sonin.mn

Бөхийн өргөөнд барилдаан болж байна. Аварга, арслан заанууд тэргүүтэй бөхчүүд уран мэхийг уралдуулан байх нь сайхан л. Гэтэл өргөөний цэлгэр ордонд чив чимээгүй. Уухайн дуу, алга ташилт ч алга. Яагаад гэвэл үзэгчдийн суудал тав, аравхан хүнтэй бараг л хоосон шахуу. Бөхөө ийн шоовдорлоо гэж үү. Тиймээс Монгол үндэсний бөхөө яаж үзэгчтэй болгох вэ гэсэн асуудлыг хөндөхөөр шийдлээ.


Намраас хойш Бөхийн өргөөнөө чамгүй олон барилдаан болов. Даанч үзэгчид тун цөөхөн байлаа. Монголчууд маань бусдад гайхуулах нэг том өв соёлоо яагаад ойшоохыг больчихсон юм бэ. 2000-аад оны эхний үеийн бөх тойрсон дүр зургийг харвал үндэсний бөхөд талцал хуваагдал бий болж холбоогоо булаалдсан хэрүүл цөөнгүй жил үргэлжилсэн, найраа ихсэж цолны төлөө өрсөлдөөн задгайрч, даваа наймаалцах явдал газар авсан нь үзэгчдээ алдах эхлэл байсан байх.


Бас жилдээ ганцхан болдог улсын баяр наадмын түрүү бөхчүүд допингийн шинжилгээнд бүдрэх болсон нь монгол бөх нэр хүндээ алдах нэг шалтгаан байсан байж магадгүй юм. Нөгөө талаар аварга, арслан заануудаас эхлээд улсын цолтнууд жирийн барилдаанд тун хойрго оролцдог болсон. Бөхчүүд өргөнөөр барилдаж байвал сайхан л наадам болдог. Гэтэл 128, 256 гэсэн аль ч тооны бөх барилдсан улсын цолтнуудын эзлэх хувь дэндүү чамлалттай. Нөгөө байнга барилддаг хэд нь ирсэн байдаг. Энэ нь үзэгчдид бөхийн өргөөг зорихгүй байхын нэг шалтгаан болдог шиг байгаа юм. Яахав зурагтаар үзүүлж байгаа юм чинь гэж хэлэх хүн байх л биз. Гэхдээ бөх сонирхогчдын хувьд зурагтаар үзэх, дэргэдээс нь харж баясан хөгжиж суух хоёрт ялгаа их байдаг юм шүү дээ.



Энэ оны аравдугаар сараас хойш чамгүй олон барилдаан болсон. Түүнээс хоёрхон удаа л бөхийн өргөө үзэгчдээр дүүрсэн. Сар илүүхний өмнө Үндэсний бөхийн барилдааныг 20 жил тасралтгүй нэвтрүүлсэн сайн үйлийн эзэн ТВ-9 телевизийн ойд зориулсан барилдааны үеэр бөхийн өргөө жинхэнэ нэг дүүрсэн дээ. Бөхчүүд ч овоо оролцсон байсан. Учрыг сонсохнээ уг барилдааны түрүү бөх есөн сая төгрөгийн бай гардахаас гадна үзэгчдийн дундаас есөн азтан тодруулж сая сая төгрөг өгчээ.



Тэгэхлээр бөхчүүд ч, үзэгчид ч сайн ирсэн, оролцсон байгаа юм. Өнгөрсөн ням гаригт Ховд аймгийн Буянт сумын харъяат ХХ зууны манлай заан, гавъяат дасгалжуулагч Дасрангийн Мягмарын нэрэмжит барилдаан бас их хөлтэйхөн байлаа. Бөхийн өргөөг дүүргэсэн энэ барилдаан юугаараа үзэгчдийг тэгж татав гэвэл мөн л есөн азтай үзэгчид сая сая төгрөг өгсөн. Бас зодоглосон 128 бөхийг толгой дараалан ууттай бэлгээр мялаасан. Ивээн тэтгэгч нь “Номин Холдинг” байлаа. Энэ нь барилдааныг сайн зохион байгуулсан мэт харагдуулсан. Тэгвэл энэ аргыг би буруу менежмент гэж хэлэх гээд байна л даа. Нэгд бөх гэдэг соёлын дархлааг сулруулж байна. Хойшдоо ч хор хөнөөлтэй юм. Уг нь үзэгч сайтай байх барилдаж буй бөхчүүдэд ч урамтай л даа. За нэг томоохон барилдаан болох нь гэхэд зарим нөхөд сая төгрөгийн азтан шалгаруулах юм болов уу гэж асуудаг болох жишээний. Тийм юм байхгүй бол бөхийн өргөөг зүглэхгүй нь л дээ. Бөхчүүд ч тэр. Бай шагнал хэр юм бол гэдгээс болоод зодоглох үгүйгээ шийддэг болчихож. Харин сая Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан тун сайхан боллоо гэж үзэгчид шагшиж байна. Нээрээ л бөхчүүд бүрэлдэхүүн сайтай, үзэгчид өргөөг дүүргэсэн байв. Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн бараг тал хувьд дөхсөн нь улсын цолтон байж аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нар манлайлуулан барилдав.



Барилдахын урлаг ийм байдаг гэдгийг Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан ёстой л үзүүлэв дээ. Тэрбээр урьд нь давж байгаагүй аварга, заануудаа голдуу дархан мэхээрээ "тэнгэр харуулж" дэндүү ганган түрүү авсан юм. Энэ начин гурвын даваанд улсын харцага Б.Цэдэнсодномыг дөрвийн даваанд улсын аварга О.Хангайг, тавын даваанд улсын заан М.Лхагвагэрэлийг, зургаагийн даваанд улсын заан Б.Пүрэвсайханыг, долоогийн даваанд улсын заан Б.Бат-Өлзийг түвэггүйхэн давж Ерөнхийлөгчийн цомын эзэн болов. Үзэгчид ийм барилдааныг хүсч байдаг юм байна.



Тэгэхлээр аль нэг тэмдэглэлт өдөр ойгоороо бөхийн барилдаан хийх гэсэн байгууллага Номин шиг баян ивээн тэтгэгчтэй байх шаардлага гарах нь ээ дээ. Тэгэж байж бөх болоод үзэгчдийг мөнгөөр даллана гэсэн үг. Ийм байж таарахгүй ээ. Уг нь Монголчууд бид өөрийн үндэсний унаган төрөл бөхөө хоббийгоо дагаж эх оронч сэтгэлгээгээр хүндэтгэлтэй үздэг байх ёстой юм. Японы сүмог харахгүй юу. Нэг сарын бүтэн 15 өдөр таван сая суудалтай ордон дандаа дүүрэн байхыг бид хардаг. Эр, эмгүй, хөгшин залуугүй л сүмогоо шимтэн үздэг. Гэтэл Монголчууд яагаад түүх, соёлоороо бахархаж чадахгүй болчихсон юм бол. Дээр зарим шалтгааныг нь хэлсэн дээ. Байдал иймээрээ байгаад байвал 20-30 жилийн дараа гэхэд монгол бөх түмний цэнгэлийн нэг дээд нь биш зөвхөн жуулчдад сонирхуулдаг төдий үзүүлэх тоглолт чанартай болчихвий гэж зовох юм. Сүүлийн үед Монголын үндэсний бөхийн холбоо чадах чинээний ажлаа хийж л байх шиг. Гэхдээ эрх мэдлийн хувьд улс төрд булаалгасан юм нь их учир зовлон байдаг л бололтой. Бөхийн дүрмээ үе үехэн өөрчилж л байх юм. Тэр өөрчлөлтийн зарим нь насгүйхэн байгаа. “Үхлийн барьц гэдэг юмыг үгүй хийснээс хойш барилдаан хүссэнээр сайхан болсонгүй л. Ядахдаа одоо хоёр бөхийн идэвх гаргасныг давуулах гэдэг уламжлалыг эвдсэн нэг арга хэрэглэж байна. Өөр л дүрэм хэрэгтэй байгаа юм.


Бөхийн холбоо нэг үе бөхчүүдээ барилдаанд өргөн оролцуулахын тулд жил, сард аль насныхан хэдэн барилдаанд оролцох ёстойг тодорхойлж оролцооны шагнал урамшил олгохоор болсон удаа бий. Байж болох энэ ажил одоо алга. Бас дэвжээдийн хоорондын тэмцээн “Алтан цом”-ын барилдаан гээд аятайхан арга ажил бас бий. Бөхчүүд барилдаж л байвал орлоготой байдаг тийм систем хэрэгтэй юм болов уу.


Монгол үндэсний бөх бусад спортоос огт өөр. Чөлөөт, жудогийнхон гадаадад тэмцээнд явах зардлын эрэлд гарч хуйхаа мааждаг зовлонтой. Тэгвэл монгол бөхөд тийм юм байхгүй. Олсон орлого нь цэвэр өөрт нь шингэнэ. Тиймийн учир төрөл бүрийн бооцоотой болговол зөв биш үү. Компаниуд тугаа хийсгэн хэдэн зуун долларын шан амладаг сүмо шиг биш ч улсын наадам болоод аль нэг барилдааны үзүүр, түрүү, их шөвөгт үлдсэн бөхчүүдийг барилдахад нь аль нэг байгууллага юмуу үзэгчид хоёр учраагийн дунд бооцоо амладаг байж болно. Арван үзэгч хэрээрээ 40-50 мянга ч юмуу 100 мянган төгрөгийн бооцоо тавъя гэе л дээ. Сонирхолтой л болно. Давсан бөх бооцооныхоо 70-80 хувийг авдаг байхад бөхийн холбоонд ч яльгүй ашигтай байж мэдэх юм. Японы сүмогийн жишиг тийм шүү дээ. Энэ бооцоо бөхөд өгөх байнаас тусдаа юм. Бас нэгийг хэлэхэд бөхийн холбоо дүрмээ түшиж барилдааны явцад сахилгын зөрчил гаргаж учраа бөхөө санаатай нудрах, алгадах, тохойлдох зэргээр зохисгүй авирласан зэрэг танхайрах үйлдэл үзүүлсэн бөхөд барилдах эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг болж. Шийтгэл хүлээлгэж байгаа нь зөв л дөө. Саявтар улсын заан Б.Серикт бүтэн жил барилдах эрхийг нь хассан шийтгэл оноожээ. Энэ арай л арай хатуудсан, зөв шийтгэл биш санагдаад байгаа юм. Үүний оронд мөнгөн торгууль ногдуулдаг болвол яанав. Харин уг торгуулиа заасан хугацаанд өгөөгүй бол дараагийн барилдаанд зодоглуулахгүй байж болно. Дугаарын хязгаарлалт зөрчсөн жолоочид 20 мянган төгрөгийн торгуул ногдуулдаг шиг бага байвал бас нөлөөгүйдэнэ. Адаглаад 500 мянгаас сая төгрөг байлгавал зохистой. Энэ бол агуулгын хувьд барилдах эрхийг хасахаас өөр юм. Допингийн асуудал бол тусдаа хэрэг. Дэлхийн жишгийг дагахаас өөр аргагүй л биз. Монгол бөхийг үзэгчтэй байлгахад хамгийн чухал нь зодоглох бөхийг бүрэлдэхүүн сайтай байлгах явдал мөн гэдгийг давтан хэлье. Түүнээс биш бөхийг, үзэгчдийг мөнгөөр даллах нь зөв юм биш.



Д.ЦЭРЭННАДМИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин