьж, ширүүн шүүмжилж байсан билээ. Энэ бүхэн Д.Трамп түүний ойр дотныхонд таалагдаагүй байна.
Зөнөг Байден нацист алиалагч Зелягийн фракцаас хэн ч уригдсангүй, харин Путингийн фракцийн ихэнхи гишүүд уригджээ. Трамп бол Путингийн фракцийн нэг гишүүн юм.
ЁВРОП ХОХЬ НЬ БОЛЖЭЭ
Манай ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж урилгаар оролцоно. Аргагүй л дэлхийн хүн юм аа. Өмнөх ерөнхийлөгч асан Обаматай бас ТУН СҮРХИЙ байсан шүү.