sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /unn/. Орчин үеийн зэвсгийн систем, хиймэл оюун, өндөр хүчин чадалтай тооцооллын машин зохион бүтээхэд ашигладаг сүүлийн үеийн хагас дамжуулагч үйлдвэрлэх Хятадын нөөц чадавхыг хязгаарлахад чиглэсэн шинэ журмыг Аж үйлдвэр, аюулгүй байдлын товчоогоор дамжуулан нэвтрүүлнэ гэдгээ АНУ-ын Худалдааны яам мэдэгдэв. 


Эдгээр арга хэмжээ нь цэргийн шинэчлэлд шаардлагатай чухал технологиудыг олж авах гэсэн Хятадын эрх баригчдын боломжийг хязгаарлахад чиглэсэн өргөн хүрээтэй бодлогын нэг хэсэг юм.


Шинэ журмын хүрээнд хагас дамжуулагч үйлдвэрлэхэд ашигладаг 24 төрлийн тоног төхөөрөмж, түүнчлэн ийм чипүүд бүтээхэд ашигладаг 3 төрлийн программ хангамжийн экспортын хяналтыг чангатгах юм. Үүнээс гадна, Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгчид, цэргийн чадавхыг өргөжүүлэхээр ажиллаж буй компаниуд зэрэг 140 компанийг "Америкийн технологийг нийлүүлэхийг хориглосон байгууллагууд"-ын жагсаалтад нэмж оруулсан байна. Шинээр авч буй энэхүү арга хэмжээ нь иргэний болон цэргийн зорилгоор давхар ашиглах зориулалттай технологиудын хөгжүүлэлтийг хязгаарлахад чиглэсэн аж.


Тухайлбал, дэвшилтэт хагас дамжуулагч нь орчин үеийн цэргийн системийг бий болгох, стратегийн болон тагнуулын зорилгоор ашигладаг хиймэл оюун ухаан, мөн үй олноор хөнөөх зэвсгийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. 


Шинэ журмын дагуу мөн Хятад улсад өндөр чанартай хагас дамжуулагч үйлдвэрлэхэд ашиглуулахгүйн тулд Америкт үйлдвэрлэсэн гадаадын бүтээгдэхүүнд тавих хяналтыг чангатгах ажээ. Мөн дэвшилтэт технологиудыг болзошгүй дайснуудын гарт орохоос сэргийлэхийн тулд АНУ-ын эрх баригчид холбоотнуудтайгаа үргэлжлүүлэн хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг