sonin.mn

А.Баатархуяг “Х” сонгууль, ”Х” парламентын талаар биччихээд “Х” Засгийн газрын талаар бичихгүй удлаа. Бухын доодохыг харж… гэгчээр мань эр бичихгүй бол би өөрөө үргэлжлүүлээд биччихэж чадна л даа. Мань эр юу хүлээгээд байгааг бүү мэд, надад бол өнөөгийн Засагаас хүлээх юм юу ч үйлдсэнгүй!


А.Баатархуягийн хамгийн сүүлд бичсэнээр “Х” засгийн газар бүрдсэн юм. Эрх ашгийн зөрчилдөөн нь далд. Лу.Гантөмөр бол яахав дээ, сулбагар хүн. Сиймхийгээр гүйж намын дарга болоод намаа удирдаж чадсан юмгүй ялагдсан ч эвслийн Засгийн газарт шургаад Шадар сайд болсондоо сэтгэл ханачихсан. Үүнээс илүүг хийх зүрх зориг, харизм, амбиц байхгүй. Дараагийн завшаан хүлээгээд хярчихсан, ерийн бэртэгчин.


Л.Оюун-Эрдэнэ ч харизм сул, өөртөө итгэх итгэлээр маруухан байна. ЗГ-аа ч бүрэн хянаж чадахгүй, системдээ найдаад хэдэн сайд нараа дураар нь орхичихсон.


Өнгөц харахад Л.Оюун-Эрдэнэ ганцаараа дураараа дургиад байгаа мэт харагдавч үнэн хэрэг дээрээ шинэ хуучин томчууд хамтран нийлж төсвийн болон баялгийн мөнгөөр туйлж байна. Аль ч тохиолдолд энэ Засгийн бүх алдаа эндэгдэл, тэнэглэл ганц Л.Оюун-Эрдэнэ дээр буух нь гарцаагүй. Ийм сулбагар нэгдэл зүй ёсоор эхний сорилтонд бүдэрч байна. Харин тэдний ард “Х” тулаан явагдаж байгаа ба аль аль нь чадваргүй, сул доройгоо нуух гээд тэрхүү “Х” тулааныг хүний өмнөөс намжаах хөгийн ажил хийсээр сонгуулийн жил өнгөрлөө.


Яг одоо харвал АН тоглоомын нам, ЗГ ч тоглоомын засаг болжээ. 80-аад оныхон засаглаж байгаа гэх хий хоосон яриа л байгаа. Гэхдээ энэ “домог” олон нийтэд ихээхэн нөлөөтэй. Яагаад гэвэл шинэ залуу үе өмнөх үеийн идээчин уугаачингуудыг улстөрөөс холдуулж “Сайн цагийг авчирна” гэдэгт итгэсээр өнөөг хүрсэн.


Гэвч тэр нь ёстой бухын доодохтой төстэй байсныг одоо хүмүүс анзаарч эхэлсэн. Нэг ч авилгын хэрэг, нэг ч авилгачин зохих ёсны ялаа эдэлсэнгүй. МАН-ын залуу бэртэгчингүүд өмнөх үеийнхнээ сэм шахах замаар төрийн албанд ороход нь тустай Л.Оюун-Эрдэнийг сэм дэмжиж байна. Харин хууччуул нь өөрсдийг нь төдийлөн оролдоод байхгүй тэгсгээд орхисонд сэтгэл хангалуун байгаа ч бас ингээд дуусчихна гэдэгтээ итгэхгүй байна. Тэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тойрон хүрээлж, дараагийн аюулгүйн шүхрээ бэлтгэхэд анхаарч байна. Нөгөө талд тэдэнтэй тэрсэлдсэн Х.Баттулга 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг хийгээд чуулгандаа ч суух завгүй гүйж байна. МАН-ын ч, АН-ын ч залуучууд өнгөрсөн сонгуулиар гарсан үр дүнг хууччуулынхаа жишгээр өөртөө ашигтай эргүүлж, шинэ МАНАН үүсгэсэндээ сэтгэл хангалуун суугаа юм. Цаашдаа олон жил “хамтдаа засаглах” мөрөөдөлдөө мансуурч, гадаад явж, галуу шувууны яс мэрж сууна. Тэдэнд нам нь хамаагүй, намын гишүүд нь ч хамаагүй, найз нөхдөөрөө, нэгэн үеэрээ улсыг хувааж төнхөх шинэ системийг бүрдүүлж байна. Харин Л.Оюун-Эрдэнэ яг энэ системд найдаж, залуугаараа өтөлж, амар жаргаж яваа нь өөрийг нь аюултай нүүр тулгаж байна. Гэтэл ардуур нь хууччуул “хүйтэн дайн” дэгдээж, лагеруудаа зэвсэглэж яваа билээ. 


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх.


Сонгуулиар У.Хүрэлсүхийн фракц цөөн тоотой дэвшиж, үй олон учир мэдэхгүй залуусыг Л.Оюун-Эрдэнэ парламентын жагсаалтаар гаргаж ирсэн билээ. Улстөрийн туршлагагүй зарим нь бараг монгол хэлээ мартсан тэдгээр залуус анхны төсөв дээр л хамраараа газар хатгав. Улстөрийн цэцэрлэгт дөнгөж орсон тэдгэр шушмаануудыг маллах үүрэгтэйгээр Д.Амарбаясгалан УИХ дарга болсон тул түүнийг орыг ЕТГ-ын дарга Я.Содбаатар авсан билээ.


Туршлагатай улстөрчийн хувьд У.Хүрэлсүх илүү холыг харж хуучин парламентыг даргыг дэргэдээ авсан. Ингэснээр МАН ЗГ-аас илүү ЕТГ-тай ойр холбоотой болжээ. АН-д адилхан нөхцөл үүссэн бөгөөд намын аппарат хөсөр хаягдаж, дээдэс нь нь ЗГ-аас уяатай нохой болж хувирчээ.


У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнээс нэг л зүйлийг гуйж, хүсэж, шаардаж, шахаж байна. Тэр нь “Үндсэн хууль”-д өөрчлөлт оруулж, “…Ерөнхийлөгчийг нэг удаа, парламентаас сонгох” гэсэн заалт оруулах. Л.Оюун-Эрдэнэ түүнийг эс үйлдэхээр эсэргүүцсээр байна. Эсэргүүцэх юу байх вэ, ер нь Оюун-Эрдэнэ ерөөсөө юу ч хийхгүй л жаргаж байгаа биз дээ? Ингэхээс аргагүй, тун саяхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентыг өргөтгөсөн тул ахиж Үндсэн хуульд гар дүрэхийг ард түмэн яагаад ч зөвшөөрөхгүй юм. Үндсэн хууль гэдэг тэдний компанийн дотоод журам шиг өөрчилдөг эд биш л дээ…


Нөгөө талаас тэрээр ингэсхийж байгаад Ерөнхийлөгчийн сонгуулийг тулгаж, У.Хүрэлсүхийг дахин дэвшүүлэхгүй болгоод хэл чимээгүйхэн хоёр яс салж, түүний нөлөөллөөс салахыг бодож байгаа хэрэг. Гэтэл У.Хүрэлсүх цаг хугацаа өнөгөрөх тусам тэяъяадаж үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж байна.


Ерөнхийлөгчийн нөлөө парламентад тийм ч сул биш юм. Н.Номтойбаяр, МАН-ын болоод АН-ын хуучин Эбэгийн талын холбоотнууд хангалттай бий. Бүтэн ЗГ эмхэлчих хангалттай хүчтэй юм. Тиймээс тэр Л.Оюун-Эрдэнийг итгэлтэй шахаж барьц алдуулж байгаа ба хүсвэл ЗГ-ыг огцруулчихаж чадахуйц нөлөөтэй болжээ.


Ерөнхийлөгч асан Х.Баттулга


АН-ын ялагдлын дараа тэрээр төрд хамгийн нөлөө бүхий хүн болон хувирсан билээ. Тэр хэзээ ч ил тод хүч чадлаа харуулж байгаагүй, төр барьсан дөрвөн жил түүний дараа хуйвалдаанаар унасан хонзон түүнийг бүтэн нойртой хонуулахгүй уджээ. УИХ-ын сонгуулийн үеэр тэрээр хамгийн холыг харсан наймаа хийсэн юм.


А.Баатархуяг нэр цохоогүй ч түүний наймааг маш тодорхой ажиглаж бичсэнийг хэн ч анзаараагүй, ерийн үед анзаарах л байсан байх, гэвч түүний өгүүллүүд гарч байхад бүгд сайд болох гээд юун юм уншихтай мантай байсан юм. Ер нь уншдаг хүн ч байхгүй л дээ, гэхдээ улстөрийн махинаци хийх болбол түүний бичсэнээс будаа иддэг нь үнэн л дээ.


Шуудхан хэлэхэд Х.Баттулга УИХ-ын сонгуулийн үеэр Л.Оюун-Эрдэнэтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн наймаа хийсэн юм. Хэн ч мэдэхгүй баахан нусгай дэвшүүлсэн Л.Оюун-Эрдэнэ яаж ийгээд ялахад АН-ын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байсан. Гэвч АН түүнийг дэмжихгүй нь тодорхой тул Х.Баттулгатай хэлэлцэн тохирсон байна. Ингэхдээ Х.Баттулгын АН дахь дайснуудыг дарж, ар талыг нь хөнгөлж өгсөн хэрэг. Жишээ нь Х.Баттулга өөрийн тойрогт 10-уулаа дэвшээд ганцаараа ялсан бөгөөд оронд нь говийн бүсэд өөрийн хүмүүсийг гаргаж авсан юм. Ингэхээс аргагүй, учир нь ирээдүйд олох мөнгөний томоохон төслүүд нь говьд төвлөрөөд байгаа юм. Стратегийн хувьд ийм, тактикийн хувьд Б.Дэлгэрсайханы нөлөөг хязгаарлах хоёр талын сонирхол ч байсан.


У.Хүрэлсүхийн нөлөөг хязгаарлахад энэ тохироо хангалттай үйлчилсэн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар, БХЯ-ны сайд Сайханбаяр, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Золбаяр гэх мэт олон нэр дэвшигчийг унагасан. Үүний дээрээс У.Хүрэлсүхтэй хамгийн ойр Сү.Батболдын фракцынхныг ч ташраар нь цэвэрлэж авсан юм.


Ингэж харвал Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгад, Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэд ач санах ёстой. Энэ бол жинхэнэ МАНАН бөгөөд ЗГ бол түүний сүүдэр төдий юм. Х.Баттулга зуучилж Л.Оюун-Эрдэнийн хамтарсан ЗГ-ын планыг зурсан. Энэ бүхний цаадахь хамгийн гол тохиролцоо бол Х.Баттулга АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихэд МАН-ын орон нутгийн бүтэц дэмжих, эсбөгөөс намдаа идэвхгүйжих ёстой юм.Үүний дараа орон нутгийн сонгуульд АН-ын аймгуудын намууд харьцангуй бие дааж орсон боловч цөөн аймаг, нийслэл мөн л Х.Баттулгын тохируулгаар орж “ялагдсан” байна. Нийслэлийн намаас “Х.Баттулгын хүмүүс дэвшлээ” гэдэг яриа гарсан ч сонгуулийн дараа намжив. Х.Баттулга мөн л давхар ашиг харж тоглосон бөгөөд өөрийнх нь ганц санхүүгийн түшиг болсон “Голомтын” Д.Баясгалангийн “Бөөрөлжүүтийн ДЦС”-д нийслэлийн бондоор хөрөнгө оруулж, бондын үлдсэн мөнгөөр хийсэн бродюрын бүтээн байгуулалтанд хамтран оролцсон байна.


Нийслэлд болон олонх аймагт МАН ялалт байгуулав. ХҮН нам ЗГ-т эвссэнээс нэр хүндээ алдаж, АН-ын алдагдлыг нөхөж чадсангүй. Ийнхүү МАН-д ашигтай мэт үр дүн гарсны ар дахь тохиролцоо нь Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга дэвшвэл түүнийг нийслэлийн МАН дэмжих учиртай болжээ.


АН 2024 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ялагдсаныхаа дараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүй бол бараг л тарахдаа тулна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн найдвартай нэр дэвшигч бол Х.Баттулга бөгөөд өөр хэн ч биш гэсэн шахаа руу гулсаж байна. Гэхдээ АН-ынхан тэнэг, өөрийнхнийгөө хутгалж тоглож сураагүй биш, тийм ээ?


Ганхаж буй засаг


Улстөрд үе халах үйл явц эргэлт буцалтгүй болохын хэрээр шинэ хуучны хуйвалдаан, шинэ хуучны тэмцэл туйлдаа хүрч, эцэстээ парламент хямарч ажиллах чадамжгүй болж эхэллээ. Д.Амарбаясгалан У.Хүрэлсүхэд ч, Х.Баттулгад ч таалагддаггүй, Л.Оюун-Эрдэнэ ч хамт тагнуулд явахыг нэг их хүсдэггүй хүн тул аль ч талын дэмжлэггүй болсон байна. Намын хайрцгаар хуйвалдаан явуулж сурсан тэрээр анхны төсөв дээр барьц алдаж, үймээн бужигнаан үүссэнээс төсвөө авч гарч чадсангүй хоригт оруулчихав. Төсвийн тодотголыг УИХ дээр татаж зохицуулах гэсэн авч бас л чадсангүй. Төсвийн хоригтой зэрэгцээд хоёр дахь цохилт орж ирсэн нь намуудын тухай хуулийн заалт байв.


