sonin.mn

 Украины арми Америкийн ATACMS пуужингаар Оросын нутаг дахь цэргийн объектод анх удаа цохилт өгсөн тухай "РБК-Украина" цахим хэвлэлд Украины батлан хамгаалах хүчний эх сурвалжийг эш татан мэдээлжээ.


Мэдээлэлд дурдсанаар, Оросын Брянск мужийн Карачев хотын ойролцоох цэргийн объект пуужингийн цохилтод өртсөн байна. Энэ хот Украины хилээс 130 км зайд оршдог ажээ.


Телеграм дахь Astra суваг пуужингийн довтолгоог нүдээр харсан хүмүүсийн илгээсэн хэд хэдэн дүрс бичлэгийг нийтэлсэн бөгөөд тэдгээрт зэвсгийн агуулах сум хэрэгслүүд детонацид орж дэлбэрч буйг харуулсан байна.  Украины зэвсэгт хүчний Ерөнхий штабын Telegram сувагт нийтэлсэн мэдээлэлдээ “19-нд шилжих шөнө зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд Брянск мужийн Карачев хотын ойролцоох материал-техникийн хангамжийн төвийн 1046 тоот агуулах руу гал нээсэн” гэжээ.


“Шөнийн 02.30 цагийн байдлаар 12 удаа дэлбэрэлт болсон бөгөөд Оросын зэвсэгт түрэмгийллийг зогсоохын тулд Оросын армийн агуулахууд руу цаашид үргэлжлүүлэн дайрах болно” гэжээ.


Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, 19-нд шилжих шөнө Украины зэвсэгт хүчин Америкийн холын тусгалтай ATACMS ангиллын 6 пуужинг Брянск муж дахь цэргийн байгууламж руу харвасан байна. Тэдгээрээс тавыг нь зенитийн пуужингийн С-400 систем ба зенитийн пуужин-их бууны “Панцирь” цогцолборын бие бүрэлдэхүүн устгасан ба нэг нь “эвдэрчээ”. Пуужингийн зарим хэсэг цэргийн объектын дотор унасны улмаас гал гарсан боловч тэр даруйд нь унтраасан бөгөөд хүний амь эрсдээгүй, эвдрэл сүйтгэл учраагүй гэж БХЯ-ын мэдээлэлд дурджээ. 



Б.Адъяахүү