ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 7 /VOA/. Колумбын хар тамхины мафийн толгойлогчдын нэг, Меделиний картелийн нөлөө бүхий гишүүн Фабио Очоа Васкес Америкийн шоронд 25 жил хоригдсоны эцэст суллагджээ.
АНУ-д 1970-аад оны сүүлч 1980-аад оны эхээр “хар тамхины бүүм” болж байх тэр үед өдгөө 67 настай Очоа өөрийн ах дүүсийн хамт асар их хөрөнгө мөнгө хуримтлуулж, 1987 онд Форбес сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад хүртэл бичигдэж байв. Майамид суурьшсан тэрбээр Пабло Эскобарын бүлэглэлийн хар тамхи түгээн борлуулах гол төвийг хянаж байжээ.
Хэсэг хугацааны дараа хар тамхины наймааны төв Колумбаас Мексикт шилжсэнээр түүний нөлөө буурсан байна. Ташрамд дурдахад, Netflix компанийн “Нарко” кинонд түүнийг Меделиний элит гэр бүлээс гаралтай бөгөөд адууны аж ахуй эрхэлж буйгаар харуулдаг.
Түүнийг анх 1986 онд хар тамхитай тэмцэх газрын мэдээлэгчийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Улмаар 1990 онд Колумбад байхад нь баривчлаад АНУ-д шилжүүлэн өгсөн бөгөөд тухайн үед тэрбээр “хамгийн их эрэн сурвалжлагдаж буй Колумбын хар тамхины мафийн 12 толгойлогч”-ийн жагсаалтад орсон байжээ.
Улмаар 2001 онд түүнийг дахин баривчилж, Майамид шүүх хурал болсон байна. 40 гаруй хүн оролцсон хар тамхины контрбандын хэрэгт түүнийг буруутгасан бөгөөд хам хэрэгтнүүд нь мөрдөн байцаалтанд хамтран ажиллаж ялаа хөнгөлүүлсэн бол Очоа үүнээс татгалзсан тул удаан хугацааны хорих ялаар шийтгүүлсэн байна.
Хэргийг шалгахад оролцож байсан Холбооны прокурор асан Ричард Грегорийн ярьснаар бол, эрх баригчид гэмт хэргийн замаар олсон Очоагийн гэр бүлийнхний бүх хөрөнгийг хурааж чадаагүй учраас суллагдсаныхаа дараа тэрбээр дутагдаж гачигдахгүй амьдрах нь тодорхой ажээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл3
Байдены засгийн газар америкийг хар тамхинд живүүлж байна.
Mongold mash hamaatai medee baina, hahaha
Мексикчүүд АНУ-г хар тамхиар л чадчихыг харахад улсыг хэрэглээгээр дөнгөх эрсдэл өндөр юм уу даа