ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /Reuters/. Франц улс Чадын нийслэл Н’Жамена хотод байрлаж байсан байлдааны хоёр онгоцоо Чадаас гаргаснаар цэрэг татах ажиллагаа эхэлсэн гэж Францын армийн командлал мэдэгджээ. Чад улс Францын талтай байгуулсан батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээгээ цуцалснаа хоёр долоо хоногийн өмнө мэдэгдсэн юм.
Бүс нутаг дахь лалын шашинт босогчдын эсрэг тэмцэлд барууныхны чухал холбоотон болох Чад улс хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээний үйлчлэлийг 11 дүгээр сарын 28-нд зогсоосон нь гэнэтийн алхам байлаа.
Цэргүүдийг татан гаргах нөхцөл, Францын цэргүүд Төв Африкийн улсад үлдэх эсэх талаар тохиролцоогүй байгаа боловч мягмар гарагт байлдааны эхний онгоцууд Францын зүүн нутагт байрлах бааздаа буцаж иржээ.
Францын армийн хэвлэлийн төлөөлөгч хурандаа Гийом Вернет мэдэгдэхдээ, энэ ажиллагаа нь Н’Жаменад байрлуулсан Францын зэвсэг техникийг гаргаж эхэлснийг харуулж байна гэжээ.
Баруун Африкийн Мали, Буркина-Фасо, Нигерт цэргийн эргэлт гарч, Францын эсрэг хандлага газар авснаар Франц улс эдгээр орноос цэргүүдээ хэдийнэ татан гаргасан байна. Чадаас цэргээ гаргаснаар Сахелийн бүс нутагт олон арван жилийн турш цэргээ байрлуулж байсан Францын ажиллагаа дуусгавар болно.
Франц улс Чадад 1000 орчим цэрэг байлгасаар иржээ. Г.Вернетийн хэлснээр, үйл ажиллагаагаа хумих товыг хоёр улс эцэслэн шийдвэрлэхэд олон долоо хоногийн хугацаа шаардагдах төлөвтэй байна.
Чадын армийн хэвлэлийн төлөөлөгч Чанан Иссаха Ачейхийн хувьд, Францын байлдааны онгоцууд хөөрснийг батлаад, Францын цэргийн хүч бүрэн гарах хүртэл олон нийтэд мэдээлэл хүргэх болно гэж мэдэгджээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны төлөөлөгч өнгөрсөн сард Чад, Габон, Кот д’Ивуар дахь цэргийн тоог хэрхэн цөөлөх талаарх саналаа танилцуулсан боловч Чад улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа зогсоох шийдвэрийн талаар Парист урьдчилан мэдэж байсан гэх шинж тэмдэг ажиглагдаагүй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Колоничилогч Франц улс Африк тивээс хөөгдөж байна, ккк
африкаас хөөгдсөн ч монголыг элэг барьж ураныг нь зөөх гэж байгаа бол яахуу???
трамп макарон зелинский цэргээ цуглуулж орос руу дайоахаар боллоо мянган км тусах ""пекле"" пуужин өгч байна монголын уранаар орос руу бөмбөгдөнө орос хариу барина
франц нэртэй колоничлогч садист гомонууд одоо неоколоничлолын халхавч болсон "ардчилал" гэсэн улиг болсон лозунгаа ашиглах аргагүй хэмжээнд хүрч алийгаа алджээ.Одоо энэ садистууд манай улсыг бууныхаа овоо хараанд онилчихсон гэтэж байна. Бид явж явж Африкийн энэ улсуудаас тэнэг л болж таарах гээд байна аа даа.