sonin.mn

ТАЙБЭЙ, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /BBC/. Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ хоёр өдрийн айлчлал хийхээр АНУ-ын Хавай муж улсад очсон нь Хятадын талын дургүйцлийг хүргэжээ. Энэ айлчлал АНУ, БНХАУ-ын хооронд удаан үргэлжилсэн хурцадмал байдал, Тайванийн асуудлаас үүдэн мөргөлдөөн гарах вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа үед болж байна. 


Хавайд ирснийхээ дараа Лай Чиндэ хэлэхдээ "дайнд ялагч гэж байхгүй бөгөөд дайн дэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд бид хамтдаа тэмцэх ёстой" гэжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам уг айлчлалыг эрс зэмлэн буруушааж, АНУ-д эсэргүүцлээ илэрхийлсэн байна.


Хятадын иргэний дайны дараа 1949 онд салан тусгаарласан Тайванийг Хятад улс өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд бусад улстай дипломат харилцаа тогтоохыг эсэргүүцдэг. Харин АНУ тус арлын талаар удаан хугацааны турш зориудаар хоёрдмол бодлого баримталж, тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрдөггүй боловч засгийн газартай нь албан бус харилцаагаа хадгалсан хэвээр байна.


Хавай руу явахаасаа өмнө Лай Чиндэ хэлэхдээ, энэ аялал нь “үнэ цэнд суурилсан дипломат харилцааны шинэ эриний эхлэл” болж байгааг онцолжээ. 


Ардчилал, хөгжил цэцэглэлт, энх тайван бол Тайванийн ард түмний хүсэн хүлээдэг зүйл бөгөөд засаг захиргааны тэргүүний хувьд миний идэвхтэй сурталчлах ёстой үнэт зүйлс мөн" гэж тэрбээр хэлсэн байна. Мөн Тайвань бол “ардчиллын үлгэр жишээ төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих гол хүчин” гэдгийг дэлхий нийтэд харуулахыг хүсэж байна гэж мэдэгджээ. Бямба гарагт Хавайн засаг захиргааны албан тушаалтнууд, Конгрессын гишүүд болон Тайванийн оршин суугчид оролцсон оройн зоогийн үеэр Лай Чиндэ хэлэхдээ "1941 онд Сувдан эрэг рүү Японы флот дайрснаас үүдэн АНУ Дэлхийн II дайнд татагдан ороход хүрсэн өдөр миний бие энд ирсэн нь энх тайвныг сахин хамгаалахын ач холбогдлыг сануулсан явдал" болсныг дурдсан байна. 


“Энх тайван бол үнэлж баршгүй зүйл, дайнд ялагч гэж байдаггүй. Бид дайн дэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд хамтдаа тэмцэх ёстой” гэж тэрбээр хэлжээ. 


Аяллынхаа явцад Лай Чиндэ Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн 12 улсын тоонд багтдаг Номхон далайн арлын улсууд болох Маршаллын арлууд, Тувалу, Палауд очих ажээ. Мөн АНУ-ын Гуам аралд нэг шөнө саатах гэнэ. Хятадын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч айлчлалын өмнө мэдэгдэхдээ "бусад улсууд Хятадын Тайваньтай ямар ч хэлбэрээр албан ёсны харилцаа тогтоохыг эрс эсэргүүцэж, Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх оролдлогыг БНХАУ эрс няцаах болно" гэжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг