Амттай бөгөөд өөх тостой хоол хүнс идсэний дараа энэ талаарх мэдээллийг ой санамжид хадгалдаг нейронуудын өвөрмөц хэлхээнүүд сүүн тэжээлтэн амьтдын гиппокамп буюу ой тогтоолтыг хариуцдаг тархины хэсэгт байдаг болохыг Америкийн биологичид олж тогтоожээ.
Эдгээр эсийг дарангуйлснаар туршилтын хулганууд илчлэг ихтэй хоол хэрэглэх нь багасч, турсан тухай химийн судалгааны “Монелл” төвийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсан байна.
“Амттай хоол идсэн талаарх мэдээлэл тархинд хадгалагддаг гэдэг бол гайхшруулахаар зүйл биш ээ, харин энэхүү ой санамж нь хооллох хэв маяг, хоолны дуршилд нөлөөлдөг гэдгийг бид мэддэггүй байсан. Хамгийн гайхалтай нь, эдгээр нейроныг дарангуйлснаар амьтад амттай, өөх тостой хоол идсэн ч гэсэн илүүдэл жинтэй болоогүй явдал юм” гэж Пенсильванийн их сургуулийн доцент Гийом де Лартиг ярьж байна.
Амьтдын ходоод руу цэвэр нүүрс-ус, өөх тос болон бага хэмжээний давстай цэвэр ус орох үед янз бүрийн мэдрэлийн гиппокампууд ямар хариу үйлдэл үзүүлж байгааг эрдэмтэд ажиглах явцдаа дээрх нээлтийг хийсэн байна.
Эдгээр хүнсийг хэрэглэх нь амт, консистенц ба түүнтэй холбоотой хөдөлгөөний мэдрэмжид биш харин хулгануудын хооллолтын хэв маяг, хоолны дуршилд нөлөөлсөн үү гэдэг нь эрдэмтдийн сонирхлыг татаж байлаа. Эрдэмтэд хэмжилт хийж үзэхэд, ходоод руу өөх тос, нүүрсус орох үед хулгануудын гиппокампын урд хэсэг дэх тодорхой бүлэг нейронууд идэвхжиж байжээ.
Эдгээр эсийг хүчээр идэвхжүүлэх нь хулгануудын хооллолтын хэв маягийг өөрчилж, өөх тос эсвэл сахар ихтэй хоол идэхэд хүргэнэ. Эсрэгээр нейронуудыг идэвхгүй болгосноор хулганууд амттай, өөх тос ихтэй хоол идэх сонирхолгүй болж, ийм төрлийн хоол хэчнээн их байсан ч гэсэн хулгануудын биеийн жин буурч байжээ.
Энэхүү нээлт нь илүүдэл жинтэй эсвэл хоолгүй дуршилгүй болж хэт турсан /анорекс/ хүмүүсийн тархины мэдрэлийн эсүүдэд үйлчилдэг эмийг гарган авах, эмчилгээний шинэ аргыг боловсруулах боломжтой гэсэн итгэл найдварыг төрүүллээ. Ингэснээр хүмүүсийн хоолны дуршлыг уян хатан байдлаар өөрчлөн зохицуулж, илүүдэл жинтэй хүмүүс хэт их илчлэгтэй, эрүүл бус хүнсэнд татагддаг байдлыг багасгах боломжтой болно.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0