sonin.mn

БРЮССЕЛЬ, 2025 оны нэгдүгээр сарын 10 /Axios/. Өнгөрсөн 2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болж, дэлхийн агаарын хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 1.5 хэмд тогтоон барихад чиглэсэн Парисын хэлэлцээрийн зорилтоос анх удаа давлаа гэж Европын Холбооны Уур амьсгалын өөрчлөлт судлалын төв пүрэв гарагт мэдэгджээ.


Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлт судлаачид нэг жилийн дээд үзүүлэлтэд тийм ч их ач холбогдол өгдөггүй, гэхдээ урт хугацаанд авч үзвэл цаашид улам хурдацтай дулаарах төлөвтэй байгаа бөгөөд 2024 он яагаад ийм халуун байсан, энэ нь юуг зөгнөж байгаа нь тодорхойгүй хэвээр байна. 2023 он цаг уурын мэдээллийг эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн халуун жил болж байсан юм. 


Үнэн хэрэгтээ өнгөрсөн 2024 он нь 2023 оны нэгэн адил хамгийн багаар тооцоход 125 мянган жилийн түүхэн дэх хамгийн халуун жил байсан байх магадлалтай байна. Өндөр нарийвчлалтай компьютерын загварчлалын өгөгдлийг ашиглан дүн шинжилгээ хийхэд, зарим өдрийн дундаж хэм нь аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнээс 2 хэмээс хэтэрсэн нь Парисын уур амьсгалын гэрээнд заасан өөр нэг температурын зорилттой таарч байна. Уур амьсгалын өөрчлөлт судлалын төвийн мэдээлснээр, сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр түүхэн дэх хамгийн халуун жилүүд бүртгэгджээ. АНУ-ын Далай тэнгис, агаар мандлыг судлах үндэсний газар /NOAA/, Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ судалгаануудын  дүн ч ижил төстэй байх бололтой. Эдгээр байгууллагын 2024 оны тайлан мэдээллийг баасан гарагт танилцуулах юм.


2024 онд дэлхийн гадаргын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.6 хэм, 2023 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтээс 0.12 орчим хэмээр өндөр байсан болохыг Уур амьсгалын өөрчлөлт судлалын төвийн судлаачид тогтоожээ.


Гэхдээ аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих Парисын хэлэлцээрийн зорилт нь ганц хоёр жилээр бус, урт хугацааны буюу 20-30 жилийн дундаж үзүүлэлтээр хэмжигдэх юм. Манай Дэлхий аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад 1.5 хэмээр дулаарвал Арктик ба Антарктидын мөсөн бүрхүүл хайлах зэрэг аюул нүүрлэх эрсдэл нэмэгдэхийг эрдэмтэд анхааруулсаар ирсэн билээ.  



Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ" агентлаг