Тоглолтын үеэр өрсөлдөгч багийн хаалгачийг түлхсэн “Реал Мадрид” багийн довтлогч Винисиус Жуниорыг хоёр тоглолтод оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Испанийн Эзэн хааны хөл бөмбөгийн холбооны /RFEF/ Сахилга батын хороо гаргажээ.
Энэ явдал нэгдүгээр сарын 3-ний өдөр Испанийн АШТ-ий 12 дугаар тойргийн тоглолтын үеэр болсон байна. II үеийн төгсгөлд Винисиус “Валенсиа” багийн хаалгач Столе Димитриевскигийн араас дөхөж очоод хүзүү рүү нь түлхсэн тул улаан хуудас авч, тоглолтын 79 дэх минутанд талбайгаас хөөгджээ.
Тэрбээр энэ үйлдлийнхээ төлөө 600 еврогоор, “Реал” баг 700 еврогоор торгуулсан байна. Ингэснээр Винисиус 19-нд “Лас-Пальмас” багтай, 25-нд “Вальядолида” багтай хийх Ла Лигийн хоёр тоглолтод оролцох эрхгүй болж байгаа юм. Гэхдээ 9-ний өдөр “Мальорка” багтай хийх Испанийн Супер цомын хагас шигшээ тоглолтод тэрбээр оролцох боломжтой.
Өдгөө 24 настай Винисиус 2018 онд Бразилын “Фламенго” клубээс “Реал Мадрид”-ад ирсэн бөгөөд тус клубийн бүрэлдэхүүнд Испанийн АШТ, Супер цомын тэмцээнд 3 удаа, Испанийн цомд 1 удаа, Аваргуудын лигийн тэмцээн, клубүүдийн ДАШТ-нд тус бүр хоёр удаа түрүүлж, УЕФА-г ийн Супер цомыг хүртэж байв.
Энэ улиралд Винисиус 22 тоглолтод оролцохдоо нийт 13 гоол оруулжээ. Одоогоор “Реал Мадрид” баг 43 оноотойгоор Испанийн АШТ-ний хүснэгтийн эхний байрт бичигдэж байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0