СУХУМ, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Абхаз Улсын төрийн тэргүүн Аслан Бжания огцрох хүсэлтээ тус бүс нутгийн “парламентын дарга”-д өргөн барьсан байна. Уг баримт бичгийн хуулбарыг А.Бжаниягийн хэвлэлийн алба мягмар гарагт шилжих шөнө нийтэлжээ.
Тэрбээр “тогтвортой байдал”, эмх журмыг алдагдуулахгүй байх үүднээс ийм алхам хийсэн гэж тайлбарласан байна. Албан тушаалаасаа огцроход бэлэн гэдгээ А.Бжания хоёр хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд ингэхдээ олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалд оролцогчдод хандан засгийн газрын ордныг орхин явах нөхцөлийг тавьсан юм.
Хэрэв энэ нөхцөлийг нь 11 дүгээр сарын 19-ний өдөр буюу өнөөдөр биелүүлэхгүй бол огцрох хүсэлтээ эргүүлэн татна гэдгийг А.Бжаниягийн хэвлэлийн алба онцолжээ. Түүний хүсэлтийг Абхазын "парламент" өнөөдөр хэлэлцэх ёстой.
А.Бжанияг огцорсны дараа тус бүс нутгийг дэд ерөнхийлөгч Бадра Гунба удирдана.
Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Абхаз Улсад олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөх болсон шалтгаан нь Оростой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ юм. Уг баримт бичиг нь Оросын компаниудад тус бүс нутагт хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байгаа юм. Москватай байгуулсан энэ гэрээ “ашиг сонирхлоо гаргуунд нь хаясан хэрэг” гэж Абхазын сөрөг хүчнийхэн үзэж байгаа ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0