Заалтаар намууд сонгуулийн жилдээ он гарахаас өмнө их хурлаа хийж сонгуулийн үр дүнг хэлэлцэх ёстой. Гэтэл эрх баригч гурван нам гурвуулаа найрлаж, зугаалж, бялуу хувааж явсаар их хурлаа хийж амжсангүй.


Хэрэв их хурал нь болбол АН-ын дарга Лу.Гантөмөр гарцаагүй огцрох болзлоо хангасан. Тэрээр УИХ-ын ба орон нутгийн сонгуульд дараалан шившигтэй ялагдал хүлээгээд ЗГ-ын хөнжлийн бөөс болох замаа сонгожээ. ХҮН нам УИХ-ын сонгуульд амжилттай оролцосон боловч сонгогчдын сууриа мэдрэлгүй ЗГ-т орсноор орон нутгийн сонгуульд сураггүй ялагджээ. Үүний хариуцлагыг намын дарга Т.Доржханд хүлээх ёстой. Хэрэв хамтарсан ЗГ-т орсон эдгээр намын дарга нар солигдвол ЗГ-т ч аюултай бөгөөд их хурлаасаа хамтарсан ЗГ-аас гарах шийдвэр гаргавал ЗГ унана. Л.Оюун-Эрдэнийн хувьд ч байдал нэг их сайнгүй агаад сонгуулийн үеийн алдаа, ганцаарчилсан шийдвэрүүд нь намыг золтой л ялагдуулчихаагүйн дээр авилга, хээл хахуультай тэмцэх амлалт нь бүдгэрч, олон нийтийн дунд нэр хүндээ алдсан нь түүнийг огцруулах талынхныг идэвхжүүлж мэдэхээр байв. Ядаж байхад түүний нам дахь цорын ганц тулгуур Д.Амарбаясгалан ажлаа ЕТГ-ын дарга байсан Я.Содбаатарт шилжүүлсэн учраас намд эргэлт гарах аюул бий юм.


Хэрэв Ерөнхийлөгч шударгаар намуудын тухай хуулийн өөрчлөлтөд хориг тавьбал “Тэгээд дуусаа…” гэгч болохоор эмзэг байна. Ерөнхий сайд төсвөө хамгаалахад идэвхтэй оролцоогүйн дээр тодотголын үеэр гадаад айлчлалаар одож байгаа нь энэ асуудал түүнд хамаагүй мэт…



Үнэндээ ганцхан ажил хийсэн нь бүх сайдуудаа дагуулж Хятадад очиж, төсвийн хөрөнгө оруулалт гуйсан ба нүүрсний импортоо багасгахгүй байхыг Хятадаас гуйсан юм! Энэ Монгол Улсын төсөв үү? Хятадын төсөв үү? Гэтэл Сангийн сайд нь дангаараа төсвөө хамгаалах гэж улайрч байна. Гэвч түүнд намын ч, ЗГ-ын ч дэмжлэг алга. Бүр УИХ-ын ч дэмжлэг алга. Ерөнхийлөгч төсөвт хориг тавьмагц УИХ-ын гишүүд түүний зүг ханарч байна. Сангийн яам төсөв боловсруулахдаа хэт хайнга хандсан бөгөөд салбар дундын зохицуулалтыг хангаагүй, хэт үрэлгэн зардал төсөвлөсөн байна. Ингэхдээ аанай л Л.Оюун-Эрдэнэ-Х.Баттулга-Х.Нямбаатар нарын төслүүд голлосон “Мега” төслүүдэд хэт их хэмжээний хөрөнгө хуваарилж, төсвийн алдагдал ба гадаад өрийг хязгааргүй тэлэх эрмэлзлээр ноцтой алдаа хийсэн юм. Төсвийг ЗГ-т буцаасны дараа маш хурдан тодотгоод буцаагаад УИХ-д өргөн барьж байна. Гэхдээ энэ тодотгол механик хасалтууд л хийснээр зарчмын ямар ч өөрчлөлтгүй орж ирсэн гэдэг дээр мөрийцсөн ч болно. “УИХ хэрэв төсвөө баталж чадахгүй бол тарна” гэсэн заалтыг хэзээ ч юм авч хаясан тулдаа гишүүдийн олонхи нь гадаадад зугаалж яваа УИХ тарчихалгүй тэсч байна. Ийм үхээнц байдлаараа хэр удахыг хэн ч таашгүй…




Судлаач Х.Д.Ганхуяг



Эх сурвалж: https://gankhuyag.com/


Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу