sonin.mn

ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /Reuters/. Израилын талтай гал зогсоох тухай АНУ-ын дэвшүүлсэн саналыг Ливан улс болон шиит шашинтнуудын "Хезболлах" бүлэглэл хүлээж авсан тухай Ливаны парламентын даргын туслах Али Хасан Халиль мэдээлжээ. Түүний ярьснаар, Ливаны тал Бейрутад суугаа Америкийн Элчин сайд Лиза Жонсонд даваа гарагт бичгээр хариу илгээсэн байна. Гал зогсоох тохиролцоонд хүрэхийн тулд урьд урьдахаас илүү хүчин чармайлт гаргасан бөгөөд одоо бүх зүйл Израилын талаас шалтгаална гэж Али Хасан Халиль хэлээд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати өмнө нь мэдэгдэхдээ, тус улсын эрх баригчид одоо АНУ-ын элч төлөөлөгч Эймос Хокстинтой хэлэлцээрийн заалтуудыг нэг бүрчлэн хэлэлцэнэ гэжээ. АНУ-ын элч төлөөлөгч Бейрутад удахгүй хүрэлцэн ирэх аж. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг