sonin.mn

Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, номын садан хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү монголын сошиал ертөнцөд зөв байраа эзлэн яваа гэж итгэнэм. Иймд надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад таалагдах мөрүүдээс авч нийтлэл болгодог. Таалан соёрхоно уу!


редактор, судлаач-проф. Д.Баярхүү


Нэгэн зүйл

 

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье! Монгол иргэн бүр Эх орныхоо, эрх чөлөөнийхөө, эд баялгийнхаа эзэн нь байгаарай! Цөөхөн Монголчууд бидэнд байгаа хамгийн том эрх чөлөө бол Монгол Улсын тусгаар тогтнол юм. Монголын ард түмний чин хүсэл, эрмэлзэл бол Эх орондоо элэг бүтэн, элбэг дэлбэг, энх тунх амьдрах хүсэл шүү.

 

Нэгэн зүйл


Улаанбаатар хот маань жаахан л салхитай бол огт утаа, униаргүй цэлмэг байх юм. Мөн хүүхдүүдийн амралт эхлэхээр түгжрэл илт буурах юм. Тэгэхээр бидэнд утаагүй, түгжрэлгүй болох зохицуулалтын бодлого л хэрэгтэй байна. Бид Улаанбаатарын жижигхэн хонхортоо багтаж ядаад байна. Иргэнээ бодсон эдийн засгийн маш зоригтой хөшүүрэг хэрэгтэй.


Энэ нь хөдөө суманд очиж амьдрах цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдтэй айл өрхийн Хүүхдийн мөнгийг сарын 1 сая төгрөг болгож өг! Сардаа 2 хүүхэдтэй бол 2 сая төгрөг, 3 хүүхэдтэй бол 3 сая төгрөг авна гэсэн бодлого.


Хүүхдийн мөнгөөр нь эдийн засгаар дэмжиж хөдөөгөө хөгжүүлэх эхний алхам болно. Байгаад л байвал энэ чигээрээ хамаг мөнгөө утаа, түгжрэл гэж хий үрээд дуусна. Дээр нь өрхийн хэрэгцээний 0.1 га газрыг олгож хувь амьдралыг нь дэмж! Сумандаа очсон өрхүүдийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, хамтын хөдөлмөр эрхлэлт буюу артелыг хөгжүүл! Сумандаа байгаа түүхий эд бүрийг боловсруулдаг бол! Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хоршооллын хэлбэр хөгжүүл! Суманд яг үнэндээ мэдлэг, боловсон хүчин хэрэгтэй байна. Мэдлэгийг хөших эхний шат хүүхдийн мөнгө болно. Тэгвэл хөдөө хөгжинө, үйлдвэржинэ. Нийслэл утаагүй, түгжрэлгүй болно.

 

Нэгэн зүйл

 

Иргэдийнхээ хөдөлмөрийг шударгаар үнэлсэн цалин хөлсийг бий болгохгүй бол бид хөгжихгүй. Өндөр цалин хөлс нь чөлөөт зах зээлийн алтан хөшүүрэг, зарчим нь юм. Ингэж чадвал бүгд Норвег шиг баялагтаа эзэн болж чадна. Эх орондоо эзэн болон амьдрах бодит гарц бол бүгд баялагтаа эзэн болсон Норвег зарчим. Норвегийн иргэн бүр өндөр цалин, тэтгэвэр авдаг. Боловсрол, эрүүл мэнд үнэгүй. Дарга нар нь түмний буюу төсвийн мөнгийг дур мэдэн үрдэггүй. Хатуу хяналтад.


1859 онд үндэс сууриа тависан Норвегийн Амьдралын Шинжлэх Ухааны Их Сургууль (Norwegian University of Life Sciences-NMBU) 2019 гэхэд гүйцэтгэж дуусгах бүтээн байгуулалтуудын төлөвлөгөө хэрэгжүүлжээ. 2021 он гэхэд төлөвлөсөн бүх бүтээн байгуулалтууд бүрэн дуусч, оюутны тоо, ажиллах хүчнийхээ тоог 3 дахин ихэсгэж Дэлхийн ногоон хөгжлийн сургалт, судалгааны хамгийн том төв байгуулахаар зорьж байна. Хамгийн орчин үеийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, лаборатори болоод оюутны байр, спорт төв зэргийг шинээр барьж байгуулжээ. Нэмж хэлэхэд Норвегид их дээд сургуулиуд нь Төрдөө харъяалагдан сургалт үнэгүй байдаг.

 

Монгол Улсад 1942 онд үүдээ нээсэн МУИС зэрэг төрийн их дээд сургуулиудийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, дотуур байр зэрэг юу болж байдаг бол? Шинжлэх ухаанаа тэргүүн эгнээнд тавьсан улс гүрнүүд эрчимтэй хөгжөөд байдаг. Манайх болохоор хэдхэн төрийн их дээд сургуулиудаа ийш тийш нь нүүлгэнэ, зөөнө, хотоос хөөнө гэсэн бодол л их цухуйлгах юм.

 

Улаанбаатар хотын утаа, түгжрэлд оюутнууд ямар ч нөлөөгүй. Өнөөдөр их дээд сургуульд суралцаж буй оюутнууд харин ч нийтийн тээврийн хөгжилд их нэмэртэй, мөн жижиг дунд шатны худалдаа наймаа, нийтийн хоолны газруудад ихээхэн орлого оруулдаг гэж би хувьдаа боддог. Нийт 1.5 сая хүн амтай хотын 10 хүрэхгүй хувь нь оюутан залуус байх нь хэвийн үзүүлэлт. Төрийн их дээд сургуулиудаа буруу бодлогоор нийслэлээсээ гаргавал болсон болоогүй олон хувийн их, дээд сургуулиуд орыг нь залгаад томроод л эхлэнэ. Дийлэнх хувийн гэх сургуулиуд төлбөрөө бодоод Монголын ирээдүйд муур багш мэт аашилж, загнадагийг бүгд мэднэ. Үүнийг бодолцох ёстой!

 

Нэгэн зүйл

 

Би бас л санаа оноо өгөхөөр бичээд байна. Хүлцээрэй. Юу гээч? Байгаагаа бага зардлаар өөд нь тат! Төсвийн 70 хувийг шууд цалин, тэтгэвэртээ өг. Энэ нь дотоод зах зээлээ дэмжсэн бодлого болно. Ингэвэл манайд дотоод үйлдвэрлэл эрчимтэй хөгжинө. Eрдөө зохион байгуулалтын, бодлогын л зохицуулалт хэрэгтэй байна. Байгаа мөнгөө иргэдийнхээ цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд л хэрэглэ. Үр ашиг нь тодорхой бус байгаа зам, гүүр, дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудаа тана, хямгад!

 

Нэгэн зүйл

 

Замаа хүртэл халааж байж л Монголд өвлийг давна. Хальтиргаа гулгаа, халио тошин үүсэж, зам бараг мөстөж байна. Шөнөдөө хасах 40 хэм хүрч хонож байна. Байгалийн үнэхээр хүнд нөхцөлтэй орон, манай Монгол бол. Бас л үглэе. Ураан гэх баялагтай байж хэтэрхий харанхуй, хөлдүү амьдарч байна даа. Утаанаас салж, сайхан амьдаръя гэвэл цөмийн эрчим хүчийг ашиглаж АЦС барьж цахилгаан үйлдвэрлэхээс өөр арга үнэндээ алга. Урвагчдаас айлгүйгээр ураанаа ашиглах Үндэсний хөгжлийн бодлого бий болгоё! “Цахилгааны хувьсгал” хийх цаг иржээ. Норвег улсад урьд өмнө байгаагүй их хүйтэрч үзлээ. Хасах 20 хэм даваад ирсэн үед усан цахилгаан станцууд нь доголдож, цахилгааны үнийн өсөлт мөн утааны асуудал үүсч байна. Бас л бодууштай сургамж.

 

Нэгэн зүйл

 

Төсвийн хулгайг хязгаарлаж, цалингийн реформ хийж, хөдөө орон нутгаа эзэнтэй болгоё. Хүн амын хэт төвлөрлийг бид цалингийн реформ хийснээр багасгаж чадна. Яг ингэж бодогдоод байгаа юм. “Цагийн цалин” системтэй л болох хэрэгтэй байна даа! Манайд нээрээ харанхуйчууд бас олон байнаа. Мулгуй нь дэндсэн. Эх оронч сэтгэлгээ бол бусдын сайнаас суралцах, сайныг дагаж хөгжих л бодлого юм шүү дээ. Цээжээ дэлдэн бусдын бүтээснийг булаан авч тэгшхэн тарааснаас өөдлөсөн улс орон гэж үгүй юм билээ шүү.